Шууд Chart

Сирийн хямралын асуудлаар Астанад хуралдана

2017-12-21 14:52:28

Сирийн хямралын асуудлаарх наймдугаар хурал өнөөдөр Казакстаны нийслэл Астана хотод болно. Хурлыг ОХУ, Турк, Иран улс санаачилж байгаа юм. Төлөөлөгчид өчигдөр Астана хотод ирсэн гэж Казакстаны Гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.

Сирид өнөөдөр ч хямрал мөргөлдөөн үргэлжилсээр байна гэсэн мэдээлэл байна. Хамгийн сүүлд л гэхэд лхагва гарагт шилжих шөнө босогчдын байрладаг Идлиб мужид болсон агаарын дайралтын улмаас нас барагсдын дотор бага насны 7 хүүхэд байсныг Сири дэх Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.

Уг нь Турк улстай хиллэдэг Сирийн Идлиб хэмээх энэ муж нь ОХУ-ын талын зуучлалтайгаар байгуулсан мөргөлдөөн зогсоох хэлэлцээрийн нэг хэсэг буюу баруун Сирид тогтоосон хямрал мөргөлдөөнгүй бүсийн нэг юм. 

Тиймээс найм дахь удаагийн хурлаар хямрал мөргөлдөөнгүй бүсийн үйл ажиллагааг хэлэлцэх юм. Ер нь энэ хямрал мөргөлдөөний улмаас хоригдож байгаа хүмүүсийг суллах, цогцос шилжүүлэх, сураггүй болсон хүмүүсийг эрэн хайхад анхаарал хандуулна гэж Казакстаны Гадаад хэргийн яам  энэ сарын эхээр мэдэгдэж байсныг зарим хэвлэл сануулж байна.

Үүнээс өмнө Швейцарийн нийслэл Женев хотод НҮБ-ын дэмжлэгтэй Сирийн асуудлаарх хурал болох байсан ч, Сирийн Засгийн газар, сөрөг хүчний хоорондох мухардмал харилцааг зогсоох шаардлагатай байсан учраас цуцлагдсан юм.

Сирид бараг долоон жил үргэлжилж байгаа хямрал мөргөлдөөний улмаас хэдэн зуун мянган Сири иргэн амь насаа алдаж, хэдэн ая хүн орон гэргүй болоод байгаа юм. Тодруулбал, өнгөрөгч 11 дүгээр сарын дунд үеэс хойш Дамаск хотын захад байдаг Гута тосгонд болсон бөмбөгдөлтийн улмаас тосгоны 200 гаруй иргэн амь насаа алдсан байна.


Сирийн хямралын асуудлаар Астанад хуралдана   
Үзсэн: 1316 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй