
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Олон нийтийн радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийнсонгуулийн сурталчилгааг үнэ төлбөргүй нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. МҮОНРТ нь нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг (цаашид “сонгуулийн сурталчилгаа” гэх) нэвтрүүлэхдээ Монгол Улсын “Сонгуулийн тухай хууль”, Олон нийтийн радио, телевизийн тухай хууль, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.3.Олон нийтийн радио, телевиз нь сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхдээ сонгуулийн сурталчилгааны тэнцвэрт байдлыг хангаж, олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, редакцийн хараат бус байдлыг ханган, сэтгүүл зүйн мэргэжлийн зарчим, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллана.
Хоёр. РадиоТелевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд баримтлах зарчим
2.1.Телевиз нь сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ тухайн сурталчилгааны агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран дуу, дүрс, авиа, тайлбар зэргийг ашиглан сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлж буй гэдгээ ойлгомжтой тодорхой гаргаж, тухайн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацааны туршид тухайн нэвтрүүлгийг захиалсан нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар бичиж нэвтрүүлэх бөгөөд энэ нь радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд хамаарна.
2.2.Сонгуулийн сурталчилгааг улс орны болон дэлхий дахины амьдралын цаг үеийн шинжтэй үйл явдлын талаарх тогтмол мэдээ, мэдээллийн нэвтрүүлэг, боловсролын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн дундуур нэвтрүүлэхгүй.
2.3.Олон нийтийн радио, телевиз нь иргэдийг үнэн зөв, бодитой, тэнцвэртэй мэдээллээр хангах зорилгоор тухайн телевиз, радиогийн редакцийн зүгээс бэлтгэн нэвтрүүлсэн 2 ба түүнээс дээш нэр дэвшигч, тэдний төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг,сонгуульд өрсөлдөгчдийн хооронд явуулах мэтгэлцээний нэвтрүүлэгт нэр дэвшигч, тэдний төлөөллийг оролцуулахдаа оролцогч бүрт адил тэгш боломж олгож, сонгуулийн сурталчилгааны хугацаанд тус бүр нэг удаа нэвтрүүлнэ.
2.4. Олон нийтийн радио, телевиз нь нэр дэвшигчээс ирүүлсэн дараах сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэхээс татгалзна. Үүнд:
2.4.1.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн эх сурвалжийг дурьдаагүй, захиалагч этгээдийн нэрийг “Радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-д заасны дагуу гаргаж, дурьдаагүй нэвтрүүлэг нэвтрүүлэх;
2.4.2.Сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа нэвтрүүлэх;
2.4.3.Улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулж, үр дүнг сурталчилсан, бусдыг гутаасан, гүтгэн доромжилсон, хуурамч мэдээлэл бүхий нэвтрүүлэг нэвтрүүлэх;
2.4.4.Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч болон насанд хүрээгүй иргэнийг татан оролцуулсан нэвтрүүлэг нэвтрүүлэх;
2.4.5.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг, материалд шашны холбогдолтой дуу, дүрс, авиа, тайлбар агуулга бүхий нэвтрүүлэг нэвтрүүлэх;
2.4.6.Аливаа этгээд санал авах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулсан нэвтрүүлэг нэвтрүүлэх;
2.4.7 “Радио, телевизээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам”-аар хориглосон агуулга бүхий бусад нэвтрүүлэг нэвтрүүлэх
Гурав. Сонгуулийн сурталчилгааг радио, телевизээр нэвтрүүлэх
3.1.Олон нийтийн радио, телевиз нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг үнэ төлбөргүй нэвтрүүлнэ.
3.2.Сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийголон нийтийн радио телевиз зөвхөн нэгдүгээр сувгаар нэвтрүүлнэ.
3.3 Сонгуульд өрсөлдөх субьектүүд нь Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хувиараар оногдсон цагт нэвтрүүлэх сурталчилгааны материалаа радио, телевизийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга нарт, эфирт нэвтрэхээс 6 цагийн өмнө хүлээлгэн өгнө.
3.4 Сонгуульд өрсөлдөх субьектүүд сурталчилгааны нэвтрүүлгээ хугацаанд нь өгөөгүй, өгсөн нэвтрүүлэг нь техникийн шаардлага хангаагүйээс тогтоосон хуваарийн дагуу нэвтрүүлэг явагдаагүй бол дахин эфирт нөхөж цацах цаг олгохгүй.
3.5 Сонгуульд өрсөлдөх субьектүүд нь сонгуулийн сурталчилгааны материалын нийтлэлийн хариуцлагыг бүрэн хариуцаж, өөрсдийн хүч хөрөнгөөр нэвтрүүлгээ бэлтгэнэ.
3.6 Сонгуульд өрсөлдөх субьектүүдийн сурталчилгааг 2017 оны 06-р сарын 06-ны өдрөөс 2017 оны 06-р сарын 24-ний 00 цаг хүртэл явуулна.
3.7 МҮОНТ-ийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа / 19 хоног/ нэг нэр дэвшигчид 285 минут буюу нэг хоногт 15 минутаас ихгүй байна.
3.8 МҮОНР-ийн сурталчилгааны нэвтрүүлгийн нийт хугацаа /19 хоног/ нэг нэр дэвшигчид 285 минут буюу нэг хоногт 15 минутаас ихгүй байна.
3.9 МҮОНРТ-ээр нэр дэвшигч бүрт өдөрт 5 минут хүртэл хугацаатай сонгуулийн штабын мэдээ оруулна.
3.10 Радио, телевиз нь ирүүлсэн сурталчилгааны бэлэн нэвтрүүлэгт ямар нэгэн засвар оруулахгүйгээр нэвтрүүлнэ.
Дөрөв. Бусад асуудал
4.1 Энэхүү журмын 2.4, 3.3, 3.4 дэх хэсэгт заасан тохиолдол үүсвэл үүдэн гарах гэм хор, хохирлыг сонгуульд өрсөлдөж буй субьектүүд бүрэн хариуцна.
МҮОНРТ-ээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг үнэ төлбөргүй нэвтрүүлэх журам | ||
Үзсэн: 1659 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.