Шууд Chart

Шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ

2017-03-21 15:42:40

Өнөөдөр 09:30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороо Сансарын тунель орчимд Ч41 буюу Баруунсалаа-Халдвартын чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобус шатсан хэрэг гарсан. Автобус 2007 онд БНСУ-д үйлдвэрлэгдсэн Монгол Улсад 2016 оны тавдугаар сард импортоор орж ирсэн “НЧБ” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ.

Гал гарсан гэх дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах, гал унтраах 010 дугаар ангийн бие бүрэлдэхүүн яаралтай очиж галыг бүрэн унтраасан байна. Автобусанд 6-7 зорчигч үйлчлүүлж байсан. Гэмтсэн, бэртсэн, угаартсан хүн байхгүй аж.

Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Автобаазуудад өглөө бүр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг шалгах механикууд байдаг. Автобусны гэрэл дохио, өнгө үзэмж зэргийг шалган гаргадаг. Далд цахилгааны асуудлыг тэр бүрчлэн шалгах боломж байдаггүй. Гал гарсан шалтгаан болон хохиролын хэмжээ 14 хоногийн дараа гарна. Тэр үед дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Н.Нямхорлоо “Дуудлагын дагуу аврах гал унтраах ангийнхан очиход зорчигчдийг бүрэн буулгасан байсан. Гал мотор буюу хөдөлгүүрийн хэсгээс гарч тархсан байсан. 20 минутын дотор галыг бүрэн унтраасан” хэмээсэн юм.


Шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй