Шууд Chart

Д.Баттөмөр, Б.Отгонтуяа нар шилдгээр шалгарлаа

2017-04-04 10:59:01

Хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураач, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, өөрсдийн сор болсон бүтээлүүдээ толилуулахын зэрэгцээ шилдгүүдээ тодруулдаг “Азтай бадарчин” Монголын хошин урлагийн их наадам ард түмэндээ эргэн ирлээ.

Хошин урлагийнхан өчигдөр Соёлын төв өргөөний тайзнаа чуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулсан тус наадам 13 жилийн дараа ийнхүү үзэгчиддээ хүрч байгаа нь энэ юм.

Энэ үдэш “Азтай бадарчин-1994” наадмын алтан цомын эзэн, тус наадмыг санаачлагч Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяа, “Азтай бадарчин-1996” наадмын алтан цомын эзэн, Л.Чаминчулуун, “Азтай бадарчин-1998” наадмын алтан цомын эзэн Д.Жагдаг, “Азтай бадарчин-1999” наадмын алтан цомын эзэн Д.Галсантогтох, Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын хошой эзэн, яруу найрагч Ц.Хулан нарын алдартан, хошин урлагийн ахмадууд шүүгчдийн суудлаас уран бүтээлчдэд дүн тавьлаа. Мөн үзэгчдийн дундаас таван хүнийг сонгон шүүгчдийн бүрэлдэхүүнд оруулсан юм.

Хошин урлагийн хамтлаг продакшнууд хамтран шилдэг номеруудаа толилуулснаас гадна шилдэг жүжигчний төрөлд нэр дэвшиж байгаа тус бүр таван эрэгтэй, эмэгтэй жүжигчинд шүүгчдийн зүгээс даалгавар өгч, авьяас чадлыг нь сорив.

Ийнхүү таван цаг гаруй үзэгчдийг инээлгэж, хөгжөөж, баярлуулсан наадмын хамгийн оргил үе ирж, шилдгүүдийг шалгаруулсан юм.

“Азтай бадарчин-2017” наадмын “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, “Шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Шинэ үе” продакшны жүжигчин Б.Отгонтуяа, “Шилдэг шог зураг”-ийн төрөлд алтан цомын эзнээр шог зураач А.Бат-Эрдэнэ нар тодорлоо.

Харин “Азтай бадарчин-2017” наадмын шилдэг хамтлагаар “Маск” продакшн шалгарч шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа гардуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Баттөмөр, Б.Отгонтуяа нар шилдгээр шалгарлаа   
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
baagii [202.9.43.xxx] 2017-04-05 08:28
Ta 2 mundag shvv otgoo bataa 2too bayar hvrgii amjilt !

Бидэнтэй нэгдээрэй