
Хотын өнгө төрх өдрөөс өдөрт өөрчлөгдөн дэвшиж байна. Хажуу айлын Дорж өнөөдөр суудлын тэрэгтэй болжээ. Харин багын найз маань амьдралын эрхээр төсвийн цалингаас зугатаж, 2 тоннын даацтай ачааны портер авчихсан Налайхын нүүрс зарна гээд явж байгаатай таарав. Энэ мэтээр хотын замын хөдөлгөөнд оролцох машины тоо минут бүр, цаг тутам нэмэгдэж байна.
Нийслэлийн авто замын газар замыг янзалж байна хэмээн замын хашлага солих, зам дээр нөхөөс хийх байдлаар зам хааж зам засварын ажлыг хийнэ. Энэ арга барилаараа сүүлийн хориод жил явсан. Үүнтэй ч бид эвлэрсэн.
Гэтэл хотын зам засвар, өргөтгөлийн ажил гэдэг юу байдгийг энэ жилийн хавраас эхний цас хүртэл үргэлжилсэн “гудамж төсөл”-ийн ажил харуулж чадлаа. Ажлыг аргацаах, нүд хуурах маягаар биш сэтгэл зүрхээрээ дарга цэрэггүй зүтгээд хийвэл бага хугацаанд ямар их ажлыг амжуулж болдгийг олон нийт үзлээ.
Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Чингис бонд”-ын санхүүжилтээр нийслэлийн хэмжээнд 33 уулзварыг шинэчлэх, сайжруулах, өргөтгөх ажлыг урин цагаар цаг хугацаатай уралдан эхлүүлснээр өдгөө 16 уулзварыг 3-4 сарын дотор хийгээд байна. Үүгээрээ тус төслийн баг нийслэлийн өдрөөр “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал-2013”-ыг хүртсэн юм.
Дараа жилийн өдийд үлдсэн 17 уулзвар ашиглалтад орчихсон байна. Энэ талаар тодорхой судалгаатай үр дүн зах зухаасаа гарсан. Тухайлбал, “Гудамж” төслийн хүрээнд Өргөөгийн урд дөрвөн замын уулзвар болон Саппорогийн тойргийг дөрвөн замын уулзвар болгон өргөтгөн шинэчилснээр жилийн хугацаанд гарах нийгэм-эдийн засгийн үр өгөөжийн тооцооллыг эдийн засагч, судлаач, мэргэжилтэн нар урьдчилсан байдлаар гаргаад байна.
Өргөө кино театрын урд уулзварын шинэчлэлийн үр дүн нь:
- Байгаль орчны өгөөж: Машинаас гарч буй хүлэмжийн хий өмнө нь 3,243,551.32 грамм байсан бол урьдчилсан тооцооллоор 2,171,798.50 граммаар буюу 23,21 хувь буурна.
- Нүүрстөрөгчийн давхар исэл (NO2): Өмнө нь 18,435.1 грамм байсан бол урьдчилсан байдлаар 14,173,8 граммаар буюу 23,2 хувь буурна.
- Нүүрс төрөгчийн монооксид (СО): Өмнөх байдлаар 91,397.0 граммтай байсан бол урьдчилсан дараах байдлаар 60,010.2 граммаар буюу 35 хувь буурах нааштай үр өгөөж гарчээ.
- Нийгмийн өгөөж: Стрессийн талаар энэхүү замаар явдаг 1000 хүнээс судалгаа авахад 810 хүн бухимдахаа больсон гэх юм.
- Эдийн засгийн өгөөж: Бүх талаараа өсөлттэй гарсан. Жишээ нь - Тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлын хэмнэлт- Энэхүү уулзвар ашиглалтанд орсноор нийт шатахуун, тос зарцуулалтын хэмжээ 23 хувиар буурч, нэг жилд 702,760,049.55 төгрөг хэмнэгдэхээр эдийн засгийн тооцоолол гарчээ. Түүнчлэн үүнийг дагаад авто замын осол, зөрчлийн байдал буурч дунджаар 29,474,976.54 төгрөг хэмнэхээр үзүүлэлт гарсан байна.
- Зорчих хугацааны зардлын хэмнэлт: Нэг өдөрт жолооч нар нийт 208,72 цаг хэмнэж байгаа дүн гарчээ. Энэхүү цагийг нэг цагийн дундаж хөдөлмөрийн хөлсөнд харьцуулбал нэг жилийн хэмнэх мөнгөн дүн нь 232,143,716.37 төгрөг байхаар байна. Өөрөөр хэлбэл тус Өргөөгийн уулзвар дээр гарч буй бүх хэмнэлтийг нэг жилээр нь бодож үзэх юм бол нийтдээ 992,153,587.87 төгрөгийг нийгэм-эдийн засгийн үр өгөөжийн хүрээнд хэмнэх бололцоотой урьдчилсан дүн гарчээ.
Харин Саппорогийн дөрвөн замын уулзварын хувьд үр өгөөжийг тооцож үзэхэд:
- Байгаль орчны өгөөж: Машинаас гарч буй хүлэмжийн хий өмнө нь 6,909,509.74 грамм байсан бол мөн урьдчилсан тооцооллоор 5,286,816.00 граммаар буюу 23,49 хувиар буурах дүнтэй гарч байна.
- Нүүрстөрөгч давхар исэл (NO2): Өмнө нь 39,271.00 грамм байсан бол урьдчилсан тооцооллоор 34,503,43 граммаар буюу 12,15 хувиар буурах боломж бийг тооцоолжээ.
- Нүүрстөрөгч монооксид (СО): Уулзвар ашиглалтанд орохоос өмнө 194,696.71 грамм байсан бол өдгөө 146,083.07 граммаар буюу 24,97 хувиараар буурах дүн гарсан байна.
- Нийгмийн өгөөж нь: Саппорогийн замаар зорчдог 1000 хүнээс судалгаа авахад уулзвар ашиглалтад орсноос хойш мөн 851 хүн бухимдахаа больсон гэх дүн судалгаа гарчээ.
- Эдийн засгийн өгөөж: Тээврийн хэрэгслийн ашиглалтын зардлын хэмнэлтийг тооцож үзэхэд тус уулзварыг ашиглалтад хүлээн авснаас хойш нийт шатахуун, тос зарцуулалтын хэмжээ 23 хувиар буурч нэг жилийн хугацаанд 588.552,667.48 төгрөг хэмнэх бололцоо бүрдэх тооцоолол гарав. Түүнчлэн тус уулзвар, замын орчимд гардаг авто осол, зөрчлийн байдал мөн буурах төдийгүй үүнээс дунджаар 28,896,000.00 төгрөг хэмнэгдэнэ.
- Зорчих хугацааны зардлын хэмнэлт: Мөн нэг өдөрт жолооч нар нийтдээ 328,76 цагийг уг зам дээр хэмнэнэ. Тус хэмнэлтийг нэг цагийн дундаж хөдөлмөрийн хөлсөнд харьцуулбал нэг жилийн хугацаанд 820,575,163.61 төгрөг хэмнэхээр байна. Зөвхөн Саппорогийн зам дээр гарч буй мөнгөн хэмнэлтийг бүтэн нэг жилээр нь нийлүүлэн тооцож үзэх юм бол нийтдээ 1,511,963,076.91 төгрөгийг хэмнэх нийгэм-эдийн засгийн үр өгөөж гарч байх жишээтэй.
Энэхүү нийгэм-эдийн засгийн үр өгөөж нь “Гудамж төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй 33 уулзварын зөвхөн хоёр уулзварын урьдчилсан тооцоолол. Тиймээс 33 уулзвар шинэчилэгдсэн байдлаараа бүрэн ашиглалтад ороход энэ үр өгөөжийн тооцоолол 33 дахин нэмэгдэх боломжтой.
Энэ байдлаас үүдэн зарим нэг уулзвар, тойргийг мөн энэ жишгээр өөрчлөх бодит шаардлага байгааг өгүүлье. Тухайлбал, Баянбүрдийн тойрог, Офицеруудын ордны тойргийг Саппорогийн тойрог шиг болгох нь юу юунаас чухал байгааг олон иргэд, жолооч нар ярьж байна. Эдгээр тойргуудын голд буй билэгдэл нь өнөөгийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн хувьд ч, цаг хугацааны хувьд ч оновчтой шийдэл биш юм. Тиймээс билэгдлийг нийгэм-эдийн засагт гацаа саад болгохооргүй газар шилжүүлэн байршуулж, олон нийтийн эрх ашигт нийцсэн бусад шинэчилэгдсэн дөрвөн замын уулзвар шиг болгох цаг үе нийслэлчүүдийн өмнө хэдийнээ тулгарч ирээд байгааг өнөөгийн шийдвэр гаргагч, төсөв батлагч, төсөл хэрэгжүүлэгч баг, гүйцэтгэгч компаниуд бүгд хаа хаанаа мэргэн оюун санаандаа олж харж байгаа гэдэгт итгэлтэй байна. Энэхүү шийдлийг бусад эхлүүлсэн зөв ажлууд шигээ зөв сэтгэн, эрүүл саруулаар тунгаан харна гэдэгт эргэлзэхгүй байна. Баянбүрд, Офицеруудын ордны тойргийн асуудлыг “гудамж төсөл”-ийн хүрээнд шийдэж чадваас тухайн уулзвар дахь тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар эрс сайжрах нь тодорхой юм.
Одооноос ирэх хаврын урин дулаан цагаар эхлүүлэх ажлын жагсаалтандаа Баянбүрд, Офицеруудын ордны тойргийг багтааж, төсвийг нь суулгаад өгвөл чиг нийгэм-эдийн засгийн үр өгөөж тэр чинээгээрээ нэмэгдэх буй за. Сэтгэлээр эхлүүлсэн ажил бүхэн олны дэмжлэгийг хүлээх нь дамжиггүй билээ.
Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны тойрог
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог
Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны тойрог
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог
Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны тойрог
Чингэлтэй дүүрэг, Баянбүрдийн тойрог
Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны тойрог
Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны тойрог
Дээрх зурагнуудыг 2013.11.13 15:30-16:30 хооронд замын хөдөлгөөний хэт их ачаалал эхлэхээс өмнө авав.
Зургийг С.Батгүр
Сэтгэл шингэсэн ажлын үр өгөөж ихээ | ||
Үзсэн: 4446 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.