
Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тоо жил бүр дунджаар 7-9 хувиар өсөж байна.
Хэрэв энэ өсөлт хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд хотын гол гудамж, замын ачаалал оргил бус цагийн үед ч автомашины дундаж хурд 5 км/цаг хүртэл буурах тооцоо гарсан.
Тиймээс нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд авто замын сүлжээг өргөтгөх, шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь “Шинэ тойрог зам” төсөл юм.
Уг төсөл нь хоёр чиглэлд хэрэгжихээр төлөвлөгдсөн бөгөөд эхний буюу Нэгдүгээр тойрог замын трасс нь ТЭЦ-4-ийн авто замаас эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард Аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн мянгын эцэс, Хайлаастын гудамж, Долоон буудал, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээ, Хилчний гудамж, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжаар дамжин өнгөрнө.
Харин Хоёрдугаар тойрог зам нь хотын захын бүсийн дэд төвийг хамарч баруун болон зүүн чиглэлээр Туулын хурдны зам болон Нэгдүгээр тойрог авто замтай холбогдох юм. Баруун чиглэлийн урт 14.9–15.1 км байхаар төлөвлөгдөж, 22-ын товчооноос эхлэн Тахилтын авто зам, Найрамдлын зам, Нарангийн гудамжны төгсгөл, Улаанчулуутын хогийн цэгийн орчмоор дайран өнгөрч Баянхошууны уулзварт хүрч Нэгдүгээр тойрог замтай холбогдох юм. Зүүн чиглэлийн урт 5.7–6.6 км байх бөгөөд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв орчим, Улиастай, Гачууртын чиглэлд үргэлжилж, эцэст нь Туулын хурдны замтай огтлолцох юм. Авто замын трассыг гурван өөр хувилбараар боловсруулсан бөгөөд нийт урт 20.7–21.7 км байна.
Газар чөлөөлөлт болон бусад нөхцөл байдлыг харгалзан эдгээр хувилбаруудад нарийвчилсан судалгаа хийж, инженерийн шугам сүлжээний байгууллагуудаас санал авч, эцсийн хувилбарыг сонгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар авто замын төлөвлөлт хийж, тоо хэмжээ бодох ажил дууссан. Төслийн ТЭЗҮ-ийн гүйцэтгэл 70 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хоёрдугаар тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 70 хувьтай үргэлжилж байна | ||
Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.