Шууд Chart

Шведийн тэмдэглэл II

2013-11-13 11:45:51

 Хоёр

 
         Шведийн зохиолчдын Холбооны ерөнхийлэгч Мац Сөйдэрлунд, өөрийн хоёр хамтран зүтгэгч , 2007 онд Шведэд болох дэлхийн яруу найрагчдын чуулга уулзалтын зохион байгуулах хорооны ерөнхийлэгч, утга зохиолын шүүмжлэгч Хокан Бревингер, Олон улсын харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, яруу найрагч Хенрик Энбом нарынхаа хамт МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав, зохиолч П.Баярсайхан бид гурвыг хүлээн авч уулзав. Хөтөлбөрөөс гадуурхи энэ чухал уулзалтыг Х.Чилаажав даргын санаачилгаар зохион байгуулжээ.
         Бидний үдийн зоог хамтран барьсан ресторан Шведийн Зохиолчдын ордон дотроо юм. Үдийн цайны цаг тул хүн зон дүүрэн байв. Энд зохиолчид цугларах дуртай гэнэ. Шүлэг зохиолоо ярилцдаг байна. Рестораны ханаар дүүрэн зохиолчдын ном өржээ. Дунд нь хоолны ширээ зассаныг эс тооцвол ерөөсөө л номын сан. Зарим нэг нь захиалсан хоолоо хүлээнгээ тавиур дээрээс ном авч уншиж суугаад буцаагаад тавьчихаад гарч явахыг харлаа. Бас зохиолчдынх нь зураг хөрөг өлгөөстэй байх юм. Хэлсэн үг, шүлэг зохиолоос нь энд тэнд бичиж тавьсан харагдав. Нэг талаар ресторан, нөгөө талаар номын ордон юм. Зохиолчид бид ийм нэг ордонтой бол тун зүгээрсэн дээ.
       Шведийн зохиолчдын Холбоо 1879 онд байгуулагджээ. Мэдээж үүнээс өмнө нэг ч зохиолч байгаагүй гэсэн үг биш шүү дээ.
      Биднийг Стокхольмд байхад 12-р сарын 1О-нд Нобелийн утга зохиолын шагнал гардуулах ёслол боллоо. Энэ ёслолд оролцогчдыг жилийн өмнөөс бүртгэж, ёсчлон баталдаг тул бид оролцож чадаагүй нь үнэнтэй ч хэзээ нэгэн цагт Монголын зохиолч энэ шагналыг авах нь гарцаагүй хэмээн бэлгэшээн хөөрөлдөж,   хар, цагаан өнгийн Линкольн   тав арваараа цувралдан явахыг харж, буудаллаж байрласан Дипломат буудлынхаа хүлээлгийн болон цахилгаан шатанд Нобелийн шагналын ёслолд оролцоор ирсэн, үндэсний болон орчин цагийн хэв маягаар хувцасласан хөгшин залуу хүмүүстэй тааралдаж , мөнхүү догдолсон сэтгэлээр шүлэг таталбарлаж явлаа л...
 
                       Нобелийн шагнал гардуулах өдрийн
                             Стокгольм хотын таталбар
 
          Өнгө толь нь гялалзсан урт цагаан Лимузин
          Өвөг эртний буудал “Дипломат”-ын үүдэнд ирмүй      
          Үндэснийхээ хувцасаар гангарсан тив тивийн ноёд
          Үзэсгэлэнт хатагтайгаа дагуулан түүнд суугаад хөдөлмүй
 
          12-р сарын 10-ны тэнгист хөвсөн нарыг 
          Аянчин хэдэн Монгол Стокгольм хотод угтмуй   
          Утга зохиолын увьдастанд Нобелийн шагнал гардуулах
          Улаан тэргэл өдрийг ихэд бэлэгшээн магтмуй       
         
          Айсуй онуудын нэгэнд Монгол найрагч энэ өдөр
          Аялгуу шүлэгээ уншина хэмээн зөгнөн хөөрцөглөмүй
          Алив учралд билгэ зангиддаг сэтгэлийн од нь          
          Алдуурсан унага шиг чавхдан хээр талаар цойлмуй  
         
                                                          2006. 12. 10. Стокгольм.
 
 Мөн зарим нэгний Нобелийн утга зохиолын шагнал утга зохиолын биш улс төрийн шалтаг шалтгаантайгаар олгогддог болоод байна гэсэн шиг үгс сонсож минь ч бий.
            Бид Шведийн зохиолч нөхөддөө эдийн дээд хадаг, идээний дээд архи | Чингис| эрдмийн дээд номоо барьж, нэрийн хуудсаа солилцож, цаашид хамтын ажиллагаа бэхжихийн өлзий дэмбэрэл ерөөж дурсгалын зураг татуулав. Би-вээр 2006 онд хэвлэгдсэн “Есөн намрын огторогуй “ номон дээрээ “... Шведийн зохиолч нөхөддөө...” гээд гарын үсгээ зурсан болой... Тэгээд “Зохиолчийн үг номон дотроо байдаг тул   нэмж үг бичсэнгүй ээ, хэзээ нэгэн цагт швед хэлдээр ном минь хэвлэгдэнэ гэхэд нэг их итгэхгүй байгаа ч, монгол яруу найрагчийн ном та бүхэнд дурсгал болон үлдэг ээ...” гэлээ.Тэд манай уншигчид таны шүлгийг хэзээ нэгтээ уншинаа хэмээн инээмсэглэн хэлнэ лээ. Билгээр болтугай.
      Бидний хэлмэрчээр Долоо Нямаа гэгддэг бидний нэг,эрхэм ах “Араараа модтой Биндэрьяа” нутгийн авьяаслаг зохиолч Батын Нямаагийн ач хүү Батзориг гэдэг эрдэмтэй хүү явсан юм. Англи, Герман, Орос хэлтэй ном эрдэмд тун их бишрэлтэй даруу төвшин зантай хорин тав л шүргэж яваа залуу хүүг харахаар Монголынхоо ирээдүйд өөдрөг сэтгэл эрхгүй төрнөм билээ. Өвөө болон та нарт хэн тэгж онигоо гаргасан юм бэ, та мэдэх үү гээд утга зохиолын хүрээнийхэний мэдэх хэд гурван онигоог хэлүүлэх дуртайсан... Тэр нь гол төлөв 
            Долоо Нямаа байдаг гэнэ
            Долгорын Нямаа байдаг гэнэ
            Бас Нямаа байдаг гэнэ
            Батын Нямаа байдаг гэнэ
            Дахиад л Нямаа байдаг гэнэ
            Данзангийн Нямаа байдаг гэнэ гэдэг ч юмуу,
Нямаанууд гэдэг
Ямаанууд юм,
Ишиг нь түүний
Шүлгүүд юм гэхчлэн авай.
 
      Гурав.
      Швед рүү дагаж ниссэн нар минь угтан тосч шижиртмүй.Би ч бас дотроосоо манданхан гэгээн мөрөөдөлд автаж явлаа.Радиод шинэ хэмжигдэхүүн ирж байна. Цаг хугацаа болон орон зайн шинэ боломж нээгджээ.
       Интернет ч радио мөн. Утас ч, компьютер ч, MD –З ч радио мөн ажаам. Шведийн радиогийн бүтээлч хамт олон энэ бүхнийг баталжээ. Шведийн радиогийн нэвтрүүлэг   цацагдангуутаа интернет бааздаа шууд орж, тэр дор нь сонсогчид интернетээр сонсчихоод санал бодол, сэтгэгдлээ бичдэг болсон байна, Сайхнаа. Бас гар утсаар цацагдаж байна. Хилийн чанадах сонсогчид нь Шведийн радиог компьтерээр сонсч байна. Францаас тэтгэвэрийн хоёр хөгшин эх хэлээрээ радио сонсоод нулимстай э-мейль бичжээ. Хил хязгааргүй радио гэсэн шинэ нэр томьёо орж ирж байна. Та манай радиог тэдэн цагт сонсоорой гэдэг хэлц үг   хоцорч байна. Харин интернетээр сонсоорой гэдэг ч юмуу хэзээ сонсохоо өөрөө мэдээрэй гэдэг үг сонсогчдод дасал болж байна. Тэр ч байтугай, нэвтрэхээс нь өмнө сонсож болдог болжээ. Байна, байна гэдэг үгийг олон бичиж байгаадаа уучлалт гуймааргүй байна. Гар утсан дээр гэхэд л найман сувгаар радио сонсож болохоос гадна шууд хадгалагддаг байна. Шведийн радиогийн З-р сувгийн захирал Жоуэл Линдероф “... Өглөө галт тэргэнд сууж, цай уух зуур 7 цагийн мэдээ явчихдаг, харин утсанд маань татагдаад орчихсон байдаг тул дараа нь сонсож амждаг...” гэж ярьж байв. Радио-радио хүлээн авагчаасаа гарчээ. Хуучин радиогийн сайн найз нь шинэ технологи юм .
        Шведийн радиогийн өнөөдөр бол Монголын радиогийн маргааш юм. Мөрөөдөл бодит биелэл болох алхмаа бид Шведэд ч хийж явлаа. МҮОНРТ-ийн шинэ, залуу дарга М.Наранбаатар   2007 оноос Швед нөхдийн тусламжтайгаар ашиглалтад орох   Р-З гэсэн Залуучуудад зориулсан шинэ сувгийн асуудлыг эцэслэн шийдсэн билээ.
 
 
        Онгоцон дотор хэлмэрч хүү Т. Батзориг “ Май... Та Шведийн радио сонсох уу гэж утсаа өгөв. Аваад чагнавал, үнэхээр Шведийн радио явж байсан төдийгүй Коккей тоглолтын шууд сурвалжлага явж байгааг авиа чимээ, үзэгчдийн дуу хоолойгоор төвөггүй танив. Таних ч ёстой байв. Хэдхэн хоногийн өмнө бид Стокхольмын дэлхийд нэрд гарсан “Globen” цэнгэлдэх хүрээлэнд коккейн тоглолт үзсэнсэн .
       
 
                “ Хөх бүрдний нуур” -ын минь
                  Зуйван дугуй мөсөн дээр
                  Хөөцөлдөн нааднам,
                  Хэдэн хүн
 
                  Тэргүүндээ дуулгатай
                  Тэнгэр-цэнхэр болоод
                  Гал улаан өмсгөлтөй аж
 
                  Хөлдөө
                  Хөх төмөр ирлэн углажээ
                  Гартаа
                  Гандий мод махийлган барьжээ
                  Үхрийн шагайн чинээ
                  Хар “сум”-ыг
                  Өөр зуураа булаацалдан
                  Бүргэд мэт нисэх аж
                  Бүжин мэт хярах аж 
 
                  “Зурагт”-аар харснаас
                   Хамаагүй,
                   Зугаатай аж,
                   “Дэлгэц”-ээр үзсэнээс
                    Тэс
                    Өөр аж
                  
                    “Гоол” гэж орлив,
                    “Голдоо шидээч...” гэж чарлав,
                     Хаалга тийш
                     “Сум”-тай хэсэв,
                      Хамгаалагч болж
                     Шувуу шиг нисэв
                  
                   
                      Үзэж суухад
                      Ай, энэ     -Коккей
                      Үнэндээ   -“O kей”...
                    
                  “ Хөх бүрдний нуур” -ын минь
                  Зуйван дугуй мөсөн дээр
                  Хөөцөлдөн нааднам,
                  Хэдэн хүн
 
                
                  Түүнийг үзэж суугаа
                  Түмэн олны дунд
                  Үе, үе өндөлзөгч нь
                  Үүнийг тэрлэгч би-вээр аж
 
2006    .12. 10.
Стокгольм. Глобен цэнгэлдэх хүрээлэн
       
Шведийн хөтөлбөр тун шахуу байсан ч цэнхэр далай ногоон ой   хоёроос л бүтсэн юмуу
гэмээр үзэсгэлэнт Шведийн Вант улсад айлчилсан цөөн өдрүүд сэтгэлд минь гэрэлтэн гийсээр байх амуй...Цав цагаан, Цэв цэнхэр, нов ногоон Швед минь ахин уулзахын ерөөл тавья.
...Шүншиглэж залбирсаар золгох эх орон- Монгол минь нараан тосонхон угтнам.
 
                                    Стокхольм- Москва- Улаанбаатар.
                                    2006. 12 –р сар.
Нийтэлсэн: Д.Нямаа

Шведийн тэмдэглэл II  
Үзсэн: 2585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй