
Энэ удаагийн УИХ –д хоёр ч лобби бүлэг бий. Нэг нь УИХ-ын гишүүн Н.Учралын ахалж байгаа Инновацыг дэмжих лобби бүлэг, нөгөөх нь Оффшорын эсрэг лобби бүлэг. “Асуулт байна” ярилцлага энэ удаа УИХ-ын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг зочноор урьлаа. Тэрээр УИХ дахь Оффшорын эсрэг лобби бүлгийн ахлагчаар ажиллаж, мөн Монгол банкны сүүлийн 5 жилийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт хийх ажлын хэсгийг ахалж байгаа юм. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагдаж байгаа залуу гишүүний байр суурь үзэл бодлыг толилуулъя.
- Лобби бүлэг ч байгуулагдсан, оффшорын эсрэг хууль ч батлагдсан. Олон нийтэд таалагдаж байгаа нэг заалттай хамт батлагдаад байна л даа. Улс төрчид гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр мөнгө байршуулах боломжоо авч үлдэх гэсэн санаархал байсан ч энэ агуулгыг хасч чадсан нь Оффшорын эсрэг лобби бүлгийн нөлөө байсан юм болов уу гэж харагдаж байгаа. Лобби бүлэг яг одоо юу хийж байна?
- Оффшорын эсрэг гэгдээд байгаа хууль үндсэндээ нийтийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чиглэсэн хуульд нэмэлтээр орсон өөрчлөлт. Тусдаа хууль бол биш. Анх энэ хууль 2016 оны 10-р сард өргөн баригдсан. Энэ хугацаанд оффшорыг хориглохоосоо илүү хамгаалах чиглэлтэй байсан. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр оффшорт гардаг зөрчил нь гэр бүлийн гишүүдээрээ дамжуулсан зөрчил их хийдэг, мөнгө нуудаг байдал илт болсон. Ялангуяа Панамын баримт бичгээр, төрсөн эцэг эх, үр хүүхэд, ах дүүгийн нэр дээр данстай байсныхаа төлөө улс төрчид хуулийн хариуцлага хүлээж, өөрсдөө шүүх дээр очиж байгаа жишээ их олон улс оронд өрнөж, зарим нь хоригдож байгаа нөхцөл байдал үүсч байна.
Гэтэл манайд гэр бүлийн гишүүдийг нь огт хамруулахгүйгээр ийм хуулийн төсөл өргөн баригдсан. Миний хувьд түүнийг эсэргүүцэж, дуу хоолойгоо хүргэж , засахын төлөө ажилласан. Тэр явцад засах ямар ч боломжгүй, захиалгын шинжтэй юм байна гэдгийг ойлгоод энэ хуулийг буцаах захирамжийг Хууль зүйн байнгын хороонд гаргаж, гишүүд дэмжсэн юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 8-ны нэгдсэн чуулганаар байнгын хорооноос буцаах санал оруулж ирсэн. Гишүүдийн дийлэнх олонх нь энэ чигээр нь хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзээд дэмжээгүй. Ингэснээр энэ хууль хүч түрж нэлээн явсан юм. Улмаар хууль зүйн байнгын хороонд “хамаарал бүхий этгээд“ гэдгээр нь санал оруулсан юм. Хамаарал бүхий этгээд гэдэгт мэдүүлэг гаргаж байгаа хүний эцэг эх, ах дүү, үр хүүхэд, эхнэр нөхөр, хамтран амьдрагч гэх мэт хүмүүс орж байгаа.
Мөн түүнчлэн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдийг оруулж байгаа юм. Нэгдмэл ашиг сонирхолтой этгээд гэхээр ашгийн төлөө холбогдсон хувь хүн, хуулийн этгээд компани хамтарч байгуулчихаад тэр компанийн нэр дээр мөнгө нууж болохгүй гэсэн санаа. Энэ зохицуулалт зайлшгүй байх шаардлагатай гэж үзсэн. Нөгөө талаар эмчлэх, сурах зорилгоор Оффшор данс эзэмшихийг зөвшөөрсөн заалт нь учир дутагдалтай. Яагаад гэвэл Оффшор бүсэд очоод эмнэлэгт үзүүлээд дансандаа мөнгө хийгээд шинжилгээний баримтаа үзүүлээд хариуцлагаас мултарч болохгүй гэдэг байдлаар асуудалд хандсан. Энэ заалтыг огт байхгүй болгочих гэхээр Оффшор бүс гэдэгт 42 улс орж байгаа юм. Хонгконг, Швейцарь, Люксэнбург гэх мэт нэлээн олон улс оронд ялангуяа монголчууд маань сурдаг, ажилладаг, хөдөлмөр эрхэлдэг ийм улс орнууд. Тэнд дансандаа хөдөлмөрийнхөө хөлсийг тодорхой хэмжээнд банканд хадгалсны төлөө энд ирээд төрийн албанд орох эрхгүй байж болохгүй гэдэг чиглэлээр нь, хэрвээ тэнд мөнгө байршуулж байгаа бол түүнийгээ АТГ-т мэдэгдэх ёстой. Мэдэгдэнэ гэдэг нь цаана нь хяналт тавина гэсэн үг л дээ. Ийм зарчмын 5 өөрчлөлт оруулсан санал гаргаж, 4 нь дэмжигдсэн.
- Оффшор бүсэд данстай байх асуудлыг эсэргүүцсэн лобби бүлэг УИХ-д Эдийн засгийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх түр хороо байгуулахаа мэдэгдсэн. Тун удахгүй тогтоолын төслөө өргөн барина гэж байсан. Түр хорооны зорилго үйл ажиллагаа юу байхын бол?
- Оффшорын эсрэг бүлэг гэдэг бол гишүүдийн сайн дурын үндсэн дээр үүсэн байгуулагдсан нэгдэл. Бид Оффшорын эсрэг бүлгээрээ гадаадын хуулийн байгууллагуудтай хамтын ажиллагаа өрнүүлж эхэлсэн. Хууль бус үйл ажиллагааны эсрэг олон улсын байгууллагууд байдаг. Эдгээрт гишүүн болж байж бид мэдээлэл авах эрхтэй болно. Эрх зүйн хамтын ажиллагааг өрнүүлнэ. Түр хороо гэдэг нь УИХ-ын албан ёсны бүтэц. Энэ нь өөрөө тодорхой зорилготой байгуулагддаг. Зорилгоо биелүүлж УИХ-аас шийдвэр гаргаж байж татан буугддаг. Байнгын хорооны хэмжээний эрх мэдэлтэй нэлээн чухал субъект. Эдийн засгийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх түр хороо гэдэг нэрээр байгуулахаар бичиг баримтын бүрдлээ хангаж байна. Үүнийг УИХ-ын тогтоолоор баталдаг. Тогтоолын төслөө удахгүй өргөн барина. Оффшорын эсрэг болон Эдийн засгийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх түр хороо өргөн хүрээнд ажиллана. Зарим нарийн юм нараа хэлчих юм бол тодорхой саад тотгор үүсч, тогтоолын төслийг унагаах ажлууд явж болзошгүй учраас үүнээс цааш тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.
Оффшорын хуульд үл ойлголцсон, буруугаар тайлбарлаж байгаа мэдээлэл байгаа. Нэгдүгээрт, “хамаарал бүхий этгээд”-ийг хамаатан садан нийтээр нь хавтгайруулсан гэх буруу мэдээллийг албаны хариуцлагатай хүмүүсээс эхлээд ярьж байна л даа. Энд хамаатан садан төрөл төрөгсөд гэж хавтгайруулахгүй зөвхөн төрсөн эцэг эх, ах эгч дүү, үр хүүхэд, эхнэр нөхөр, хамтран амьдрагч гэсэн хүмүүсийг хамруулж байгаа юм. Энэ бол ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлсэн хуулийн хамрах хүрээнд байдаг. Угаасаа төрийн 38000 албан хаагч мэдүүлэг гаргадаг. Тэд эдгээр хүмүүсийнхээ талаар мэдээллээ мэдүүлдэг. Мэдүүлснийг нь АТГ шалгаж нятгалдаг. Зөвхөн ингэж мэдүүлснээр хуулийн хариуцлага хүлээж байгаа. Энэ хуульд хэд хэдэн ойлгомжгүй зүйлүүд байна гэж үзээд байгаа юм. Зарим талаар мушгин гуйвуулж хуулийг унагаах санаатай этгээдүүд байгаа, зарим нь цэц дээр очиж “хамаарал бүхий этгээд” гэсэн зүйлийг нь авч хаян анхны хувилбар руу нь оруулах гэсэн санаархагчид байгаа. Хоёрдугаарт, Оффшорт хөрөнгө хэзээ байршуулснаас нь үл хамааран мэдүүлэх үүргийг хүлээж байгаа. Гуравт, энэ хуульд барих, хорих, шийтгэх ямар ч ял байхгүй байна гэж байгаа юм.
Энэ хууль бол Оффшорт байгаа хөрөнгийг ил болгоход чиглэгдсэн хууль. Барьж, хорих, шалгах, шийтгэх зохицуулалт нь “Авилгын эсрэг” хуульд, Эрүүгийн хуульд маш тодорхой байгаа. Тэгэхээр энэ хууль бусад хуулиудтайгаа уялдаатай хэрэгжиж байгаа байхгүй юу. Хамгийн гол нь төрд алба хашиж байгаа 38000 хүнийг төрийн албаар нь дамжуулж хөрөнгийг нь ил болгоно. Бусад хүмүүсийг нь холбогдох хуулиудаар ил болгож шалгаж хариуцлага тооцох бүрэн боломжтой. Энэ хуулиараа хөрөнгөө ил болгочихоод ил болгосноороо тэр хүмүүс хариуцлагаас зугтаж байна гэсэн ойлголт огт биш. Мэдүүлэг гаргачихаад хариуцлагаас чөлөөлөгдөж байна гэсэн үг бол биш. Бүрэн уншиж танилцалгүй эсэргүүцсэнээр олон нийтэд ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхээр энэ хууль үндсэн хуулийн цэц дээр очно. Цэцэд очихдоо энэ хууль бүтнээрээ унахгүй. Зөвхөн “хамаарал бүхий этгээд”-ийг нь хүний эрх зөрчиж байна гэдэг байдлаар асуудал тавигдаад хамаарал бүхий этгээдийг хассанаар жинхэнэ Оффшорчдыг хамгаалсан нөхцөл байдал үүснэ. Яагаад гэвэл, гэр бүлийн гишүүдийг нь оффшорт данс эзэмшихийг нь хориглохгүй, зөвшөөрснөөр бусад эрүүгийн хуулийн шалгадаг, хариуцлага тооцдог тогтолцоо үйлчлэхгүй болох эрсдэл үүснэ.
-Оффшорын эсрэг яг ийм лобби бүлэг байгуулсан улс орнууд байдаг уу?
Улс орнууд өөрсдийнхөөрөө санаачилга гаргаж арга хэмжээ авч байна. Төр засгийн зүгээс маш их санаачлагчтай ажилладаг. Үүнд БНХАУ-ыг нэрлэж болно. ОХУ-ыг ч нэрлэж болно. Японыг мөн нэрлэж болно. Пакистаны ерөнхий сайд үр хүүхдийнхээ нэр дээр оффшорт хөрөнгөтэй байсных нь төлөө шүүх ажиллагаа явагдаж байна. Францад эдийн засгийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан хүн оффшорт данстай байсан нь нэлээн олон жилийн дараа нотлогдсон. Үүнтэй холбогдуулан өмнөх эхнэрийг нь хүртэл шүүх ажиллагаа явагдаж байна. Гэтэл манайд болохоор үүнийг хүний эрх зөрчлөө гэж үзэж байна. Их Британид бол татварын албанаас нь тусгай комисс гарч ажиллаж байгаа. Энэ бол хууль хяналтын байгууллагатай татварын алба нь хамтарч байна гэсэн үг юм. Ер нь эрх зүйн зохицуулалт нь манайх шиг ийм агуулгаар байхгүй. Яаж зохицуулж байна гэхээр Авилгын эсрэг хууль, Татварын хууль, Эрүүгийн хууль, Мөнгө угаахын эсрэг хуулиудаараа зохицуулаад явчихдаг.
- 40 орчим мянган хүн, тэдний ойр орчмын 120 гаруй мянган хүн 3 сарын дотор дансаа хааж хөрөнгөө эх орон руугаа татна гэсэн мэдээлэл нийгэмд их байна. Хэрвээ тэр хэмжээний хөрөнгө орж ирэх юм бол хүн болгонд 20 орчим сая төгрөг очих нь гэсэн мэдээлэл ч дуулдах болсон. Яг энэ мэдээлэл яваад ирэхээр С. Баяр, Сү.Батболд нараар жишээ авах нь бас их байна. Тухайлбал тэд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ 3 сарын дотор мэдүүлэх үү? Хууль үйлчилж чадах уу гэсэн эргэлзээ байна л даа?
Нэгэнтээ нэр ус нь ил болчихсон данс нь ил болчихсон хүмүүс хөрөнгөө ил гаргахаас өөр замгүй байдалд оруулсан ийм хууль байгаа юм. Зөвхөн мэдүүлснээр хариуцлагаас зугтахгүй. Мэдлүүлгийн дагуу авилгын эсрэг хууль, эрүүгийн хууль шалгаад явчихна. Нэр ус нь мэдэгдээгүй байгаа бусад хүмүүсийн хувьд дансыг нь илрүүлэх их хэцүү боломжгүй гэсэн тайлбарыг албаны хүмүүс хэлж байна. Үүнтэй би санал нийлэхгүй байгаа. Өнөөдөр бид, олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, хуулийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дээрээс нь мэдээллийн технологи маш их хөгжиж байна. Сэтгүүлчдийн хувьд нууц данс илрүүлэх, олон нийтэд мэдээлэх ажиллагаа эрчтэй явагдаж байгаа. Үүний улмаас мэдүүлэхгүй нууж байгаа бусдын хувьд хэзээ нэгэн цагт мэдээлэл нь ил болно. Ил болсноор энэ хүмүүс мэдүүлээгүйнхээ төлөө албан тушаалаасаа татагдах үндэслэл болно. Энэ бол маш том дэвшил. Гэхдээ хамгийн гол нь миний болгоомжлоод байгаа зүйл энэ хуулийн амин гол сүнсийг нь ойлголхгүйгээр эсэргүүцэж, хуулийн талаар буруу мэдээлэл явуулж, захиалгатай ажилласнаар 3 сарын дотор мэдүүлэхээсээ өмнө, 3 сарын хугацаанд үндсэн хуулийн цэц дээр асуудал үүсч хамаарал бүхий этгээдүүдийг нь хуулийн үйлчлэлээс хасах үйл ажиллагаа маш бодитойгоор явагдаж байна. Үүний эсрэг сэрэмжтэй байж хамтран ажиллахгүй бол нөхцөл байдал бодитой байдалтай байгаа.
- Нэг ийм мэдээлэл яваад байна. Оффшор бүсэд нийтдээ 21-32 их наяд америк долларын хөрөнгө байгаа. 5-8 их наяд америк долларын үл хөдлөх хөрөнгө нуусан. Энэ нь ихэнхдээ хөгжиж байгаа улс орнуудад байгаа гээд манайхтай холбоотой хэт том тоо яригдах болсон. Мэдээлэл үнэхээр баттай гэдгийг яаж тогтоох вэ? Хамгийн сүүлд Швейцарын банкинд нэлээд хэдэн сая ам.доллар нуусан мэдээлэл ирсэн гэж Даваасүрэн гишүүн мэдэгдсэн байналээ. ?
Оффшор бүсэд нийтдээ 21-32 их наяд америк доллар эргэлдэж байгаа. Энэ бол судалгааны тоо л доо. Жеймс Хенри гэдэг эдийн засагчийн хийсэн тооцоолол. Энэ хүний ОУВС, Дэлхийн банк, банк санхүүгийн хүмүүстэй хамтарч хийсэн судалгаа юм. 21-32 их наяд америк долларын тал хувь нь хөгжиж байгаа 40 орчим улс орнуудынх гэсэн тооцоолол хийсэн.
-Тэгэхээр Оффшорын эсрэг хууль Ерөнхийлөгчийн хоригийг даваад гарчихвал манайд хуулиас давсан журам гардаг, тэгэх юм биш байгаа даа гэсэн болгоомжлол байна?
Би Ерөнхийлөгчийг хориг тавина гэж бодохгүй байна. Тэр хүн чинь өөрөө дэргэдээ хуульчидтай, хуулийн зөвлөхтэй, мөн шинжээчид ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хуулийн буюу оффшорчдын татвараас зугтах схем нь юу байна, яг тэр төрсөн ах дүү, үр хүүхэд гэсэн хүмүүсээрээ дамжиж хийгддэг юм байна. Тэр схемийг нь бол хүмүүс маш сайн мэдэж байгаа. Нэгэнтээ энэ асуудал дээр тэмцэж байгаа юм бол тогтолцоогоор нь хамаарал бүхий схемээр нь оруулах нь зүйтэй гэж ерөнхийлөгчийн дэргэдэх шинжээчид ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хууль хэнийг ч өршөөгөөгүй гэдгийг ойлгочихсон харж байгаа. Яагаад гэвэл мэдүүлэг гаргаснаар хуулийн хариуцлагаас зугтах биш, мэдүүлэг гаргадаг хүнийг нь шалгадаг эрүүгийн хууль, бусад тогтолцоо нь энэ хуультай уялдаатай явж байгаа гэдгийг ерөнхийлөгчийн шинжээчид мөн л харж байгаа. Энэ хууль төрийн албан хаагчдыг төрийн алба хашиж байгаа хөшүүргээр нь дамжиж хөрөнгийг нь ил болгож улмаар шалгаж, хариуцлага тооцуулах үндэслэлтэй. Төрийн алба хашдаггүй, өмнө нь хашиж байгаад чөлөөлөгдсөн хүмүүсийг бусад хуулинд шалгадаг тогтолцоо нь бэлэн байна гэдгийг ойлгож байгаа. Тийм учраас би Ерөнхийлөгчийг хориг тавина гэж бодохгүй байна. Гагцхүү Үндсэн хуулийн цэц дээр асуудал хүчин мөхөсдөхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл энэ нь цаанаа нэлээн тодорхой захиалгатай байна л даа. Гадна дотны маш тодорхой ажиллагаанууд ч явагдаж байна. Харин олон нийтийн зүгээс дуу хоолойгоо маш сайн гаргаж байгаа.
-Оффшортой холбоотой ойлголтын зөрүү маш их байна. Ойлголтын зөрүү гэдэг дээр улс төрчид бизнесийн салбарт илүү их хутгалдсан учраас оффшороос тэднийг холдуулахын тулд л энэ зүйл манайд илүү их яригдад байна?
- Нийтлэг утгаараа харахад тийм. Улс төрчийн хувьд авилгын асуудал нь ёс зүйн асуудал. Хоёрт бизнес эрхлэгчдийн хувьд хууль мөрдөх, татвар төлөх үүрэгтэй. Монголын төр бизнес эрхлэгчдийг ажиллах нөхцөлөөр нь хангаж орчныг нь бүрдүүлдэг. Нэг хэсэг нь татвараа төлөөд, нэг хэсэг нь татвараас зугтаж байна. Тийм учраас бизнес эрхлэгчдийн хувьд ч гэсэн энэ бол татвараас зугтах ажиллагаа. Үүнийг татварын хуулиараа бас зохицуулж байгаа. Үүнийг нийтлэг утгаар нь харахгүй бол зөвхөн улс төрчид болохгүй, компаниудыг бас өөрөөр харах хэрэгтэй гэдэг нь өрөөсгөл. Хөрөнгө оруулалтын 70 хувь нь Оффшор бүсээс орж ирж байна гэдгийг хууль зүйн сайд нь хүртэл хэлж байна. Тэр тусмаа монгол улс оффшор бүсэд байх ёстой гэсэн агуулгатай сонин юм ярьж байна. Гэтэл тэнд бизнесийнхэн хүртэл татвараас зугтаж байна. Тэрнээс орж ирж байгаа хөрөнгө оруулалтад нь дулдуйдаж түүнийг нь хамгаалж болохгүй. Тэр орж ирж байгаа хөрөнгө оруулалт нь хулгайн мөнгө байхгүй юу.
-Та УИХ-ын хоёр ч Байнгын хороонд харьяалагддаг юм билээ. Эдийн засгийн байнгын хороо, аюулгүй байдал гээд. Ер нь ОУВС-ийн өргөтгөсөн хөтөлбөртэй холбоотой “дотоод нөөц боломжоо ашиглаж болоогүй юм уу” гэдэг байр суурьтай байгаа харагдсан. Хэрэгжихээр болчихвол одоо яах ёстой вэ?
Хамрагдахыг нь дэмжихгүй байсан хүний хувьд одоо яах ёстой вэ гэдэг асуудал жаахан сонин л тусаж байна л даа. Валютын сантай гэрээ хэлэлцээр маш муу хийсэн. Орж байгаа хүмүүс нь ур чадваргүй. Би тодорхой хэлэлцээрийн асуудлуудтай нь танилцсан л даа. Бид нар энэхүү гэрээнд өөрсдийгөө бүрэн илэрхийлж чадаагүй. Эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөллийг улсынхаа онцлогтой холбон тайлбарлаж чадаагүй. Татвар нэмэх асуудал дээр валютын сангаас гарцаагүй байдалд оруулсан гэдэг л үндэслэл хэлээд байсан. Би үүнтэй санал нийлэхгүй. Энэ бол худлаа мэдээлэл гэж ойлгож байгаа. Яагаад гэвэл татварын асуудлуудыг өнгөрсөн намар Засгийн газраас оруулж ирсэн. Үүнийг намын мөрийн хөтөлбөртэй уялдах ёстой гэдэг үндэслэлээр дэмжээгүй. Тийм учраас үүнийг валютын сангийн шаардлага гэдэг халхавчин дор дахиж оруулж ирсэн. Яагаад гэвэл яригдсан яриа хэлэлцээрээс нь тодорхой харагдаж байгаа. Гэхдээ хамрагдах үгүй нь тодорхойгүй байгаа ш дээ. Дөрөвдүгээр сарын 28-нд валютын сангийн захирлуудын зөвлөл хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх юм билээ. Хамгийн түрүүнд анхаарах ёстой асуудал их хэмжээний зээл. Энэ зээлд тооцоо судалгаа, үр ашигтай төсөл хөтөлбөр байна уу? үгүй юу? Өмнөх дөрвөн жилийн алдааг дахиад давтах нь уу гэдэгт анхааралтай байх хэрэгтэй.
Хоёрт, Монгол Улсын өрийн асуудал байгаа. Өрийн босгыг нэлээн анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл өрөндөө баригдаад өмнөх өрөө төлж чадахгүй байна шүү дээ. Өмнөх өрүүдээ шинэ өрөөр дарах ийм нөхцөл байдлаар л асуудал явагдаад байна. Ямар ч байсан өрөө бид яаж дарах юм, яаж хөгжлийн асуудлаа тавих юм, яаж монгол улс баялагын хараалаас гарах юм. Өөрөөр хэлбэл уул уурхайгаас гарч байгаа орлогоо боловсруулах салбар, бусад бүтээн байгуулалтын салбартаа хэрхэн шингээж, тэндээс нь эдийн засгийн өсөлт явагдаж, улс эх орны хөгжил яаж явагдах юм гэдэг дээр л гол анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэр татварын асуудлуудыг богино хугацаанд эргэж залруулах шаардлагатай.
-Монгол банкны сүүлийн таван жилийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэлсэн. Энэ ажлын хэсгийн ахлагчаар та томилогдсон. Энэ удаагийн эрх баригчдыг харахаар шинэ залуу УИХ-ын гишүүдийг чухал чухал хуулийн төслүүдэд томилж байгаа харагдах юм?
- Хэн ч ажлын хэсгийг ахалж болно. Гагцхүү үнэн бодитой, хараат бусаар захиалгын шинжтэй асуудлыг хуульд шингээхгүйгээр ажиллах нь л чухал. Миний хувьд Эдийн засгийн байнгын хороо, аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд ажиллаж байгаа. Нэлээн олон ажлын хэсгүүдэд орсон. Бас чухал чухал хуулийн төслүүд орж ирж байгаа л даа. Зарим нь бас захиалгын шинжтэй, эрх мэдэл авах гэсэн, тодорхой бизнесийг дэмжих гэсэн, хариуцлагаас чөлөөлөгдөх гэсэн зүйлүүд ч явж байна. Энэ тогтолцоог өөрчлөхийн тулд хичээн ажиллаж байна.
-Монгол банкны нөхцөл байдал ямар байдалтай байгаа бол, одоогоор мэдээлэл өгөх боломж юу байна?
- Таван жилийн үйл ажиллагааг шалгаж байгаа. Энэ хугацаанд гурван ерөнхийлөгч байлаа. Л.Пүрэвдорж, Н.Золжаргал, Н.Баяртсайхан гээд. Нэлээн хэдэн асуудал байгаа. 60 гаран хоногийн хугацаа одоо ингээд өндөрлөнө. Үүний дараа тодорхой дүгнэлт гарна. Гэхдээ асуудал нууцын зэрэглэлтэй байгаа л даа. Магадгүй бид нууцаас гаргах асуудлыг холбогдох байгууллагуудад тавина. Тийм учраас нууцаас гараагүй байхад үүнийг тодорхой хэлж болохгүй. Хаалттай байдлаар шалгаж байгаа. Зөрчил их байна. Заавал нууц гээд байлгүйгээр засаж залруулах, ил болгох асуудлууд ч дотор нь явж байгаа. Их хэмжээний мөнгө хэвлэдэг асуудал байна. Их хэмжээний мөнгийг зах зээлд нийлүүлэх, үнэ тогтворжуулах бусад байдлаар нийлүүлэх, үүний улмаас монгол төгрөгийн худалдан авах чадвар сулардаг, үүний улмаас интервенц хийж гадаад валютын нөөцөө шавхаж бардаг, үүний улмаас ашиггүй гадаадын банкнуудтай хэлэлцээр хийдэг, зээл авдаг, алдагдал нь нэмэгдэж байдаг.
Валютын ханшин дээр тоглож зарим арилжааны банкнууд улс төрчидтэй нийлж магадгүй, Монголбанкны он дамжин алдсан алдагдал нь улам их нэмэгдэн өмнө нь ашигтай ажилладаг байсан бол алдагдал нь зуу зуун тэрбумаар яригдаад 2016 онд их наяд төгрөг давсан байна. Энэ нь эргээд татвар төлөгчдийн нуруун дээр бууж байдаг. Энэ мэт томоохон зөрчлүүдийг таслан зогсоож цаашдаа монгол банк үйл ажиллагаагаа хуулийн дагуу хариуцлагатай, ил тод байх шаардлагатай. Нууцын тухай, Төрийн нууцад хамруулах тухай тодорхой хуулийн зохицуулалт байдаг. Хуулийн зохицуулалтаас гадуур буруу булхай үйлдлээ нууц гээд юм болгоноо үүгээр халхалж цааш нь дардаг нөхцөл байдал харагдаж байгаа. Ийм зүйлийг бид хөндөнө гэж бодож байна.
-Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувиар танаас асуух асуулт байна. Таны сайн мэддэг энэ салбарын хууль эрх зүйн орчинг шинэчилж, засаж сэлгэх эрх нь өөрийн тань гарт байна. Та яг одоо юу хийж байна?
- Бүтэц зохион байгуулалтын асуудлаа нэлээн яриад энэ жил хийх ажлынхаа төлөвлөгөөг үндсэндээ баталсан. Хамгийн түрүүнд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоог бэхжүүлэх шаардлага байна. Орон нутагт хүн хүч, санхүүжилтийн асуудал байна. Үйл ажиллагаагаа явуулахын тулд хамгийн түрүүнд бүтэц зохион байгуулалт хэрэгтэй. Үүнийг бий болгохын тулд бид нийслэл хот, аймаг, дүүргүүдийн засаг дарга нартай хамтын ажиллагаа явуулж байж, хууль тогтоомжийн хүрээнд тодорхой санхүүжилтийн дэмжлэг авна. Ийм хуулийн заалт нь ч бий. Хуулийн энэ хөшүүргээ ашиглаж, хүмүүсийн ажлын байрыг нь нэгдүгээрт бий болгох, дараа нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлийн төрийн байгууллагатай хамтран ажиллах, аливаа асуудлуудыг дэвшүүлэх, хэрэглэгчдэд эрхийг нь хамгаалах чиглэлээр бас тодорхой хамтын ажиллагаа өрнүүлэх ажлуудыг хийж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаална гэдэг хэцүү асуудал. Зөрчил маш их мөртлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэлээн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга байхдаа, сүүлд гишүүн болсныхоо дараа ч гэсэн олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, гадаад дотоодын туршлага судалж, төслийн санхүүжилтийн дэмжлэг авч, хүмүүсээ гаднын байгууллагуудад сургаж, хуулийг нь судлуулах зэргээр боловсруулсан. Харамсалтай нь УИХ-аар оруулахад энэ хуулийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн унагаасан. Үүний цаана бизнесийн ашиг сонирхол байгаа. Мэдээж жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийг хамгаалж дэмжих ёстой. Хамгаалж дэмжих хууль эрх зүйн орчин нь хангалттай байгаа. Хямрал гэж байгаа ч улам бүр хариуцлагатай ажиллах ёстой. Энэ бол хариуцлагагүйн хямрал. Хэрэглэгчийг хямралаар далимдуулж хохироодог байж болохгүй. Тийм учраас энэ хуулийг унагаасанд их харамсаж байгаа. Энэ бол гурван сая хэрэглэгчийн эрхийн асуудал шүү дээ. Тийм учраас энэ хуулийг дахин өргөн барих асуудлыг дэвшүүлнэ.
-Та монгол Туркийн парламентын бүлгийг ахлаж байгаа. Хоёр улсын харилцаа улс төрийн түвшинд таныг ахалж байх хугацаанд ер нь хэр зэрэг, хэрхэн яаж өрнөхөөр байгаа вэ? Шинэ зүйл юу хийж байгаа бол?
- Би БНТУ-д хоёр улсын Засгийн газрын шугамаар суралцаж, тэнд боловсрол эзэмшсэн. Тухайн улстай нэлээн харилцаа холбоо тогтоож өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Дүүргийн ИХТ байхдаа Чингэлтэй дүүргийг БНТУ-ын төр засгийн байгууллагатай холбох асуудлыг дэвшүүлж, бодит ажлууд хийж байсан. ИТХ-ын жирийн төлөөлөгч байхдаа 2,3 сая долларыг буцалтгүй тусламжаар нийслэл хотдоо өгч үүгээр Анкарагийн гудамжийг тохижуулан , үүний нэг цогцолбор хэсэг болгох Ататуркийн нэрэмжит 5-р сургууль маань өнгө зүсээ зассан. Монгол Туркын парламентын бүлгийг ахалж ажиллаж байгаагийнхаа хувьд энэ хугацаанд маш бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
Туркээс хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх асуудалд санаачлага гаргах зэргээр ажиллаж байгаа. Мөн он удаан жил яригдаж байсан Туркын хөнгөлөлттэй зээлийн 350 сая долларын асуудлыг сүүлд Туркын парламентын бүлгийн ахлагч тэргүүтэй хүмүүс ирэхэд нь ярилцан хугацааг нь наашлуулаад байна. 15-25 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй байлгахаар тохиролцсон. Үүний дагуу манай засгийн газар, сангийн яам, яриа хэлэлцээрээ эхэлчихсэн байгаа. Ер нь валютын сангийн 440 сая доллар чинь 2 хувийн хүүтэй. Үүнтэй ойролцоо хэлбэрийн зээлийг заавал хүнд нөхцлөөр хөтөлбөрт хамрагдахгүйгээр авч улсаа хөгжүүлж болох юм гэдгийг бид нар л хийх ёстой л доо.
- Та сүүлийн үед хэвлэлийнхнээс жийрхүү байх шиг. Ер нь харж байхад залуу улс төрчид ярилцлага өгөх сонирхол их байдаг. Та яагаад хөндий болчихов?
- Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагуудтай харьцангуй ойрхон ажилладаг гэж өөрийгөө боддог. Тогтмол тодорхой зүйлүүдээр олон нийтийг мэдээллээр хангах асуудал зайлшгүй тавигдах ёстой. Ажлын ачааллаас болоод тэр болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх боломж гарахгүй юм.
-Таны үгийг мушгин гуйвуулсан тал байв уу?
Ганц нэг хүний муу үйлдэл нийт системээ харлуулдаг. Гэтэл сэтгүүлчид бол нийгэмд 4 дэх засаглал хэмэнээ дуу хоолойгоо гаргаж , энэ нийгмийг өөрчлөх, шинэчлэх, буруу бусармаг зүйлийг засаж залруулах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийгэмд дохио өгдөг чухал байгууллага. Гэтэл үүнийг ганц нэг сэтгүүлч бүү харлуулаасай. Тийм зүйл байх юм бол үүнийгээ дотоод системээрээ залруулж, олон нийтэд ил тод мэдээлж ажиллаж байх нь сэтгүүл зүйн улс төрчдөөс хараат бус, захиалгаас хараат бус тийм зарчмаар ажиллах цаашлаад энэ өндөр нэр төрөө хадгалж явахын хөшүүрэг нь гэж боддог юм.
-Ярилцсан танд баярлалаа.
Т.Аюурсайхан: “Би Ерөнхийлөгчийг хориг тавина гэж бодохгүй байна” | ||
Үзсэн: 3023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.