
... Зүүний сүвэгчээр ч багтах он жилүүдийн урсгалд
Зүгээр л дэргэд минь байж хайрла
Ижий гэж дуудах болгондоо баярладаг
Ижил хэдэн хүүхэддээ урт насалж хайрла... хэмээн хайлан дуулах нэгэн бүсгүй өнгөрсөн хоёр үдшийн турш Бөхийн өргөө дүүрэн үзэгчийг дэргэдээ аргамжлаа.

Өөрийнх нь гэр бүлд тохиолдоод байгаа хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчний эсрэг хүчин мөхөсдсөндөө тэрээр урлагийн оддоор тайзыг халгиж, цалигуулав. Хүн бүхний сэтгэл зүрх рүү сүүн цагаан мөр татуулан урсаж мэгшив, дуулж хайлав, бас мэхийж хүндэтгэв.

Түүнийг Бужгарын Гантигмаа гэх. Айл гэрийн хойморт үдэш бүр урилгагүй зочилдог болохоор Б.Гантигмааг балчирхан хүүхдээс өтгөс хүртэл андахгүй. МҮОНТ хэмээх том айлын босгоноос 20 жил холдож үзээгүй нэвтрүүлэгч бүсгүй маань өөрийн эгч болох Б.Болормаагийнхаа халуун амийг аврахаар түмэн олондоо хандаж энэхүү хоёр өдрийн тоглолтыг зохион байгуулсан аж.
Нэгэн эцэг, эхийн аминаас зулай зулайгаа гишгэн амь тасалж төрсөн эгч дүүсийн нэг нь өнөөдөр нэгэндээ амь тасалж өгөх хойшлуулшгүй цаг хугацааны өмнө иржээ. Тиймээс Монгол түмний минь хайрлаж хүндэлж явдаг нэвтрүүлэгч Б.Гантигмаа эгчийнхээ амьдралын үргэлжлэл болохоор өөрөөсөө нэгэн амь тасалж өгөхөөр ийн шийджээ. Харин дүүгийн дэвссэн хайрыг эмчилгээнд нэн шаардлагатай байгаа санхүүгийн нөхцөл байдал чөдөрлөжээ. Энэ байдлаас гарч чадах цорын ганц гарц бол түмэн олны халуун сэтгэл аж. Үүнийг дуулсан, мэдсэн зон олон нийтийн дууны болон рок, попын оддоос бүрдсэн хоёр өдрийн тоглолтын билетийг гарсан даруйд нь дуусгаж орхив.

Хоёр үдшийн турш үзэгчээр дүүрэн байсан Бөхийн өргөө нийтийн дуучид хийгээд рок, попын дуучид хамтлагуудыг шингээх зайгүй, цаггүй халгиж, цалигаж байлаа. Өөрсдийнхөө халуун сэтгэлийг өвөрлөж ирсэн зарим нэг нийтийн дуучид, хамтлаг, дуучдыг цаггүй улмаас “уучлаарай, баярлалаа” хэмээн буцааж байсныг ч нуух юун.
Энэ хоёр үдэш үнэхээр өвлийн тэргүүн сарын жаврыг бүлээцүүлсэн, зөөллөж аргадсан хайрын үдэш байлаа. Тэнгэрийн мичид атаархмаар газрын одод нэг доор чуулсан дуун түрлэгтэй эгшиглэн байлаа.

Монголын уран сайхны “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр зон түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнхөрсөн МУГЖ Ш.Дэлгэржаргалын том охинд тохиолдоод буй аюулт өвчнийг дарж авахаар Б.Гантигмаагийн уран бүтээлийн анд найз нар нь бүгдээрээ сэтгэлээ шингээсэн “Элэг Зүрхний Хайртай Ээждээ” хандивын тоглолтын ард амжилттай гарч чадлаа. Тэд зангидсан гар шиг, нэг хүн шиг ажиллаж чадлаа.

Тоглолтын сүүлийн өдөр СТА Б.Гантигмаа нийт монголчууддаа хандан ийн хэлсэн юм. Тэрээр “Энэ хоёр өдрийн турш ээж, эгч, ах, дүүс нарт минь дэмжиж тусалсан, халуун сэтгэлээ зориулсан, гараа сунгасан хайртай үзэгч та бүхэндээ, монголын мянга мянган ард түмэндээ баярлаж, талархснаа гэр бүлийнхээ өмнөөс илэрхийлэе. Та бүхэндээ мэхийн ёслоё. Эгчтэйгээ би элгээ хуваалцаад, ээжийнхээ элгийг дэвтээгээд, халуун сэтгэлт монголчууд та бүхэнтэйгээ эргэн уулзах тэр өдрийн ерөөлийг өргөе” хэмээн сэтгэлийн үгсээ урсгав.
Хоёр өдөр үргэлжилсэн халуун сэтгэлийн хандивын тоглолтонд МҮОНРТ-ийн бүх нэвтрүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж, үзэгчдийг дуучдаасаа дутуугүй суудлаас нь өндөлзүүлэн хөтлөлт хийж байсныг энд өгүүлье.

Дашрамд өгүүлэхэд тоглолт үзэж амжаагүй ч, хандив, дэмжлэг үзүүлэхийг хүссэн хэн бүхэн Хаанбанк: Данс - 5026 37 6207, 5031 71 7129, Төрийн банк: Данс -1020 000 2856, Мессеж 150 850 гэсэн дансаар халуун сэтгэлийн хандиваа өгч болохын зэрэгцээ, мессеж илгээж болох юм байна. Таны буяны цагаан мөртэй тус дэмжлэг Б.Гантигмаагийн гэр бүлд хэрэгтэй.
Гэрэл зургийг С.БАТГҮР
Халгиж, цалгисан халуун сэтгэл | ||
Үзсэн: 5558 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.