
Бараг бүтэн жарны турш, хоёр зуун дамнан Оросын яруу найрагт ноёлсон билиг танхай найрагч Евгений Евтушенко таалал төгсчээ.
Шүлэг найрагт нойл болохоор энэнээс цаашхийг, тухайлбал түүний бичсэн энэ нь ийм мундаг, тэр нь тийм сүпер гэж хэлж мэдэхгүй юм. Харин Е.Евтушенко Монгол хүнтэй санаанд оромгүй нэгэн нарийн холбоотой байсан нь гарцаагүй баримт билээ. Тээр жил Монголд ирж байсныг нь хэлэх гээгүй, тэрнээс аль эртийн юм.
Е.Евтушенко 1980 онд манайд ирсэн байх. Энэ хэлэх гээд байгаа баримтыг Монголчууд тэгэхэд л анх дуулсан болов уу. Тэгж ирэхэд нь манайхан ёс горимын дагуу хөл алдан хүлээж авч, хөдөөгүүр зочлуулж их юм үзүүлсэн байдаг. Оросын тухайн үеийн хамгийн аварга яруу найрагч болохоор арга ч үгүй юм. Тэгж явах үед хөдөө айлд олон хүн цуглан, найр наадам үүсгэж байхад Е.Евтушенко хундаганы үг хэлэхээр босоод “Би монгол эхийн ариун цагаан сүүг хөхөж хүн болсон хүн” гэж палхийтэл хэлжээ. Гэрт байсан улс том багагүй цочсон юм байлгүй. Тэгээд мань ах учрыг хэлж олон амьтны цочроог гаргаж. Е.Евтушенко бол Сибирийн төмөр замын Зима гэдэг өртөөнд төрсөн хүн гэдэг. Одоо бол хотын зэрэгтэй болсон, Эрхүүгээс баруун хойшоо 230 километрт, Оросууд хожмоо Ока болгосон, уул буриадаараа бол Аха хэмээх их голын зүүн эрэгт байдаг. Энэ Зима гэдэг бол Орос хэлний өвөл гэсэн үгтэй ямар ч хамаагүй, буриад үгнээс гаралтай.
Цөллөгийн улс их байсан, тэднийг буриадууд зэмтэй хүмүүс гэж хэлдэг байснаас Зима гэдэг нэр үүссэн гэнэ. Е.Евтушенког эх нь 22 настайдаа төрүүлжээ. 1932 онд, их тарчиг ч цаг байж. Залуу эхийн хөхнөөс сүү гардаггүй, хүүгээ тэжээж чаддаггүй, арга барагдаж эрэл сурал болж байтал мөн амаржаад удаагүй нэг залуухан эх таарчээ.
Тэр эх буриад хүн байж. Нутгийн ч хүн байжээ. Ингээд ирээдүйн их орос найрагч тэр буриад эхийн хөхийг хөхөж хүн болсон байна. Найрагч манайханд энэ тухай товч боловч яриад “Би хожим хойш урагш олон явахад тэр өртөөгөөр байнга дайрдаг. Дайрах болгондоо тэр буянт эхийн шарилд цэцэг тавьдаг заншилтай болсон” гэжээ.
Тэгэхэд тэнд явж үүнийг чихээрээ сонссон манай олон зохиолч, яруу найрагч энэ тухай зохиол номдоо тэмдэглэсэн, дурдсан эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан Лодонгийн Түдэв абугай 80-аад оны сүүлээр гарсан нийтлэлийн нэг номдоо (нэрийг нь санахгүй байна) товч өгүүлсэн байдаг.
Е.Евтушенко энэ түүхээ нэг их олон газар яриагүй байх. Ер нь Монгол хүнд л сонин уу гэхээс биш, бусад хүнд хүртээл ч үгүй л биз. 2015 оны зургадугаар сард тэрбээр Улаан-Үдэд анх удаа ирсэн юм. Ингээд сэтгүүлчидтэй уулзахдаа “Буриад гэхээр сэтгэлд нэг л дотно байдаг” гэж байгаад мөн энэ түүхээ ярьсан байдаг. Тэгээд “Энэ учир миний хэн болоход яавч нөлөөлсөн байж таарна” гэж хэлсэн бий.
Нөлөөлсөн ч бай үгүй ч бай, цагийг эзэлсэн энэ Орос найрагчийн хувь заяа Монгол хүнтэй нэг ийм шижмээр холбоотой байсан нь сонирхолтой л юм. Ер нь тэр жил Монголд ирээд нэлээд хэд хонохдоо түүний хэн хэнтэй хаагуур явж, юу үзэж харж, юу хэлж ярьж, хэнтэй уулзаж, юу юу хийсэн тухай юм хийвэл бүр ч сонирхолтой бөгөөд оройтоогүй. Тэр тухай ярих хүүрнэх өдий төдий улс амьд сэрүүн, архивын баримт сэлт нь олдоцтой сайхан байгаа цаг санж. За ямар ч байсан агуу Е.Евтушенко таалал төгслөө, насаараа л түүнтэй нэг цаг үед амьдарлаа даа, ах Сугавадийн оронд төрөх болтугай.
Оросын яруу найрагт ноёлсон билиг танхай Евгений Евтушенко таалал төгсчээ | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.