
Зүүн Өмнөд Азийн улсуудын Холбоо буюу АСЕАН-ы гишүүн 10 улс болон Хятад, Япон, Өмнөд Солонгосын Сангийн сайд, Төв банкны захирлуудын 28 дахь удаагийн чуулган өнгөрөгч ням гарагт Италийн Милан хотод чуулсан байна. АНУ-ын гаалийн татварын шинэ бодлого арга хэмжээ бүс нутгийн эдийн засагт цохилт болж болзошгүй гэдэг болгоомжлолын нөхцөлд болсон энэ чуулга уулзалтаас улмаар, олон талт чөлөөт худалдаа өрнүүлэх тууштай эрмэлзлээ нотлон илэрхийлснийг японы хэвлэлд онцолсон байна.
АСЕАН-ы 10 гишүүн улс дээр нэмэх нь 3 улсын Сангийн сайд, Төв банкны захирлуудын уулзалтаас баталсан хамтарсан мэдэгдэлд, бүс нутгийн эдийн засгийн хэтийн төлөвт ихээхэн тодорхойгүй байдал нүүрлэж байгааг тодотгосны зэрэгцээ, худалдааны протекционист бодлого газар авч байгаа одоогийн нөхцөл байдал дэлхий даяар худалдаа, хөрөнгө оруулалт, хөрөнгийн урсгалд нөлөөлж, эдийн засгийн хуваагдлыг бий болгож байгааг онцолжээ. Мөн дэлхийн худалдааны байгууллагын суурь зарчим болох ялгаварлан гадуурхалгүй, чөлөөт, шударга, нээлттэй, хүртээмжтэй, эрх тэгш, ил тод олон талт худалдааг бүрдүүлэхийн төлөө байгаагаа дээрх орнуудын албаныхан нотлон илэрхийлсэн байна.
АНУ импортын автомашины зэрэг тодорхой салбар чиглэлийг онилсон тарифуудаас гадна экспортоос ихээхэн хамааралтай Азийн орнуудад хүнд цохилт болохуйц нэмэлт гаалийн тарифууд нэвтрүүлэхээ өнгөрөгч 4 сард зарласан. Улмаар АСЕАН-ы гишүүн Камбож улсад гэхэд 49 хувийн, Вьетнамд 46 хувийн гаалийн татвар тогтоосон юм. Гэхдээ АНУ-ын тал дараахан нь энэ татварын хэрэгжилтийг 90 хоног хойшлуулахаа зарласан. Японоос авах импортдоо тэгвэл АНУ суурь 10 хувь дээр нэмэлтээр 24 хувийн татвар ногдуулахаа зарласан, энэ сүүлийн нэмэлт татварын асуудлаар хэлэлцээ яг одоо хоёр тал хооронд явагдаж байгаа юм.
Японы хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын сангийн сайд Като Кацунобу уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ, Япон улс АНУ-ыг гаалийн татварын зохицуулалтаа эргэн харахад тууштай уриалах болно гэдгээ мэдэгджээ. Мөн бүс нутгийн орнуудын өөр хоорондоо болоод бусад бүс нутгийн түншүүдтэйгээ санаа бодлоо солилцож, хамтран ажиллахын чухлыг онцлон хэлж байжээ.
Япон, БНХАУ, БНСУ болон АСЕАН бүс нутгийн санхүүгийн аюулгүй байдлын сүлжээг бэхжүүлнэ | ||
Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.