Шууд Chart

Хотын дарга хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцлаа

2017-04-01 10:47:47

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Хотын дарга нэн тэргүүнд хаягдал дугуйг буталж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтанг үйлдвэрлэдэг “Инархис” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орших уг компани байгуулагдаад 8 жил болж буй аж. Энэ хугацаанд нийт автомашины 8 сая хаягдал дугуйг буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэсэн байна. Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр учирлав.

Тэрбээр, “Бид өөрсдөө дугуй засварын газруудаар явж, хаягдал дугуйг худалдаж авдаг. Байршлаас нь шалтгаалаад 150-350 төгрөгийн үнэтэй байна. Манайхтай ижил хоёр ч үйлдвэр байгуулагдсан ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Энэ нь борлуулалттай холбоотой. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерт ихэвчлэн БНХАУ-аас хавтан оруулж ирдэг аж ахуйн нэгж шалгардаг. Шалтгаан нь үнэ нь хямд. Тухайн бүтээгдэхүүн нь чанаргүй байсан ч тендерийн хуулиар хамгийн хямд үнэ санал болгосныг нь шалгаруулдаг. Би анхандаа бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг байсан бол одоо насан туршийн баталгаа өгдөг болсон. Манай бүтээгдэхүүнээр барьсан хүүхдийн талбайн хавтан гэмтлээ гэхэд бид үнэгүй солиод өгнө. Гэмтсэн хавтанг үйлдвэртээ авч ирээд дахин боловсруулах юм. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, нийслэлийн удирдлагууд ч гаднын чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй гэж хүсч байна” гэлээ.

Тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг судлахаа илэрхийллээ

“Инархис” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, Гурвалжингийн гүүрний ойролцоо дахин нэг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа аж. Тухайн үйлдвэр нь одоогийнхоос 4 дахин их хүчин чадалтай юм. Уг үйлдвэрийг ашиглалтад оруулбал, нийслэл хаягдал дугуйн асуудлаас бүрэн ангижрах боломжтой аж. Үйлдвэрийг байгуулахад 600-700 сая төгрөг шаардлагатай бөгөөд нийслэлээс хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хаягдал дугуйг бутлах үед дотроос нь 60 хувийн ган, 40 хувийн төмрийн агууламжтай металл гардаг байна. Уг металлийг БНХАУ руу гаргаж, тодорхой орлого олдог байсан ч 4 жилийн өмнө төмрийг гаргахыг хориглосон байна. Үүнтэй холбогдуулан их хэмжээний хаягдал төмөр гарч байгаа аж. БНХАУ-д энэхүү төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 10 мянга гаруй аж ахуйн нэгж байдаг хэмээн тайлбарлав. Тус компаниас Буриад, Якутын аж ахуйн нэгж ирж туршлага судалсан бөгөөд үйл ажиллагаа нь өндрөөр үнэлэгдсэн байна. ОХУ “Инархис”-тай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжид тонн тутамд нь 300 ам.долларын дэмжлэг үзүүлдэг аж.

Хотын дарга С.Батболдын зүгээс Н.Мөнхбаярт дугуйн дотроос гарч буй төмрийг дахин боловсруулах үйлдвэр байгуулахыг зөвлөв. Мөн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг судлахаа илэрхийллээ.

Дараагаар нь хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 22 дугаар  хорооны иргэн Б.Гантулгынхаар зочлов. Б.Гантулга нь нь хувиараа хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт борлуулдаг байна. Хог хаягдлаа өөрийн хашаандаа ангилан ялгадаг бөгөөд энэ нь ойр орчимд амьдарч буй өрхүүдэд хүндрэлтэй байдаг гэдгийг хэлээд хүн амын суурьшлын бүсээс гадна газар авах хүсэлтэй байгаагаа хотын даргад уламжиллаа. Тэрбээр, “Би нэг портер хуванцар сав үйлдвэрт тушаагаад 50 мянган төгрөгийн л ашиг олдог. Хуванцар сав хэт хөнгөн тул ачихад овор ихтэй харагддаг. Тэгээд тээвэрлээд явж байхад замын цагдаа нар зогсоож, даацын хэмжээ хэтрүүллээ хэмээн торгууль ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, олсон ашгаараа ихэвчлэн торгууль төлдөг хүндрэлтэй тал бий. Тиймээс хотын захад газартай болоод, аж  ахуйн нэгжүүд өөрсдөө очоод авдаг болчихвол асуудлаа бүрэн шийдвэрлэж чадна” гэлээ.


Хотын дарга хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдтэй танилцлаа   
Үзсэн: 1484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй