
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий шигшээ тэмцээн энэ жил орон нутагт болно. Тодруулбал энэ сарын 17-26-нд Эзэн Богд Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн Дадал суманд болох юм.
1982 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд анх зохион байгуулагдсанаас хойш 25 жилийн дараа Хэнтийн аймгийн Дадал суманд болж буйгаараа онцлог юм. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Монголын шатрын холбоо, Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл, хамтран зохион байгуулагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байна. Мөн оюуны спортыг дэмжигчээр “Магнай Трейд” групп, Төрийн банк.
Шилдэг 10 шатарчин Т.Батчимэг, С.Мөнхгал нартай өрсөлдөнө
УАШТ-ий шигшээ тоглолтод хагас шигшээ тоглолтоос шалгарсан эрэгтэй, эмэгтэй шилдэг 10 шатарчин өнгөрсөн жилийн аваргууд болох ОУМ, ИМЭ, Гавьяат тамирчин Т.Батчимэг, ОУМ С.Мөнхгал нартай өрсөлдөнө.
Эрэгтэйчүүдийн ангилалд Ц.Батчулуун, У.Насанжаргал, Б.Ариунбүүвэй, Д.Батсүрэн, Р.Амгаланбаатар, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, Б.Галмандах, Ц.Алтанбаяр, Г.Энхнар нар шалгаран үлдсэн билээ. Мөн эмэгтэйчүүдээс О.Өлзийхишиг, Б.Амина, улсын хошой аварга Д.Янжиндулам, Б.Ану, Э.Хулан, У.Лхамсүрэн, Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, Б.Анхчимэг, Г.Баярмаа, Т.Номиндалай нар шигшээд өрсөлдөх болзлоо урьдчилсан шатаас аваад байна.
Г.Амартүвшин дээд амжилт тогтоов
Энэ жилийн шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий хагас шигшээ тоглолт өнгөрөгч хоёрдугаар сард Улаанбаатар хотноо болсон. Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 70, эмэгтэйчүүдийн ангилалд 48 шатарчин оюун ухаанаа сорьсноос шилдэг 10 нь цааш өрсөлдөх эрхээ авсан юм. Тиймээс УАШТ-ий хагас шигшээ тоглолтод үзүүштэй тоглолтууд олон гардаг. Мөн эндээс тамирчдын чансаа, бэлтгэл харагддаг билээ.
2017 оны УАШТ-ий шигшээ тогтолтод шалгарсан тамирчдын дундаж нас нь 22.7 байна. Эндээс олон амжилтууд шинэчлэн тогтоогдсон. Тодруулбал, 2001 онд ОУМ Г.Мөнхгал 12 нас 6 сартайдаа шигшээ шатанд шалгарч байсан дээд амжилтыг ОУШХМ Г.Амартүвшин 12 нас 1 сар хүрээгүй байхдаа шинэчлэв. Мөн энэ удаагийн тэмцээнд оролцогчдын тал нь буюу зургаан тамирчин анх удаагаа оролцож байна.
Улсын аварга Ц.Батчулуун хамгийн олон буюу 16 удаа оролцож байгаа нь бусдаасаа ялгарахуйц амжилт болж байгаа юм. Эрчүүдийн хувьд шатрын нэгэн үе шинээр төрөн гарч буй нь илт мэдрэгдэв.
УАШТ-ий хагас шигшээ тоглолтоо харахад эрчүүдийн дундаж нас өссөн бол эмэгтэйчүүдэд өсвөрийн шилдэг тамирчид олон гарч байгааг харууллаа. Мөн ахмад шатарчид шигшээд өрсөлдөх хэмжээнд бэлтгэгдэж байна. Энэхүү жишээг 50 насны босгийг даваад байгаа Г.Баярмаа давтаад байна. Тэрбээр 50 гаруй насандаа хоёр дахь удаагаа УАШТ-ий шигшээд өрсөлдөх гэж байна. ОУШХМЭ Ж.Хулганаа агсан 52 насандаа УАШТ-ээс медаль авч байсныг эс тооцвол шигшээ тэмцээн өрсөлдөөн ихтэй байх бололтой.
Шатрын насанд хүрэгчдийн УАШТ Хэнтий аймагт болно | ||
Үзсэн: 1221 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.