Шууд Chart

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж уурхайн ам цооногийг хааж эхэллээ

2017-03-17 11:05:38

Налайх дүүргийн нүүрсний уурхайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ.

Тус дүүрэгт ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн зургаа нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна.

Тэгвэл зөвшөөрөлгүй 100 гаруй ам, цооногт 1000-аад хүн ажиллаж байна.  Өнгөрсөн онд л гэхэд 12 уурхайчин амь насаа алджээ.

Налайх дүүргийн II хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж эхэлсэн байна.

Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч бодит байдалд 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна. Хажууханд нь гэр хорооллын суурьшлын бүс байдаг бөгөөд айлуудын хашаа байшинд цууралт үүсч эхэлж байгааг оршин суугчид хэлж байв.

Эхний ээлжинд энэ хэсгийн уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, “УБЦТС” ХК-ийн Налайх түгээх төв зэрэг холбогдох байгууллагатай хамтран бүрэн зогсоож, 20 гаруй ам цооногуудыг булах, нөхөн сэргээлт хийх зэрэг ажил эхнээсээ хийгдэж байна.

Нэгэнт байгаа байгалийн баялагийг ашиглаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх нь иргэдийн буруу биш боловч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах нь чухал юм. Тиймээс бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам бүхий Засгийн газрын 308 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахаар болж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, “Сүмбэр худаг” ХХК, есөн нөхөрлөлтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гурвалсан гэрээг байгуулан ажиллаж буй.

Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайг хааж, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж уурхайн ам цооногийг хааж эхэллээ  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй