Шууд Chart

Р.ГАНДИЙМАА: ММ агентлагийн төдийгүй МNB-ийн брэнд болгоно

2013-11-08 12:43:47

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс зөвхөн гишүүдийнхээ хүрээнд 6.2 сая төгрөгийн шагналын сан бүхий нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг “Эдийн засгийн тогтвортой хөгжил” сэдвээр зарлаж дүнгээ гаргажээ. Уралдаанд Сонин сайт”, “Радио телевиз” гэсэн үндсэн  хоёр төрөлд 30 орчим сэтгүүлч бүтээлээрээ өрсөлдсөн байна.Радио, телевизийн шилдэг бүтээлийн тэргүүн байрт “Eagle news” телевизийн тоймч Ц.Ганзоригийн “Тоон тойм” нэвтрүүлэг шалгарсан бол удаах байранд ММ агентлагийн тоймч Р.Гандиймаагийн “Мөнгөний эргэлт”, гуравдугаар байранд МҮОНР-гийн Хурд агентлагийн редактор А.Энхтуулийн “Хар алт: Өчигдөр, өнөөдөр, маргааш” бүтээлүүд шалгарсан байна.

-       Эдийн засгийн сэдвээр бичдэг, сэтгүүлчдийн дунд зарласан уралдаанд өмнөх амжилтаа бататгалаа. Хэдийнээс энэ төрлөөр дагнан ажиллах болсон бэ?
 
Манай ММ агентлаг улс төр, эдийн засаг, соёл, байгаль орчны сэдвээр хүмүүсээ мэргэшүүлье гэхэд зориг гарган хамгийн түрүүнд эдийн засгийн салбарыг нь барьж авсан юм. ММ агентлагаас энэ сэдвээр өөр олон хүн дагнаж бичээгүй л дээ. Анх 2011 онд “Цагийн хүрд” хөтөлбөрөөр эдийн засгийн булан гаргаж байсан. Үүнийгээ ахиулаад өнгөрсөн жилээс 7 хоног тутмын “Мөнгөний эргэлт” бие даасан нэвтрүүлэг хийж эхэлсэн дээ. Миний хувьд энэ сэдвээрээ амжилт олохын тулд үргэлж унших, мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг. Одоогоор би зөвлөгөө авдаг багштай, бас сайн эдийн засагчтай хамтран ажиллаж эдийн засгийн салбарт болж байгаа үйл явдлыг цаг алдалгүй авч байна.
 
-       Энэ удаагийн уралдаан өмнөх уралдаанаас ямар ялгаатай байсан бэ?
 
Энэ удаагийн уралдаанд телевизийн 20 гаруй, сонин сайтын бүтээл илүү олон өрсөлдсөн. Уралдааны шагналын сан нэмэгдсэн байна. Эдийн засгийн сэдвээр мэргэшсэн сэтгүүлчид жилээс жилд сайжирч байгаа нь уралдаанаас харагдаж байлаа. Сэдвийн хувьд өргөн агуулгатай, оролцож байгаа уран бүтээлчид ч маш их ач холбогдол өгч байлаа. Энэ уралдаанд тэр түрүүлэх байх гэсэн таамаг хүртэл тавьсан нь хүмүүст хүлээлт үүсгэсэн, өрсөлдөөнтэй нэр хүндтэй уралдаан болсныг илэрхийлж байсан.
 
-       Таны бүтээлийн сэдэв, агуулгын хувьд...
 
“Монголын нүүрс зах зээлээс шахагдаж эхэллээ”  сэдэвтэй. Өнгөрсөн 3 сард Хятад, Орос улс нүүрсний салбарт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан тухай олон улсын мэдээгээр яриад л өнгөрсөн. Энэ мэдээг сонсоод “Хэрвээ энэ үйл ажиллагаа хэрэгжээд ирэхэд манай улсад ямар их хохирол үзэх билээ” гэдэг талаас нь эх сурвалж, судалгааны үндэслэл гаргаж энэ нэвтрүүлгээ бэлтгэсэн юм. Урдаа байгаа зах зээлийг хойшоо алдах юм бол монголд ямар хор хохиролтой юм бэ? Нүүрсний зах зээл шахагдлаа, алдах нь... төрийн бодлого илүү хүчтэй чанга байх ёстойг нэвтрүүлгээрээ харуулахыг зорьсон.  
 
-       Сэтгүүлчдийн дунд зарлагддаг бусад уралдаанаас ялгагдах талыг та юунд байна гэж харж байна?
 
Эдийн засгийн салбарт болж байгаа асуудал, анхаарал татаж байгаа сэдвүүд өнгөц харахад тоймтой хэдхэн сэдвүүд байх шиг боловч маш чамбай, няхуур, тоо баримт нотолгоон дээр тулгуурлаж хийгддэг юм. Балдорж сангийн уралдаан гэхэд ерөнхийдөө сэтгүүлзүйн шалгуур болон хөндсөн сэдэв нь чөлөөтэй байдаг шүү дээ. Эдийн засаг бол тухайн сэтгүүлчийг мэргэшихийг шаарддаг.
 
-       Эдийн засгийн нэвтрүүлэг дээрээ хэрэгжүүлэх бодлогын талаар ....
 
Тогтмол хэвлэл сонинг бодвол эдийн засгийн салбараар мэргэшсэн телевизийн сэтгүүлч болоход маш хэцүү юм шиг санагддаг. Хамгийн гол нь бусдаас шалтгаалах буюу хамтын бүтээлээр гардаг  гэдэг утгаараа л даа. 2013 оны төгсгөлөөр шинэ сүлжээнд миний тавьж байгаа зорилго бол нэвтрүүлгээ оргил цаг дээр тавиулж улам олон үзэгчтэй болгохыг зорьж байна. Учир нь үзэгчид маань 19 цаг гэхэд гэртээ арай л харьж амжаагүй байдаг. Олон үзэгчтэй нэвтрүүлгийн нэг болж чадаж байгаа ч нийтийг хамран үзүүлэхэд бас өөр шаардлага гарна. Энэ уралдаанд МҮОНТ-ийн брэнд нэвтрүүлэг гэж зарлахад надад маш сайхан санагдаж байлаа. Манай ММ агентлаг энэ нэвтрүүлгийг сайжруулах талаас нь шинэ тайз хийж өгөх гэж байна. Цаашид энэ нэвтрүүлэг маань зөвхөн ММ агентлагийн нэвтрүүлэг биш, МNB-д хэрэгжүүлэх томоохон төсөл болоосой гэж бодож байна.
 
 
А.ЭНХТУУЛ : Сонсогчдын хэрэгцээнд л зориулах болно
 
-        “Эдийн засгийн сэтгүүлч”-дийн уралдаанд 3-р байр эзэлсэнд баяр хүргэе.
 
Баярлалаа. Би үндэсний радиод ажиллаад 6 жил болж байна. Сүүлийн 5 жилд эдийн засгийн чиглэлээр дагнан нэвтрүүлгээ бэлтгэж байгаа. Өмнө нь МУСГЗ зохиолч сэтгүүлч Товуучийн Бямбадорж гуай эдийн засгийн нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг байсан юм. Энэ хүний нэвтрүүлгийг уламжилж аваад, тэр хэмжээнд нь авч явахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Миний хувьд энэ уралдаанд анх удаа оролцож радио, телевизийн төрөлд амжилт гаргаж тэр дундаа дүрслэлийнхэнтэй энэ зэрэгцэж чадсандаа маш их баяртай байна.
 
 
-       Уралдаанд таны хувьд ялгарч чадсан зүйл юу байв? 
 
Энэ уралдаанд оролцсон бүтээлүүд ихэнх нь “нүүрс” гэсэн сэдэвтэй байсан л даа. Өмнө нь зэс манай улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байсан бол 2009 оны хямралаас хойш улсын төсвийн орлого мөн экспортын орлогын дийлэнхийг нүүрс бүрдүүлэх болсон тул энэ сэдэв аргагүй чухал байсан. Миний хувьд сүүлийн үед гол түүхий эдийн экспорт нь яагаад буурах болов, цаашид яах ёстой вэ, нүүрсэн дээр тулгуурласан эдийн засагтай манай улсын хувьд ямар сөрөг үр дагавар авчирч байна вэ гэдгийг “Нүүрсний зах зээл өчигдөр, өнөөдөр, маргааш” нэвтрүүлэгтээ бодит нөхцөл байдал долоо, найман эх сурвалж, тоо баримт ашиглан гаргасан.
 
-       Жил бүр зохион явуулдаг энэхүү уралдаанд дараа ийм л бүтээл оруулна гэх бодол төрөв үү?
 
Энэ уралдаанд би эдийн засгийн нэвтрүүлгээрээ онцлон хийж байсан дугаараа өгсөн юм. 7 хоногт гурван удаа эдийн засгийн нэвтрүүлгийг сонсогч олондоо хүргэдэг. Тиймээс уралдаанд гэхээсээ илүү эдийн засгийн нэвтрүүлэг сонсдог сонсогчиддоо зориулан тэднийхээ хэрэгцээг хангасан шаардлагатай нэвтрүүлгийг байнга хүргэж байгаа үед бол уралдааны бүтээл бэлэн л
гэж бодож байна.
 
-       Амжилт хүсье.
 
 
Н.Мөнхцэцэг

Р.ГАНДИЙМАА: ММ агентлагийн төдийгүй МNB-ийн брэнд болгоно  
Үзсэн: 4252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-11-09 09:08
Yagaad iim faiz barichihsan zurag taviad bdag yum be...arai uur zurag tavij boldoggui yum bh daa

Бидэнтэй нэгдээрэй