
Иргэдийн хэлж заншсанаар Эх нялхас буюу
-Танай эмнэлгийн эмч нар өнөөдөр “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийж байгаа юм билээ. Үзлэг хэдэн хувьтай явж байна?
-ЭХЭМҮТ үүсгэн байгуулагдсаны буюу Монгол Улсад анх хүүхдийн эмнэлэг байгуулагдсаны 90 жилийн ой ирэх есдүгээр сарын 8-12-нд болно. Манай ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмч нар 90 жилийн ойгоо угтан хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тухайлбал, энэ сарын 8-9-нд Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран тус аймагт ажиллаж, 158 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, үүнээс хүйсний ивэрхий, төмсөг усжилт, төмсөгний судасны өргөсөл зэрэг оноштой хагалгаа хийх шаардлагатай 34 хүүхдэд мэс засал хийсэн. Үүнээс гадна өөрсдийн санаачилгаар гадаах талбайн ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, орчин тойрноо зүлэгжүүлэх ажил хийж байна.
Мөн өнөөдөр манай эмнэлгийн 14 эмч 09:00-18:00 цагийн хооронд “Өнөр бүл” төвийн 3-18 насны 120 орчим хүүхдэд чих хамар хоолой, нүд хараа хамгаалал, шүд, эрүү нүүрний гажиг засал, дотор зүрх судас, дүрс оношилгоо, мэдрэлийн эмгэг судлал, бөөрний мэс заслын үзлэг гэсэн долоон чиглэлээр нарийн мэргэжлийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоогийн байдлаар үзлэг 70 орчим хувьтай байна. Үүнээс чихний хэнгэрэг нөхөх тав, эрүү нүүрний гажиг заслын тэр дундаа богино хөвчний хагалгаанд орох шаардлагатай хоёр, цавины ивэрхийтэй гурав, сормуусны буруу ургалт хоёр, гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй 14 хүүхэд оношлогдсон. Манай эмч нар эдгээр мэс заслын тусламж шаардлагатай хүүхдүүдийн мэс заслын эмчилгээг “Өнөр бүл” төвийн эмч, багш нартай зөвшилцөн ЭХЭМҮТ-д товлоно.
-Сүүлийн саруудад ЭХЭМҮТ-ийн ачаалал эрс нэмэгдэж байна гэсэн. Яаралтай тусламжийн тасагт үзүүлж буй хүүхдүүд ихэвчлэн ямар шалтгааны улмаас танайд хүргэгдэж байна?
-Манай ЭХЭМҮТ Монгол Улсын хэмжээнд хүүхдийн нарийн мэргэжлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний ганц лавлагаа төв учир ачаалал өндөр байдаг. Нарийн мэргэжлийн эмч нар амбулаториор үзлэг хийхээс гадна яаралтай тусламжийн тасаг нийслэлийн есөн дүүргээс гадна 21 аймгаас өвчтөн хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үед хэвлийн өвдөлт, халууралттай, арьс зөөлөн эдийн идээт үрэвсэлтэй хүүхдүүд тусламж авахаас гадна ахуйн осолд өртсөн хүүхдүүд яаралтай тусламжийн тасагт ирж байна.
-Хүүхдүүд ахуйн осолд өртөж байгаатай холбогдуулан эцэг, эхчүүдэд юуг анхааруулж захих вэ?
-Эцэг эх, асран хамгаалагч нар нь түрхэн хугацаанд анхаарлаа сулруулснаас болж эрүүл саруул гэртээ тоглож байсан 1-8 насны хүүхдүүд зоосон мөнгө, цагны товчин зай, лего тоглоом, хүүхдийн тоглоомоос гардаг жижиг соронз зэрэг зүйлсийг амандаа үмхэж залгих, хахах, цаашлаад тухайн эд зүйл улаан хоолойд нь, амьсгалын замд нь тээглэснээр амь насанд нь аюултай эрсдэл гарч манай яаралтай тусламжийн тасагт ирж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байна. Ийм эцэг эх, асран хамгаалагч нар гэрийнхээ үүднээс хоймор хүртлээ “мөлхөө үзлэг” хийх хэрэгтэй. Учир нь дээр дурдсан жижиг зүйлс томчуудын нүдэнд төдийлөн анзаарагддаггүй. Тиймээс гэрийнхээ сандал ширээ, шүүгээ зэрэг элдэв тавилгын доор хүүхэд амандаа үмхэж болох зүйлс байгаа эсэхийг шалгаж, цэвэрлэн хүүхдээ аюулгүй орчинд торниулах хэрэгтэй. Үүнээс гадна бохирын хоолойн бөглөөс гаргадаг болон ижил төрлийн үйлчилгээтэй янз бүрийн хүчил, шүлт агуулсан шингэн, хуурай бодисыг хүүхдийн гар хүрэх байрлуулснаас болж, хүүхэд сониучирхан залгиснаар ахуйн осолд өртөж, хоол боловсруулах зам түлэгдэх, хүнд гэмтэх, тахир дутуу болох эрсдэл гардаг. Тиймээс хүчил, шүлт агуулсан элдэв шингэн, хуурай бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар эсвэл цоож, түгжээтэй өрөө, шургуулганд хадгалах хэрэгтэй.
Д.Чулуунхүү: Эцэг эхчүүд 1-8 насны хүүхдээ ахуйн ослоос сэргийлж, гэртээ “мөлхөө үзлэг” хийх хэрэгтэй | ||
Үзсэн: 4490 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.