Хуа хээтэй торгон дээлийг нарийн дурдангаар жавхайтал ороож, нэг мөр болгон гурваар сүлжсэн гэзгэндээ үзүүр, угийн сувдан даруулга зүүн, эмэгтэй хүний ёмбогор хийцтэй арван цагаантай эмээл дээр цээжээ ганалзуулан, мориныхоо гүйн хар алхаагаар асар тойрон хээмсэглэх нутгийн сайхан эгч нарыг сумын наадам дээр харж үзэсгэлэн гоогийн сайхныг анх мэдэрсэн шаврай бага наснаасаа эдүүгээ хүртэл мөнөөх сайхан эгч нар надад дан ганц харагдах өнгөний гоо, хас тунгалаг залуу насны сайхныг бус өрж барсан хорвоогийн үнэн худал, өнө мөнхөд оршихгүйн учирт, омгийг дарахын давхар давхар ухааныг үйл хөдлөл, үг яриа, үзэмж тунсагаараа, дурсамж дуртгалын минь угт хадаж үлдээснийг мэдээ нь үгүй явж. Яагаад вэ гэвэл хүүхэд ахуйдаа харсан тэдний тэр дүр зураг ороо бусгаа өнөө цагийн онхол донхолд бүдрэхийн үед ч тэр, ааг омгоо багтааж ядаад алаг хорвоог атгын чинээнд санах алмай үед ч тэр үргэлж “сэтгэлийн цээж”-нд минь нөмөр болж ур ухааныг үндэслүүлдэг учраас. Ф.М.Достоевский “Гоо сайхан ертөнцийг аврана” гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Ерөөсөө гоо сайхан гэдэг хүнд үзэгдэж харагдахдаа харах нүдний өнгөний сайхан, хадах сэтгэлийн ухаарахын сайхан хоёрыг давхар хайрладаг юм байна. Гэтэл өнөө цагийн дийлэнх эрхмүүд аливаа сайхныг хараад бэлгэ билгүүний цаадад байх мөн чанарын сайхныг мэдрэх бус бие сэтгэлийн наадад байх саваагүйн хүсэл, тачаангуйн сармагчиндаа хөтлүүлэх нь нэн элбэгшсэн энэ үе дор, дээр өгүүлснийг батлахын дэлгэрэнгүй үлгэр болсон сайхан ном хэвлэгджээ.
Тийм ээ сайхан ном. Нэр нь хүртэл “Агинастын шувуу”. Агинаст хэмээгчийн утгыг ном бичиг, эрдэм судлалын агуу хүн, монгол мэргэдийн оройн чимэг, их дуун хөрвүүлэгч Лхамсүрэнгийн Хүрэлбаатар ахай аман гэгээнээсээ “Энэ бол аглагийн орон, аглагийн орон гэдэг бол ариун баясалгалын орон” хэмээн нэгэнтээ өгүүлж байсан ба судар шастираас нягтлан байцаавал мөнөөхөн Дагнисын орон, Үржинхандын орон, ариун Сухавидын орон, ариун Удаяны орон хэмээн өгүүлэгдэх аг тарни, шашин зан үйлийн хатуу бясалгалыг бие, хэл, сэтгэлдээ хатамжин байж билэг оюун хийгээд бэлгэ билгүүн, үйлийн биеэр хүрдэг тэр гайхамшигт орнуудын нэгдсэн нэг нэрийтгэл ойлголтонд тулж байна. Тиймээс “Агинастын шувуу” хэмээх энэ ном бол буйд аглагт байх ариун бясалгалын орны шувуу болж таарлаа. Зөвхөн ариун бясалгалын оронд л байх тогосын үзэмжит, галабингаан шидэт тэрхүү гайхамшигт сайхан шувууг эрдэм ухааны илбээсээр авъяас билэгийн занганд оруулж бариад өнгөнд харагдах гоо хийгээд өвөр чанарт нь орших шид увдисыг бусад заримуудын сэтгэлийн толинд тусган мэдрүүлэгч нь ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн төвд хэлний тасгийн эрхлэгч, эрдэмтэн зохиолч, яруу найрагч Доржпаламын Сумъяа бөлгөө.
Тэрбээр эрдэмтэн хүнд байх, уран бүтээлч хүнд байх, бүсгүй хүн тэр дундаа эх хүнд байх, сэрэл мэдэрхүйгээр аливаад эмзэглэн, юмсыг нарийн торгон мэдэрч эгэл энгийн дотроос эгэлгүйг гаргаж, эгэлгүй гайхамшигт зүйлсийн энгийнийг олж, босгож сөхөөсөн дан давхар утгыг мөр бадаг болгондоо мөшөөлгөсөн шүлэг бүтээл олныг бүтээжээ. Өнгө алаг хорвоогийн буй бүхэн шалтгаан үрийн нандин холбоотой, түүний мөнхийн хөдөлгөөн дунд үйлийн үр боловсрох ч цаг хугацааны мөнгөн жуузыг хөлөглөн янагуух үнэний хил хайчийг даваад мөнх бусын үйлэнд очиж шингэх, хувьсан өөрчлөгдөх юмс бүхэн үзэгдэл хоосны мөн чанар боловч сансрын хүрдний чинагуух үнэнээр төрлийн хэлхээ дахин үргэлжлэх, учир шалтгааны гайхамшгийг агуулга хэлбэр, алслал ойртууллаараа нот өгүүлсэн “Нүүдэл” хэмээх гурван бүл шүлэгтээ
Тормон толгод ар араасаа хөөцөлдөнө
Тоосны үзүүрээс айлын нүүдэл наашилна
Тос хөвсөн цайгаа ижий минь самарна
Тоодон дээлээ бүслээд би нүүдэл тосно
Тэн тэнгээ хавиран нүүдэл зогсоно
Тэрмэн дээлтэй эгч инээсээр бууна
Тоос амилуулсаар нүүдлийн хонь ирнэ
Товир биетэй хоточ ачаагаа эргэнэ
Ээжийн гарын цайнд боорцог хөвнө
Эгшин зуур амсхийгээд нүүдэл хөдөлнө
Араг дотроос хүүхдийн толгой шоволзоно
Атан тэмээд гүвс гүвс алхана
Сүүлчийн тэмээний хонх дүн дүн дуугарна
Сүүмэн гуниг өндөлзүүлсээр нүүдэл алсарна
Энэ бол тус бүл шүлгийн эхний бүл. Элдэв хээлэн хуар байхгүй, эрхэмсэглэл маяглал хоёрын аль нь мэдэгдэхгүй этгээд үг хэллэг байхгүй, маш энгийн мөртлөө хүмүүний амьдралын үнэн мөний гэгээ болсон хуучирч шинэдэх, шинэдэж хуучрах жам ёсны үйл үйлдвэр тасралтгүй үргэлжилдгийн мөнхийн хэлхээг өгүүлжээ. Учир нь нүүдэл тосч байгаа “тоодон дээлтэй бяцхан охин”-д айлын нүүдэл “тоосны үзүүрээс наашилж”, наашилж ирээд үдлээд явахдаа охин хонгор насны гэнэн томоогүй сэтгэлийн гүнд өнө холын хаягдал болсон совин сэрэхүйн гэгээн “гуниг өндөлзүүлээд” одсон бол хоёрдугаар бүл шүлэгтээ
Ботгон бор толгод ар араасаа хөөцөлдөнө
Бодлын үзүүрээс холын нүүдэл наашилна
Босон суун өдөржин би харуулдана
Болох болохгүйг тэрсэж чи ирнэ
Үг үгнээсээ нуугаад байхад
Харц харцнаасаа хайр гэрэлтэнэ
Өөр өөрөөсөө зугатаад байхад
Өрц өрцнөөсөө сэтгэл жингэнэнэ
Хөөг хөөг ачаа сөөг сөөг зогсоно
Хөвөрхий бурантаг хөтлөх эзнээ тосно
Товлож бууриа үзээгүй байж
Тоонот гэрээ ачаалж яаж болох вэ
Тогтоож тооноо өргөхгүй байж
Тойроглож ханаа яаж дугуйлахав
Хорвоогийн тэнхлэг даган нүүдэл холдоно
Хоолойн цаана дуу болон нүүдэл шингэнэ
Өнөөх “тоодон дээлтэй” багад нь “тоосны үзүүрээс наашилдаг” байсан нүүдэл “босон суун өдөржин харуулдах” насанд нь “бодлын үзүүрээс” наашилдаг болж, тэмээн тэнгийн тал болж араг сэгсэнд толгой нь шоволзож явсан хэн нэгэнтэй харц харцаараа ойлголцдог болж, хорвоо ертөнц дэх бодтойд баригдах тоосрон ахуй нүүдэл жингийн их жим, холхи мөрөөдлийн сэтгэлд байх бодгүйд баригдах хүслийн агаарт тодронгуй их жим дээр давхарлан бууж буйг үйлийн эзнээр нөхцөлдүүлж тийн нөхцөлдүүлэхдээ сав шим ертөнцийн өнөөг маргаашид аваачиж, маргаашийг өнөөд авч ирдэг цаг хугацааны тасралтгүй эргэх хүрдэнд оруулсан байна. Энэ санаа нь гурав дах бүл шүлэг дээр улам батжин гүнзгийрч
Ингэн тэмээ шиг ихэр толгод гунганана
Эрт эртийн нүүдэл эргээд наашлана
Ус нутгаа баярлатал би гоёчихоод
Уртын урт нүүдэл чимээлж явна
Жаргал зовлонг хань минь тэгш тэнжээлээд
Жаран жарны хөлд тэн хазайхааргүй явна
Намс намс нэг хэмээр би алхуулж
Нарыг бүүвэйлж нүүдэл цуцахааргүй явна
Дэнхэн дэнхэн тэмээдийн тэнжээнд
Дэлхий ачаатай амьдрал нүүж явна
Холдон холдох хөсгийн нуруунд
Хорвоо хомноостой хүмүүс нүүж явна
Айлын нүүдэл дагаад ачаалдаггүй
Аралтай монголын арагны хүүхэд би
Бууриан товолчихоод ачаагаан хөөгөлдөг
Буурал түүхийн нүүдлийн хөтөч өө
“Тоодон дээлтэй” багадаа нүүдэл тосч байх ахуйд нь ачаа хөтөлсөн “тэрмэн дээлтэй эгч инээсээр бууж” байсан бол одоо өөрөө эргээд “ус нутгаа баярлатал гоёчихоод” нүүдлээ хөтлөн инээмсэглэн явж буй нь, сэгстэй тэмээний бөөрөнд толгой нь шоволзож явсан хүү хожмоо гэрэлт хайрыг нь эзэмдсэн төдийгүй одоо “жаргал зовлонг тэгш тэнжээлсэн” гэрийн эзэн, хань нь болж амьдралын аль ч нугачаанд “тэн хазайхааргүй” амьдарч яваа нь энэ шүлгийн “өнгөндөө нэгийг хэлж, гүндээ нөгөөг зааж” байгааг дэлгэрэнгүй гэж үзвэл машид тунгалаг дэлгэрэнгүй, хураангуй гэж үзвэл хумхын чинээнд нот багтсан хураангуй болгож байгаа хэрэг юм.
Энэ мэтчилэн уйтан явцуу заримуудын оюуны савд үл багтам, ур уянгын цаад дах утга гүнийг нуршин өгүүлэхээ түр орхиод уншигдах өнгөний наадад байх хэлэгдэх үг, хэрэглэгдэх юмсын тухайтад цухас дурдюу. Мянга мянган жилийн түүхтэй нүүдлийн агуу их хэл соёл шингэж буй нарны туяа мэт өдрөөс өдөрт хорж буй энэ цөвүүн цагт “хөөрхий дөө монгол хэл” минь нутаг дээр гээгдсэн шагай шиг хайхарч хандах, харж үзэх хүнгүй энэлэх болоод удав. Учир нь дээрх шүлэгт буй тоодон дээл, нүүдэл тосох, тэн ачаа, тэн тэнгээ хавирах, тэрмэн дээл, туувар хонь, товир бие, атан тэмээний сэгс сэгс алхаа, араг сэгсэнд хүүхдийн толгой шоволзох, тэмээний хонх, тэмээ хомнох, хөөг хөөг ачаа, сөөг сөөг тэмээ, хөвөрхий бурантаг, нутаг үзэх, нуруу ачих, тооно өргөх, хана дугуйлах, тэгш тэнчээлэх, тэн хазайхгүй, гэх зэрэг эдгээр үг хэллэгийг өнөөдөр хэн мэдэж, хэн бичив, ахуй нь алга учраас мартагдах гээд байна, адаглаад толь бичигт ч болов тодоор сийлээд үлдээчихье гэж хэн зүтгэв, хэн мэтгэв. Алдарт гавъяат уран зохиол С.Буяннэмэхийн бичсэн “Их тэнгэрийн дүлий” өгүүллэгт байх тэмээний хомны “шатны дуудай” гэдэг үгийг дал гарсан зохиолч Х.Зандраабайдий нутгийнхаа ная гарсан хөгшнөөс асуухад мэдэхгүй байх жишээтэй. Энэ бидэнд нэгийг эс хэллээ гэж үү. Маргаашийн ирээдүй минь “манараад байгаа шил” шиг болсон, нутаг буудлаа үзээгүй байж, нуруу ачаалаад хэдийнээ хөдөлчихсөн энэ их цөвүүн цагийн, энэ их нүүдэл дундаас нэгэн бүсгүй найрагч “тогтоож бууриан үзээгүй байж, тоонот гэрээн ачаалж яаж болох вэ” гэж тодоос тод хэлээд байнам бус уу.
Эрийн сэтгэлд байх хийморийн дарцагийг дэрвүүлсэн дэгдээ хөх салхитай сундлаа цэнхэр уулсын даван өнгөрөх онь хөтөл бүхэн дээр хадаг сэрс намиулсан овоо бий. Уул нутгийнхаа арзгар барзгар, хөрхгөр хүрэлгэр, гөлгөр гялтгар олон янзын чулуудаас цомойсон овоог би “овооны их тандаа, олзны их маньдаа” гэдэг үгийн утганд авчиран хүлж алс зам, аян холыг зорьсон хүний хүсэл бүхний дээж, газар лусын эзэн савдагийг аргадсан монгол ухааны суу гэж боддог. Гэтэл хэн бүхэнд тодорхой энэ нэг утгаас гадна бас нэгэн гүн холын санаа буйг яруу найрагч Д.Сумъяа “Алагийн дөрөлжийн их овоон дээр” гэдэг шүлэгтээ өгүүлсэн байна.
Аян замд хөлгийн туурай цуцаах
Асгарсан чулууг өөд нь хураадаг юм
Урт урт замын ужиг бодол
Улиран улирсаар овоо болдог юм
Өл овоон дээр гарсан аянчин
Өгсөж ирсэн замаа эргэж нэг хардаг юм
Өрөөлийн өлмий бүдэрчихвий гэж
Өнхөрсөн чулууг өөд нь тавьдаг юм
Энэ шүлэгт байх “аян замд хөлгийн туурай цуцаах, асгарсан чулууг өөд нь хураах” ухаан хийгээд “өрөөлийн өлмий бүдэрчихвий гэж, өнхөрсөн чулууг өөд нь татах” сэтгэл хоёр бол бүсгүй яруу найрагчид л байх хайр энэрлийн санаа. Яруу найрагч Д.Сумъяагаар эш болгоод үзвэл түүний цаана байх мянга мянган эх, мянга мянган ээжийн энэрэл хайрын их сэтгэл харагдана. Асга хадтай, алаг булагтай энэ орчлонд хүүгийнхээ алхах өргөстэй цэцэгтэй замын өргөсийг улаан гарынхаа өндөгнөөс цус шүүртэл түүх их хайр, их энэрэл зөвхөн эх хүнд л бий. Өрөөлийн үрийг ч өөрийн үрээс ялгалгүй хадаргаантай замынх нь өмнүүр сэтгэлээн дэвсэж, хат гантай дөрөөнд нь сүү өргөн энэрэл хайрыг цацруулах их нинж зөвхөн эх хүнд байдгийн тод жишээ бүсгүй яруу найрагч Д.Сумъяагийн зүрх тархиар дамжин шүлэг найрагт бууж буйгийн илрэл энэ буюу.
Түүний “Агинсатын шувуу” хэмээх номонд байх “Мэндийн шар нарны хорвоо”, “Эгшигт лимбийн хорвоо”, “Орчлон”, “Ертөнц”, “Хүмүүн ертөнц” зэрэг олон бүтээлээс нь ажхул, тэр байгаад үзэгдэх хорвоогийн номын гадаад өнгөний үзэмжийг, байхгүйд сэтгэгдэх номын номын дотоод өнгөөр эмбрийдэж, өөрийн сэтгэлийн аглагт орших гайхамшигт сайхан агинастын орныг онон сэнхэрээд, бэлгэ билгүүний саглагар навчит бодь модны нь доор бясалгалыг хичээн суухдаа шүлэг өгүүлэхийн гэгээрэлд хүрсэн мэт өвч санагдав.
Сэтгэлийн сэвүүн гэгээ сэжгийн мананг хөөдөг юм
Сэмбэрүү цэцэг тэнгэрийн ууланд ургадаг юм
Сэргэлэн билэг оюунт сэцэн хүмүүнд
Сэмхэн сэмрэх согтонги он цаг хамаагүй
[Мэндийн шар нарны хорвоо]
Бөмбөрцөг дэлхийг бөмбөрдөж туулнаа гээд
Бөрт сарны дор бөгцөг няслаж суув шүү
Бүлээн нулимс аньсаганд нь мэлс мэлсхийж
Бүхнийг ачлан Бурхан энэрч суухад шүү
[Эгшигт лимбийн хорвоо]
Алуунчиг хорвоогийн ааш аяг хийгээд алдхан биений алдаа онооны дэнсэн дээгүүр бид хазаар дугтчин тэлгүүлэх хүсэл шуналын морины жолоо цулбуурыг алдаж, атгаж явахдаа, мөнх бусын орчлон дах юмс үзэгдэл бие биесээ нөхцөлдүүлдгийн шалтгалцал хийгээд мөн чанарыг авах гээхийн ухааны авхаалж самбаагаар онож сэхээрсэн нь хэдсэн билээ.
Ухаандаа “сэргэлэн билэг оюунт сэцэн хүмүүнд” сэмрэн одох он цаг “согтонги” хийгээд огт хамааралгүйн тухай. Бүхний зовлонг сэтгэл зүрхэн дундуураа нэвт туулуулаад өмнөөс нь өрөвдөн, өр өмрөхдөө “хайлан” суугаа Бурханыг хайхралгүй “бөгцөг няслан” суусныгаа улирах цагийн толинд өөрийг тусган байж хэн мэдрэв, хэн бичив.
Тийм ээ үүнийг гагц Д.Сумъяа бичив. Тэр өөрийн дотоод дахь буруу уналын атгагаас хагацаж, мунхаг сэтгэлийн өнгөнд харагдах хорвоо түүний буруу дээр гэрэлт сэтгэлийн гүнээс сацрах зөвийн нарыг хурц тусгаж чадав. Ийм номыг уншсандаа сэтгэлийн бах ханаж, гоо сайхны цэнгэг агаараар “тархиныхаа цээж”-ийг тэнийтэл амьсгалав. Дуртгалын манангийн цагаан сэжүүрээс шашир дэлтэй хүлэг морин дээрээ яльгүй хөндлөн сууж, сайхны цагаан туяаг, сац орчиндоо цацруулан галигуулж наашлах нутгийн эгч нарын төгс үзэмж, цахилан одох он цагийн буурал цээжинд өнгөндөө нэгийг хэлээд өнгөрсөн боловч, одоо бодохнээ гүндээ нөгөөг заасныг ийн ухаарав би. Ийм номыг утга зохиолын ертөнц байх “Агинастын орныг” олж хараад очиж суусан хийгээд ундрах сэтгэлийн дотоодод байх “Агнинастын орноо” таниж мэдрээд гийн бясалгасан хүн л бичих буюу. Баяссан сэтгэлийнхээ хөөрлийг даралгүй дагуулж бодвол ийм хүн л номондоо “Агинастын шувуу” гэдэг нэрийг өгөх эрхтэй буюу. Яагаад вэ гэвэл Агинастын орон гэдэг бол аглагийн газар учраас тэр.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.