
Тэртээх гал гахай жилийн хаврын эхэн сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр Завхан аймгийн Сонгино сумын “Мөнхийн суу” хэмээх газар нутгийн уугуул Базарваанийн гэрт бяцхан охин дуу хадаан мэндэлжээ. Өөдөсхөн охиныг тийм ерөөлт сайхан өдөр үүр гэгээрэхэд төрсөнд нь олон хүн бэлгэшээж, ямар нэр оноохоо ярилцаж эхэлтэл Базарваань аав нь Бадамрагчаа хэмээх нэр оноож монгол ёсоор гурвантаа чихэнд нь шивнэжээ.
Ингээд түүнийг дөнгөж хөлд ормогц арганд суулгаж, ачаатай тэмээн дээр бэхлээд, гэр бүлээрээ Улаанбаатарт ирж суурьшив. Хотын айл болоод удаагүй байтал өрхийн тэргүүн Базарваань гэнэт өөд болсонд хөөрхий эхнэр нь хэдэн хүүхдээ аваад буцаад л нутгаа бараадахаас аргагүйд хүрчээ. Хүний төрж өссөн, идээшин дассан нутаг ус ямагт эцэг эх, элгэн садан шиг нь хамгаас сэтгэлд ойр байж, өлзий буян өгөөж хишгээ хайрлах хүйн холбоотой ажгуу...
Тиймээс л өнчин олон үрсээрээ хормойдуулан өрх толгойлж үлдсэн өр зөөлөн ээж эргээд л нутгаа зорин очсон нь тэр буй за. Энэ үед айлын бага хүүхэд байсан тавхан настай Бадамрагчаа байн байн аавыгаа асууж, зарим үед нууцхан далд уйлдаг ч байж. Ийм байдал удаан хугацаагаар /3 жил/ үргэлжлэхэд ээжийнх нь арга барагдаж, нялх охиноо сэтгэл санааны гүн хямралд оруулахгүйн тулд алсдаа аавынх нь нэрийг сануулахгүйг хичээж хойт эцгээр нь овоглох болжээ.
Ийн Жанжаадоржийн Бадамрагчаа гэж овоглож эхэлтэл хавь ойрын айл саахалтын хүүхдүүд Бадам нэрийг нь орхиж дуудсаар Рагчаа нь үлдэж. Эднийхэн хэдийгээр буцаад хөдөөнөө очсон боловч гурван жилийн дараа дахин Улаанбаатарт ирж Рагчаа охин Зүүнхараагийн бага сургуулийн 1-р ангид оржээ.
Гэтэл ангийн багш нь хожмын ардын уран зохиолч, төрийн шагналт Сормуунэршийн Дашдооров байсан нь өдгөө юутай ховор сонин дурсамж билээ. Харин тухайн үед Рагчаа охин Налайх, Сэргэлэн сумын сургуулиудад дамжин сурч, эцэст нь нийслэлийн 24-р сургуулийн 8-р ангийг дүүргэв. Яг энэ үед дуулдаг, мандалин хөгжим тоглодог, биелгээ бүждэг байсан гэдэгтээ хөтлөгдөн урлагийн газруудаар явж таарч тохирох ажил эрэлхийлжээ.
Тэгтэл тухайн үеийн Хүүхэлдэйн театрийн дарга "Чи дэндүү хүүхдээрээ байна. Гэвч шаггүй авьяастай юм. 300 төгрөгийн цалинтай дагалдан жүжигчнээр аваад үзье” гэжээ.
Ийнхүү жүжигчин болчихоод Радиод ирж “Лусын дагина” жүжгийн гол дүрд тоглотол Радиогийн найруулагч Алтангэрэл "Чиний дуу хоолой нэвтрүүлэгч болчихмоор зөв өнгөтэй юм. Шалгуулж болно шүү дээ" гэв. Энэхүү урмын сайхан үгийг сонсоод, шалгуултал тэнцэж Монголын радиогийн нэвтрүүлэгч болох нь тэр...
Энэ үе бол 1966 он байсан бөгөөд нийслэл Улаанбаатар хотод гэнэтийн их үер бууж, хөгшид хүүхэдгүй цөм л орох байх газраа олж ядан айхтар сандралдсан хэцүүхэн цаг байж. Рагчаа ах дүүс, анд найз, ер таних л бүхэндээ нэвтрүүлэгч болсноо хэлж дуулгасан ч түүний баярыг хуваалцах хүн тэрхэн үед даанч олдоогүй юмсанж. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монголын үндэсний радио телевизэд хагас зуун жил ажиллажээ.
Түүний он удаан жилийн хөдөлмөр зүтгэл, авьяас чадварыг төр өндрөөр үнэлэн 2006 онд Монгол Улсын СГЗ цолоор энгэрийг нь мялаасан юм. Рагчаа гавьяатыг хамт олон, ойр дотныхон нь бүгд л Рагаа хэмээн хүндэтгэн дуудна. Тэр зөвхөн нэвтрүүлэгч бус чадварлаг сайн дуучин.
Байгууллага хамт олны ямар ч үйл ажиллагаанд заавал дуулна. Гайхалтай дуулахыг нь сонссон хүн бүр алга нижигнүүлж, зарим нь та ямар гоё дуулдаг юм бэ гэхэд “Би сайн дуулдагтаа биш ээ дуу нь өөрөө сайхан байхгүй юу даа” гэж хошигноно. Үнэндээ ч аль аль нь л байж хүний зүрх сэтгэлд хүрэх учиртай.
Гавьяат маань нэвтрүүлэгч хэрнээ ийнхүү мэргэжлийн дуучин лугаа аргагүй сайхан дуулдаг нь бурхан багш түүнд дуу хоолойн хос авьяасыг харамгүй хайрласан гэлтэй. Тэрбээр зохиолын, ардын, дуурийн гээд олон төрлөөр гаргууд сайн дуулна.
Хааяахан хамт олныхоо дунд дуулж суухдаа гэнэт дуурийн дуучны өнгө аяс руу хувирч биднийг чимээгүй болгоно. Ингэж бяцхан бужигнуулж холиох нь дуулахын илүүгээ харуулах мэт. Тэр сайн дуулахаас гадна бас сайхан дууны эзэн бүсгүй билээ. Түүний анхны хань УГЗ, нэрт хөгжмийн зохиолч Ж.Шараа, СГЗ Ж.Бадраад үгийг нь захиалж өөрөө хөгжмийг нь бичиж, МУГЖ Оросоогоор дуулуулсан “Дэлгэрхэн дэлхий” дуугаа Рагчаадаа зориулан бүтээсэн гэдэг.
Дуунд мөнхөрсөн гавьяат маань энэ дуугаа дуулах мөн ч дуртай. Өөрт нь зориулсан гэдгээс гадна дуу өөрөө хүний далд сэтгэлийн нандин утсыг хөндөж, эрт эдүгээгийн дурсамж бүхнийг сэргээн санагдуулдаг учраас тэр буй за.
Монголын Радио үүсэн байгуулагдсан 80 гаруй жилийн хугацаанд Рагчаа нэртэй гурван үеийн нэвтрүүлэгч төржээ. Анхных нь хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн дээхэн цагийн бүсгүй Рагчаа гуай. Удаах нь тухайн цагтаа сайхан залуу хэмээгдэж явсан, хожмоо Радиогийн нэрт найруулагч болсон дунд үеийн Ц. Рагчаа. Гурав дахь нь өдгөө 52 дахь жилдээ ажиллаж байгаа СГЗ Жанжаадоржийн Рагчаа.
Ийнхүү өөр өөрийн цаг үеийг тодоос тод бүтээсэн гурван үеийн Рагчаа нарын уншиж, найруулсан ховор сайхан уран бүтээлүүд Монголын Радио, Телевизийн алтан сан хөмрөгт хадгалагдсаар...
Тухайлбал, Ж.Рагчаа гавьяатын сүүлийн хориод жил тасралтгүй уншсан бурхны сайхан сургааль, айлдвар нэвтрүүлэг олон бий. МУСГЗ Ж.Рагчаа “Монголын эгшиглэн 30 жил”, мөн “35 жил", “Микрофоны өмнө 50 жил” зэрэг тайлан өдөрлөг, телевизийн “Шүтээн” нэвтрүүлэг хийсэн нь мөн л алтан санд буй.
Мөн түүний дуулсан олон сайхан дуунууд Монголын радиогоор эгшиглэсээр... Авьяас тэтгэвэрт гардаггүй гэдэг энэ буй заа.
МУСГЗ: Нэвтрүүлэгч Гаваагийн Отгон
Дуучин нэвтрүүлэгч | ||
Үзсэн: 1339 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.