Шууд Chart

Телевизийн хөтөлбөрийн бүтцийн ангилал

2013-12-02 11:41:03

Аливаа телевиз цаг хугацаа, нэвтрүүлгийн хэлбэр, төрөл зүйл, зорилтот бүлгээс хамааран логик дарааллаар бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв энэхүү логик дарааллаар бэлтгэсэн хөтөлбөр байдаггүй байсансан бол телевизээр гарч буй нэвтрүүлэг ямар ч эмх замбараагүй, учир нь олдохгүй зүйл болж хувирна.

            Хөтөлбөр төлөвлөлт хийж, сүлжээгээ боловсруулахад нэвтрүүлгээ аль болох зохистой ангилах нь чухал байдаг. Ингэж ангилах нь хэд хэдэн ач холбогдолтой,
-          тухайн телевиз хөтөлбөрийнхөө бодлогыг тодорхойлж, төлөвлөхөд
-          тухайн телевиз өөрийн ерөнхий стратегийг тодорхойлоход
-          телевизийн маркетингийн гол зорилт болох аль болох олон үзэгчийг өөртөө татах механизмыг боловсруулахад
-          телевизүүдийн статусыг тодорхойлоход
-          эрдэм шинжилгээ, судалгааны ач холбогдолтой.
Манай улсад телевиз үүсэж хөгжсөнөөс хойш хөтөлбөрийн бүтцийн ангилалыг янз бүрийн түвшинд хийж ирсэн. Тухайлбал, телевизийн захиргаа, программ төлөвлөлт хариуцсан нэгж, хэсэг, тодорхой зорилго чиглэлтэй судалгаа, шинжилгээний хүрээнд эсвэл оюутны курс, дипломын хэмжээнд гэх мэт.
      Ийнхүү Телевизийн хөтөлбөрийн бүтцийг ангилахдаа эхний ээлжинд нэвтрүүлгийн чиглэлийг гол шалгуур болгон ангилж иржээ. Тухайлбал: ШУА-ийн ФСЭХүрээлэн, МРТУХ хамтран 1989 онд “Телевиз -үзэгч” сэдэвт социологийн судалгааны Хөтөлбөрийн бүтэц, сэдэв хэмээх III бүлэгт ”... Монгол телевизийн хөтөлбөрийн бүтэц нь үндсэндээ Мэдээлэл (15 % орчим), Ухуулга-сурталчилгаа (9 % орчим), Залуучууд (9 %), Хүүхэд (9 % орчим), Спорт (7 % орчим), Соёл урлаг (7 % ), Хөгжим (8 %), Кино (38 %) нэвтрүүлгээс бүрддэг ба хөтөлбөрийн бүтцэд эзлэх хувийн жингээрээ кино программ хамгийн өндөр, мэдээлэл, залуучууд, хүүхдийн нэвтрүүлгүүд бусад нэвтрүүлгээсээ арай өндөр хувьтай байдаг ажээ” хэмээн хөтөлбөрийн бүтэц, түүнд нэвтрүүлгүүдийн эзлэх хувийн жингийн хэмжээг 1989 оны эхний хагас жилийн нэвтрүүлгийн төлөвлөлт ба гүйцэтгэлийн дүнд түшиглэн ангилсан байдаг.
            Судалгааны төв, алба, судлаачид нилээн олон жил энэ аргачлалыг баримталж иржээ.
Энэ аргачлалын дутагдалтай тал нь нэг нэвтрүүлгийг зөвхөн нэг шинжээр нь нэг ангилалд хүчээр оруулдагт оршдог. Бодит байдал дээр телевизийн нэвтрүүлгийн бүтэц нь нийлмэл шинжтэй байдаг. Жишээлбэл, Кино гэсэн ангилалд бид өмнө нь уран сайхны кино, баримтат кино, хүүхэлдэйн кино, кино концерт, кино журнал өөрөөр хэлбэл кино гэсэн үг орсон л бол энэ ангилалд оруулж ирсэн. Гэтэл ангилал хийгээд эхлэхээр заримдаа кино концертыг хөгжмийн гэсэн ангилалд оруулаад, хүүхэлдэйн киног хүүхдийн гэсэн ангилалд оруулах, кино журналыг мэдээ, мэдээллийн ангилалд оруулж тооцох гэх мэт будлиан гараад эхэлдэг.  
Өөрөөр хэлбэл ангилалыг нэвтрүүлгийн чиглэл гэсэн нэг л шинж тэмдгээр ангилж иржээ.
Мөн энэ аргачлалд бас нэг дутагталтай тал байсан нь ангилал тус бүрийн тодорхойлолт бүрхэг, зарим тохиолдолд бүр байхгүй байх жишээтэй. Тодруулбал, спорт гэсэн ангилалд яг юуг хамааруулан ойлгох вэ гэдэг тодорхойлолт нь байхгүйгээс спортын талаарх үйл явдлыг мэдээлдэг мэдээллийн хөтөлбөр энэ ангилалд орох уу, эсвэл уралдаан тэмцээнийг дамжуулсан нь багтах уу, хүүхдүүдийн дунд зохиогддог уралдаан тэмцээнийг оруулж тооцох уу гэх мэт асуудлууд ойлгомжгүй болж, үр дүн бодитой бус гардаг.
Мөн түүнчлэн судлаачдын дунд байгаа нэг нийтлэг дутагдал бол аль ангилалд, тухайн телевизийн ямар нэвтрүүлгийг оруулж тооцсоноо хавсаргаж, аргачлалын баримт болгож үлдээдэггүй тал байна.
Телевизийн хөтөлбөрийн ангилалд нэг шат ахисан үе бол МХХ –ээс 1999 онд эхлүүлсэн Хэвлэл мэдээллийн мониторингийн судалгаа юм. Энэ мониторингийн судалгаагаар телевизүүдийн хөтөлбөрийн бүтцэд нь ангилалт хийн, урт хугацаанд он жилээр харьцуулах боломжийг тогтвортой өгч эхэлсэн бөгөөд нөгөө нэг дэвшилттэй тал нь ангилал тус бүрийн тодорхойлолт, шалгуурыг тодорхой болгосон явдал юм. Ингэснээр ямар нэвтрүүлгийг аль ангилалд оруулж буй нь ойлгомжтой болсон юм. Гэвч бас өмнө дурьдагдсан дутагдал болох нэг л шинж тэмдгээр нэвтрүүлгүүдийг ангилж байв. Жишээ нь, МҮОНТ-ийн Соёл –эрдэнэ теле сэтгүүл. МХХ-ийн жил тутмын мониторингийн асуулгад бид энэ нэвтрүүлгийг ангилалын тодорхойлолтын дагуу Түүх соёл урлагийн нэвтрүүлэг хэмээх ангилалд оруулж тооцдог. Гэвч энэ нь соёл урлагийн талаарх мэдээлэл өгдөг, мэдээ мэдээллийн хөтөлбөр байх жишээтэй.
Мөн түүнчлэн ангилалын тодорхойлолтын алинд нь ч орохооргүй нэвтрүүлгүүд байж байдаг. Жишээ нь МҮТВ-д Боловсрол гээд нэвтрүүлэг байдаг байсан. Дээр өгүүлсэн МХХ-ээс гаргасан ангилалын “Нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээлэл” гэсэн ангилалд ч оруулж болдоггүй, “Хүүхдийн нэвтрүүлэг” гэсэн ангилалд ч бүр оруулж болохгүй, тэгээд судлаач, санал асуулгын хуудсыг бөглөж байгаа хүний үзэмжээр аль нэгэнд нь эсвэл “Бусад” гэдэгт нь оруулаад тооцчих тохиолдол гардаг. Үүнээс улбаалаад хөтөлбөрийн бүтцийн ангилал бодитой бус гардаг тал бий.
Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл нэг шинж тэмдгээр хөтөлбөрийн бүтцийг ангилах нь нилээн учир дутагдалтай гэдгийг нотолж байна.
Хэдийгээр нэг шинж тэмдгээр ангилсан боловч цаг хугацааны хүчин зүйлийг оруулж ирэн ангилсан ангилал байдаг. Илтгэгчийн зүгээс 2002 онд Монголын Үндэсний Телевизийн хөтөлбөрт 5 жилийн үечлэлтэйгээр ангилал хийсэн юм. Ингэж ангилахдаа: Мэдээ, мэдээллийн хөтөлбөр, Нийгэм, улс төр, эдийн засгийн мэдээлэл, Хүүхэд, сургалт, танин мэдэхүй, Уран сайхны болон баримтат кино, Цэнгээнт, амралт уран сайхны, Хөгжмийн нэвтрүүлэг, Спортын нэвтрүүлэг, Арилжаа сурталчилгаа, Түүх, соёл урлагийн нэвтрүүлэг хэмээн ангилан үзэж 1967, 1970, 1975, 1980, 1985, 1990, 1995, 2000, 2002 оны Монголын Үндэсний Телевизийн хөтөлбөрийг ангилсан байдаг.
Харин ингэж ангилахдаа 1989, 1996 оны судалгаанд ашигласан ангилал, мөн МХХ-ийн мониторингийн судалгааны ангилалд тулгуурлан гаргажээ.

Энэхүү ангилал манай улсад телевиз үүсэн бий болсноос хойш хөтөлбөрийн бүтцэд ямар өөрчлөлтүүд гарч ирснийг тоймлон харах бололцоо олгоно. Тухайлбал, цэнгээнт, амралт уран сайхны нэвтрүүлэг Монгол телевизийн хөтөлбөрт тогтмол өсөж ирснийг харж болно. Мөн арилжаа, сурталчилгаа 1990 оноос хөтөлбөрийн бүтцэд бие даан орж ирсэн зэргийг харж судалж болно.
Илтгэлийн эхэнд хөтөлбөрийн бүтцийг хэлбэрийн хувьд нэвтрүүлгийн чиглэлээр болон төрөл зүйл буюу жанраар гэж хоёр ангилж болох юм гэсэн санааг дэвшүүлсэн. Өмнө өгүүлсэн зүйлүүд бол нэвтрүүлгийн чиглэлээр ангилсан ангилалуудын талаар авч үзлээ. Одоо нэвтрүүлгийн төрөл зүйл буюу жанраар ангилах оролдлого хэрхэн хийж ирсэн талаар товч өгүүлье. Баримт материал судлаад үзэхлээр яг төрөл зүйлээр ангилж ирсэн тохиолдол тэр бүр тааралдахгүй байна. Ихэвчлэн нэвтрүүлгийн чиглэлээр нь ангилсан ангилалууд байна. Гэвч нэвтрүүлгийн төрөл зүйлээр нь ангилж ирсэн байж таарах байх. Наад зах нь Монгол телевиз дотроо өөрөө ангилж, бодлогоо тодорхойлж ирсэн байх бүрэн үндэстэй. Монголын Үндэсний Телевиз 2003 онд “МҮТВ-ийн программын сүлжээний нэвтрүүлгүүдийн төрөл жанр ба ангилал, норм норматив”-ийг баталж тус телевизийн хөтөлбөрт Сурвалжлага, ярилцлага 13%, Теле сэтгүүл 36%, Нийтлэл 13%, Нийтлэл уран сайхны 2%, Цэнгээнт нэвтрүүлэг 24%, Шууд нэвтрүүлэг 9%, Уран сайхны тавилттай нэвтрүүлэг 1%, Сургалтын нэврүүлэг 2% -ийг эзлэж байгааг тогтоожээ.
 2007 онд МХХ-ээс МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг хийсэн нь Телевизийн хөтөлбөрийн бүтцийн ангилалд арга зүй, аргачлалын хувьд шинэлэг зүйл болсон юм.
Энэ нь нэвтрүүлгийг нэг л шинж тэмдгээр бус олон шинж тэмдгээр нь ангилах аргачлал ESCORT-ийг нэвтрүүлсэн байна. ESCORT гэдэг нь Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/ -ноос 1990-ээд оны дундуур нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлэгчдийн үйл ажиллагааг хооронд нь харьцуулж болмоор, бодитой, хялбар хэрэглэж болохоор ангиллын хувилбар юм. ESCORT нь радио телевизийн үйл ажиллагааны тухай ерөнхий төсөөлөл ойлголт болон төрөл зүйлийн талаарх ойлголтыг өгнө. Телевизийн хөтөлбөрийн ангиллын ESCORT аргачлал нь захиргаа, нэвтрүүлэг худалдан авалт, үзэгч, сонсогч, сүлжээ, цацалт, санхүүгийн мэдээллийг агуулдаг байна. “Нэвтрүүлэг бүр нь ангилалд багтаж, нарийвчлалд хамрагдсан байх (нөгөө талаар ангилал нь ямар ч нэвтрүүлгийг өөртөө багтаах чадвартай байх) шаардлагатай”[1] гэсэн арга зүйг удирдлага болгоод “Нэвтрүүлгийн ангиллын аль нэг хэмжүүрт (агуулгын ч юмуу) хамруулах нь учир дутагдалтай болно. Хэд хэд буюу заримдаа бүх хэмжүүрээр ангилж байж л сая утга төгөлдөр болдог” гээд нэг нэвтрүүлгийг зорилго, хэлбэр, агуулга, зорилтот бүлэг, үйлдвэрлэлийн гарал үүсэл гэсэн 5 шинж тэмдгээр нь /хэмжүүрээр/ ангилсан байна. Олон улсын хэмжээнд хэрэглэгддэг энэхүү ангилалын аргачлал нь өргөн нэвтрүүлэг эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг тусгасан, өмнөх ангилах аргуудын дутагдалыг арилгасан, иж бүрэн шинжтэйгээрээ давуу талтай байна. Өөрөөр хэлбэл нэвтрүүлэг бүр ангилалд багтаж байх, нөгөө талаар ангилал нь ямар ч нэвтрүүлгийг өөртөө багтаах чадвартай байх гэсэн аргазүй нь энэхүү ангилалын онцлогыг харуулж байна. Тухайлбал бидний өмнө дурьдсан ангилалаар учир дутагталтай байсан “Боловсрол” нэвтрүүлгийг авч үзвэл мэдээлэх зорилготой, теле сэтгүүл хэлбэрийн, агуулгын хувьд боловсролын салбарыг хөнддөг, МҮОНТ өөрийн хөрөнгөөр хийсэн нэвтрүүлэг хэмээн тодорхойлж болохоор болж байна.
            Энэхүү ангилалын аргыг анх удаа нэвтрүүлсэн нь ололттой тал боловч нэр томьёог зөв орчуулан буулгах, тодорхойлох тал дээр цаашид хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг судлаачид дахин ажиллах шаардлагатай юм.
Телевизийн хөтөлбөрийг ангилах Европын өргөн нэвтрүүлэгчдийн холбоо (EBU)-ээс боловсруулсан дээрх ESCORT аргачлал нь бид бүхний өмнө ашиглаж байсан нэг шинж тэмдгээр нь ангилах ангилалаас илүү боловсронгуй олон шинж тэмдгээр ангилж, цаашлаад телевизийн бодит үйл ажиллагаанд өдөр тутам хэрэглэгдэх боломжоороо давуу байгаа нь харагдаж байна.
Дүгнэлт:
            - Телевизийн хөтөлбөрийг ангилж судалж ирсэн өмнөх судалгаа, шинжилгээний баримтыг нэгтгэн дүгнэж үзвэл телевизийн нэвтрүүлгийг
·         Чиглэлээр нь
·         Төрөл зүйл буюу жанраар нь ангилж иржээ.
- Мөн телевизийн нэвтрүүлгийг
·         Нэг шинж тэмдгээр нь
·         Олон шинж тэмдгээр ангилж иржээ.
- Аль ч үед нийтлэг гаргаж ирсэн дутагдал бол ангилалын тодорхойлолт, нэр томьёог ойлгомжтой тодорхойлж ирээгүй байна.
- Мөн ангилалыг гардан хийж буй судлаачдын мэдлэг боловсрол, тухайн салбарын талаарх ойлголтоос хамаарч нэвтрүүлгийн хэлбэр, агуулга, зорилгыг зөв тодорхойлж чадахгүй тохиолдол нийтлэг ажиглагдаж байна.

- Телевизийн хөтөлбөрт шинжилгээ хийж, ангилж ирсэн судлаачид аль ангилалд, ямар нэвтрүүлгийг хамруулсан, тухайн телевизийн хөтөлбөрийн аль хугацааг хамруулсан, нэвтрүүлгийн давталтыг оруулж тооцсон эсэх зэргээ тодорхой хавсаргахгуй байгаа нь хөтөлбөрийн ангилалын аргачлалыг цаашид ашиглах, харьцуулан үзэхэд хүндрэл учруулж байна.



[1] МХХ.МСА. МҮОНТ-ийн шилжилтийн үеийн хөтөлбөрийн бүтэц, мэдээ, нэвтрүүлгийн агуулгын мониторинг (Судлаачдад зориулсан гарын авлага) Улаанбаатар 2007
Нийтэлсэн: Т.Батзориг

Телевизийн хөтөлбөрийн бүтцийн ангилал  
Үзсэн: 8512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй