
БНСУ-ын Намянжү хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хооронд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Иймд манай улсын уран бүтээлчид дээрх хотод очиж, урлагийн тоглолт үзүүлэхээр болоод байна. Өмнөх жилүүдэд ч энэ байдал алдагдаагүй билээ.
Энэ жилийн тоглолтод оролцох уран бүтээлчдийн сонгон шалгаруулалт СТӨ-нд өчигдөр болсон бөгөөд Намянжү, Улаанбаатар хот болон UBS телевиз гэсэн гурван тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн “Нийслэлийн соёл урлагийн газраас зарласан энэ удаагийн сонгон шалгаруулалтад нийт 120 гаруй уран бүтээлч бүртгүүлээд байна. Үүнд Намянжү хотод өмнөх жилүүдэд болсон тоглолтод оролцож байсан ч уран бүтээлч бий. Анх удаа бүртгүүлсэн хүн ч олон байна. Бид сонгон шалгаруулалт зарлахдаа төрөл заагаагүй. Үндэсний хөгжмийн бүх төрлөөр бүртгэсэн. Дээр нь Намянжү хотод байдаг соёлын хотхонд зөвхөн хөгжимчдийн уран бүтээл тавигддаггүй. Морин үзүүлбэр бас байгаа. Тиймээс 10 гаруй уран бүтээлчтэй морин циркийн үзүүлбэр үзүүлнэ. Энэ жил бид шүүгчдийн бүрэлдэхүүнээ мэргэжлийн багш, судлаач, хөгжмийн зохиолчдоор бүрдүүлсэн. Сонгон шалгаруулалт маргааш, нөгөөдөр Соёлын төв өргөөнд явагдана” гэв.
Харин Намянжү хотын Соёл, аялал жуулчлалын газрын дарга Жон Хэ Гён “Манай хотод байрладаг Монголын соёлын хотхонд Чингис хаанаас эхлээд Монголын хаад, үндэстэн угсаатны зан заншил, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхим байдаг. Үүнээс гадна Монгол ардын дуу, бүжиг, хөгжим зэргийг үзүүлдэг язгуур урлагийн тоглолтыг жил бүр тогтмол найман сарын хугацаанд явуулдаг. Энэ жилийн тоглолт дөрөвдүгээр сарын дундаас 11 дүгээр сарыг дуустал явагдана” хэмээсэн юм.
БНСУ-ын Намянжү хотод манай уран бүтээлчид тоглоно | ||
Үзсэн: 479 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.