
Пүрэв гарагт НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай чуулган хуралдаж, Иерусалемийг Израйлийн нийслэлээр зарласан Вашингтоны шийдвэрийг эсэргүүцсэн тогтоол гаргах эсэх талаар санал хураалаа.
Тусгай чуулганыг Арабын болон Муслим улс орнуудын хүсэлтээр зохион байгуулсан юм. Санал хураалтад НҮБ-ын гишүүн 193 орны төлөөлөгч оролцох ёстойгоос 21 орон оролцоогүй байна. Үлдсэн 172 орны 128 нь Трампын шийдвэрийг эсэргүүцсэн тогтоол гаргахыг дэмжсэн бол 35 нь татгалзаж, 9 улс эсэргүүцжээ.
НҮБ-ын тогтоолыг эсэргүүцсэн 9 оронд АНУ, Израйль, Гватемал, Гондурас, Маршалын арлууд, Микронези, Науру, Палау, Того зэрэг орон багтжээ. Санал хураалтад оролцоогүй болон АНУ-ыг дэмжиж, НҮБ-ын тогтоолыг эсэргүүцсэн орнууд нь Вашингтоноос тусламж дэмжлэг авдаг орнууд аж.
Трамп НҮБ-ын чуулганы өмнө хийсэн мэдэгдэлдээ өөрийнх нь шийдвэрийн эсрэг санал өгсөн орнуудад үзүүлэх тусламжаа зогсооно гэж сүрдүүлж байсан юм. Мөн санал хураалтын өмнө НҮБ дахь АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэйли улс орнуудын төлөөлөгчдөд хандаж үг хэлэхдээ мөн л сүрдүүлсэн агуулгатай санаа илэрхийлсэн. 1967 онд Израйльчууд Палестины харьяанд байдаг зүүн Иерусалемийг булаан эзэлж, тус хотыг бүхэлд нь өөрийн нийслэл гэж зарлаж байсан юм.
Иерусалемийг Израйлийн нийслэлээр зарласан Вашингтоны шийдвэрийг эсэргүүцсэн тогтоол гаргах эсэх талаар санал хураалаа | ||
Үзсэн: 1879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.