Шууд Chart

Дэлхий даяарх яруу найрагчид маргааш баярлана

2017-03-20 12:40:10

ЮНЕСКО-гоос 1999 оноос эхлэн “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрүүлэхийг зарлан тунхагласан. Иймд тус өдөр маргааш тохиох гэж байна.

Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай.

Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-оос зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, тэмдэглэсээр байна. Монголын соёл яруу найргийн академи ч гар бие оролцдог. Хийсэн ажлыг нь онцолбол Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн яруу найргийн номыг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ орчуулан гаргасан.

Эцэг өвгөдөөс уламжлан ирсэн яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй сургаалийн шинжийг агуулдаг бөгөөд Их хүмүүн Б.Ренчин "Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, чин зоригт дээдсийн минь өв их эрдэнэ" хэмээн эх хэлнийхээ яруу сайхан магтан хэлсэн байдаг.  

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх  боломжтойг онцолж буй хэрэг билээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн дурсамж хөтөлбөрт шүлэг яруу найргийн баримтат өвийг бүртгэн авч хадгалдаг бол хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд мөн шүлэг яруу найргийн бүтээлийг бүртгэн авдаг байна. Хамгийн сүүлд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтанд  хүлцэл тэвчил, харилцан ойлголцолын талаар бичсэн Ливан улсын эртний Ал-Зажал хэмээх шүлгийг бүртгэн авсан байдаг билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхий даяарх яруу найрагчид маргааш баярлана  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй