Шууд Chart

Нярай хүүхдийг сэгсрэх аюултай

2018-01-01 13:00:28

Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болж ямар гэмтэл үүсдэгийг та мэдэх үү. Сүүлийн жилүүдэд бага насны насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байна. Уг хам шинж нь хүүхдэдээ уурлаж уцаарласан эцэг, эхчүүд түүнийг хүчтэй сэгсэрснээс үүсдэг. Зарим эцэг, эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь төсөөлж буйгаас тань ч илүү хөнөөлтэй байж мэднэ.

Гэмтэл яагаад үүсдэг вэ

Бага насны, ялангуяа 5-аас доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй юм. Учир нь нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ. Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохидог. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс усжилт үүсэх, тархинд цус харваж болзошгүй.

Эцэг эхчүүд, хүүхэд асрамжлагчид:


Нярай хүүхдийн уйлж буй шалтгааныг мэддэггүйгээс

Хүүхдийг аргадаж тайвшруулах арга мэдэхгүй, уурлаж уцаарласнаас

Өөрсдөө сэтгэл санааны дарамттай тул уйлж буй хүүхдээ төвөгшөөснөөс хүүхдээ сэгсэрдэг.

Үр дагавар:

Тархинд цус харвах

Нүдний торлог бүрхэвчинд цус харвах

Нугасны гэмтэл/ саажилт

Татаж унадаг болох

Сохрох

Ясны бэртэл

Хэл яриа болон анхаарал төвлөрүүлэх хүндрэлтэй болох

Тухайн өдөр таны хувьд хүнд хэцүү байсан ч, та их ядарсан ч, шөнө орой хүүхэд чинь уйлж байсан ч, хүүхэд чинь хоолоо идэхгүй ч, бүх зүйлс бүтэлгүй мэт байсан ч нярай хүүхдийг сэгсэрч болохгүй. Бага насны хүүхдийг дээшээ шидэж тоглох, хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай. Таваас доош насны хүүхдийг хэдийд ч сэгсэрч болохгүй. Нярай хүүхдийг тэврэхдээ түүнтэй тоглохдоо үргэлж толгойг нь түшиж бай. Хүүхдийг чинь асарч, хардаг хүн бүрт уг хам шинжийн тухай ярьж, хүүхдийг сэгсрэх нь аюултай болохыг ойлгуул.

ХҮҮХЭД УЙЛААД БАЙВАЛ:

Хүүхдэд ямар нэгэн хэрэгцээ, зовиур байгаа эсэхийг шалгаарай. Хүүхдэд угж, хөхийг нь өг. Түүнийг тэвэрч бүүвэйл. Эсвэл дуу дуулж, намуун ая тавьж өгөөрэй. Хүүхдээ салхинд гаргаж ч болох юм шүү.


Нярай хүүхдийг сэгсрэх аюултай  
Үзсэн: 2986 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй