Шууд Chart

Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын мэдээллийг сонсов

2017-06-20 14:28:39

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэв.

Тухайлбал, сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн байгууллагыг бүртгэж, зөвшөөрөл олгох асуудлыг хэлэлцлээ. Сонгуулийн Ерөнхий Хороо “Сонгогчдын төв зөвлөл” төрийн бус байгууллагаас ирүүлсэн баримт бичиг, төлөвлөгөөг нь хянаж үзээд зарим асуудлыг тодорхой болгосны дараа зөвшөөрөл олгох асуудлыг дахин авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн хуралдаанаар Сонгогчийн шилжилттэй холбоотой асуудлаар ОӨБЕГ-ын дарга Р.Содхүү мэдээлэл хийхдээ сонгогчийн нэрийн жагсаалтад орсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Хуралдаанаар Цагдаагийн байгууллагад иргэд сонгогчдоос ирүүлсэн өргөдөл гомдлын талаар ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш сонгуультай холбоотой 220 гаруй гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авсан тухай тэрбээр танилцуулаад тэдгээрийн ихэнх нь бусдын нэр төрд халдаж гүтгэсэн, сурталчилгааны самбар, зурагт хуудсыг гэмтээсэн, хууль бус сурталчилгаа явуулсан, ухуулга сурталчилгаа явуулахад саад учруулсан зэрэгтэй холбоотой байна гэлээ.

Хуралдааны үеэр Сонгуулийн Ерөнхий Хорооны зарим гишүүд саналаа илэрхийлэхдээ, сонгуулийн хууль тогтоомжид зааснаар захиргааны зөрчлийг цагдаагийн байгууллага шалгаж, шууд ирүүлсэн гомдол мэдээллийг шүүгч шийдвэрлэх зэргээр зөрчил шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааг сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд тогтоож шийдвэрлэхэд хүндрэлтэй байгаад шүүмжлэлтэй хандлаа. Тиймээс сонгуулийн хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулахад анхаарах асуудлууд байгааг тэмдэглээд сонгуулийн байгууллагын эрх үүргийг нэмэгдүүлэх, хариуцлага тооцох эрх зүйн харилцааг нарийн зохицуулж  хуульчлах шаардлага байгаа талаар тэд онцлон ярив.

Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо


Сонгуулийн Ерөнхий Хороо бүртгэлийн болон цагдаагийн байгууллагын мэдээллийг сонсов  
Үзсэн: 1131 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй