
Монголын хөгжмийн урлагийн ууган сургууль Хөгжим бүжгийн коллеж Монгол Улсын Консерватори болсон билээ. Албан ёсны нээлт нь эрдмийн баярын энэ өдөр бага үдэд боллоо. Хөгжмийн дээд сургууль буюу олон улсын хэллэг, жишгээр Консерватори болсон тус сургуулийн суралцагчид, багш нар, эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг СУИС-ийн удирдлагууд, сургуулиас төрсөн алдартнууд, ахмад багш нар, БСШУСЯ-ы сайд, газрын дарга, төвийн театр, чуулгын дарга нар сургуулийн өмнөх талбайд тусгайлан зассан суудалд байраа эзэлсэн байлаа.
Тайзны зүүн жигүүрт сургуулийн үндэсний найрал хөгжимчид байрлажээ. Удирдаач нь үндэсний хөгжмийн тэнхмийн багш Р.Ганбат. Харин баруун жигүүрт сонгодог найрал хөгжимчид удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбатын дохихыг хүлээн анхаарлаа төвлөрүүлсэн байв.
Тайзнаа оюутнууд хөгжим тоглоод ороход морин хуурч, Гавьяат жүжигчин Л.Идэрбат тэргүүтэй хуурчид, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгээр ахлуулсан уртын дуучид хавь ойрын жаврыг үргээн уртын дууны шуранхай хадаав. Тэднийг ёслохтой зэрэг хоёр найрал хөгжим Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг зэрэг эхлүүлж цугласан олны сэтгэлийг хөвсөлзүүлэн тоглов. Монгол Улсын Консерваторийнхон юугаар баян, түүгээрээ даналзаж байна билээ.
Консерваторийн захирал, урлаг судлалын ухааны доктор Х.Саранчимэг үг хэлэхдээ “Алтан унжлагат хэмээх тахиа жил алтан өндөг монголчуудад тээж ирсэн нь 80 жилийн түүхтэй хөгжмийн сургуульд олгосон дэлхийн жишигт нийцсэн Консерватори хэмээх статус байлаа. Үеийн үед боломж, бололцоогоор хангаж, эрч хүчээр сэлбэж ирсэн төр засагтаа баярлалаа. Манай сургуулийн төгсөгчид өнөөдөр улс орныхоо хэрэгцээт газар бүр ажиллаж бүтээж буйн зэрэгцээ гадаадын театруудад урилгаар дуулж, бүжиглэж байна. Энэ бол 80 жилийн түүхийн бахархал. Консерватори гэдэг статустай болсон нь эцсийн зогсоол биш юм. Одоо бид ирээдүйд хүрэх томоохон зорилтуудаа биелүүлэхийн төлөө хамтын хүчээр илүү чармайн ажиллах болно. Бид гадаадын сонгодог урлагийг өөрийн болгож чадаж байгаа юм бол, одоо өөрийн үндэсний урлагийг гадаадад сонгодог болгохын төлөө зүтгэх болно. Дэлхийн хөгжлийн модонд Монгол хэмээх үр жимс арвинтай мод ургуулсаар ирсэн та бид зорилго, зорилтуудаа биелүүлж чадна” гэж хэлсэн юм.
Дараа нь БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Консерваторийн суралцагчид, багш нар, эцэг эхчүүдэд хандан үг хэлэхдээ хөгжмийн урлагаар нийгмээ эмчлэх их үйлсэд нь амжилт хүсье гэж эхэлсэн юм. Мөн төрийн, яамны боловсролын бодлогын үндсэн философийг “Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас” хэмээн томъёолж үйл ажиллагааны чиг болгож буй энэ цаг үед Монгол Улсын Консерваторийн эрдэмтэн, авьяас билэгт багш нарт шавь нараа улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг иргэд болгож хүмүүжүүлсээр ирсэнд бахархдаг” гээд хөгжмийн урлагийн ууган сургуулийг Консерватори болоход дэмжсэн ОХУ-ын Соёлын яам, арга зүйн туслалцаа үзүүлсэн Санкт-Петербургийн Н.А.Римский Корсаковын нэрэмжит Консерваторийн багш нарт талархал илэрхийлээ.
Монгол Улсын Консерваторийн өмнө Монгол Улсын төрийн далбаа мандуулах ёслол нээлтийн арга хэмжээний содон мөч байлаа. Төрийн гурван далбаа мандуулсан бөгөөд далбаа тус бүрийг гурван хүн хамтдаа өргөж хийсгэсэн нь сонирхолтой байлаа. Эхнийхийг ахмад үеийн төлөөлөл 1941 оны төгсөгч Урлагийн гавьчат зүтгэлтэн Д.Дугарсүрэн, дунд үеийн төлөөлөл өдгөө Улсын Филармонийн дарга Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн, залуу үеийнхний нэрийн өмнөөс оюутан Б.Тэмүүлэн нар өргөн мандуулсан юм.
Хоёр дахийг гурван үеийн захирал Гавьяат багш А.Цэрэндорж, Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Ч.Наранхүү, өдгөөгийн захирал доктор Х.Саранчимэг нар өргөлөө. Харин гурав дахь далбааг сургуулийн алдартнуудын төлөөлөл гавьяат багш Б.Зоригт, Ч.Тунгалаг, Ё.Батбаяр нар өндөрт мандуулж нээлтийн ёслолд сүр жавхаа нэмэв.
Төрийн далбаа мандуулснаар Монгол Улсын Консерваторийн үүдийг албан ёсоор нээх тууз хайчлах ёслол боллоо. БСШУС-ын сайд Чулуунбаатар, тус яамны соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Болд, Консерваторийн захирал Х.Саранчимэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга Гавьяат жүжигчин Г.Эрдэнэбат, тус сургуулийн багш, Ардын жүжигчин Х.Уртнасан нар хүндэтгэлийн тууз хайчилж хурсан олны өмнө Монгол Улсын Консерваторийн үүдийг албан ёсоор нээлээ.
Монгол Улсын Консерватори үүдээ нээв | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.