Шууд Chart

Цэцэрлэг бариулах иргэдийн саналыг төсөвт тусгахаар төлөвлөж байна

2013-11-20 13:42:31

Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан 318,000 өрх бүрээс нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд тусгах ажлуудыг саналын хуудсаар авсан. 

Саналыг орон сууцны өрх, гэр хорооллын өрх гэсэн төрлөөр нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдлын 5 чиглэлээр авсан бөгөөд иргэдийн дийлэнх нь хороондоо цэцэрлэг барих шаардлагатай гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт ажиллаж буй төрийн болон хувийн 129 цэцэрлэгт 97010 хүүхэд хамрагдаж байна. Харин цэцэрлэгт огт хамрагдаагүй 31345, хүчин чадал хэтэрснээс 21850 нийт 53195 хүүхдэд цэцэрлэг шаардлагатай байна.

Цаашид хороодыг цэцэрлэгтэй болгож, нийт хүүхдийг цэцэрлэгт хамруулахын тулд 240 хүүхдийн багтаамжтай 220 цэцэрлэг барих хэрэгтэй байна. Тиймээс нийслэлийн ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа иргэдийн саналыг үндэслэн нэг ч цэцэрлэггүй, нэн шаардлагатай хороонд нийслэлийн төсвийн хөрөнгө, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн цэцэрлэг барих төслийг тусгахаар төлөвлөж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр баригдах цэцэрлэгийг улсын төсөв, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан зэрэг бүхий л хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Цэцэрлэг бариулах иргэдийн саналыг төсөвт тусгахаар төлөвлөж байна  
Үзсэн: 909 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй