
Тодорхойлолт: Ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцад ажиллах нөхцөл, ажлын ачаалал, хамт олны уур амьсгал, харилцаанаас тэдний сэтгэл санаа, бие организмд үүссэн дарамт, түүнийг даван туулах, дасан зохицох гэсэн хүч энерги бүхий хариу үйлдлийг ажлын байрны стресс гэж үзнэ.
Ажлын байрны стрессийн нөлөө: Ажлын байрны стресс нь мэргэжлийн ур чадварт нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэнд, хувийн амьдралд ч нөлөөлдөг. Ажлын байрны стресс нь тухайн хүний сэтгэлийн тэнхээ, бие-махбодийн эсэргүүцэл, мэдлэг туршлага, зан араншин, хүмүүжил, дадал зуршил зэргээс хамааран хүн бүрт харилцан адилгүй нөлөөлдөг байна.
Ажлын байрны стрессийн түгээмэл шалтгаанууд: Эдгээр нь:
- Ажлын хэт ачаалал. Даалгасан хугацаанд нийцэхгүй ажлыг гүйцэтгэж байгаа үед хүмүүс ажлын ачаалалд автдаг. Нэгэн судалгаанаас харахад[1], манай улсын эмч, сувилагчдын 73.3% нь ажлын хэт ачааллаас үүдэн ажлын байрны стресст өртдөг байна.
- Ажлын уйтгартай хэв маяг. Нэгэн хэвийн уйтгартай ажил хийх нь үргэлж өөрчлөгдөж байдаг хүний амьдралын хэмнэлд нийцэлгүй мөн л стресст хүргэдэг байна.
- Ажлын шат ахих боломж тодорхойгүй байх. Ажилтнуудад ирээдүйг нь баталгаатай болгох карьер, мөн амжилт гарган шат ахих хэрэгцээ их байдагч олон шалтгааны улмаас ажлын шат ахих боломжгүй байх нь ажилчдын маргаашдаа итгэх итгэлийг бууруулж стресст оруулдаг байна.
- Мэргэжлийн өндөр хариуцлага. Эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлаас авахуулаад хүний амь насыг хариуцах хүртэлх хариуцлагыг хүмүүс өөрийн ажил үүрэгтээ агуулдаг. Ялангуяа богино хугацаанд хамгийн оновчтой шийдвэр гаргах шаардлагатай ажил нь хүмүүсийг стресстэхэд хүргэдэг.
- Удирдлагын дарамт. Удирдлагын зүгээс ажилчиддаа итгэхгүй байх, ажлыг хэт хянах, зөвхөн зааварлах, тушаах хэлбэрээр харилцах, хөдөлмөр урамшууллыг бодит бусаар тооцох зэрэг нь тухайн хүний идэвх санаачилга, бүтээлч байдлыг үгүй хийж, улмаар стресст оруулдаг.
- Ажлын байран дахь харилцааны зөрчил. Үгүйсгэл, шүүмжлэл, хов жив, шударга бус өрсөлдөөн, хардалт – Энэ бол ажилтан хоорондын зөрчлийн илрэл юм. Эдгээр хүчин зүйлс нь ажилтны сэтгэл санааны тогтвортой байдлыг алдагдуулдаг.
- Туслалцаа авахгүй байх буюу ганцаардал. Хүн бүрт хувийн, хувьсгалын олон асуудал тулгардаг. Харин эдгээр асуудлаа тэр бүр ажил дээрээ хэн нэгэнтэй хуваалцах боломж байдаггүйгээс үүдэн хүнд зовиур шаналал хуримтлагдаж сэтгэл санаагаар унах нь бий. Тиймээс ажил дээрээ багийн нэгэн гишүүн байж, бусадтайгаа зохих асуудлуудыг хуваалцаж байх нь чухал юм.
Ажлын байрны стресс бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ | ||
Үзсэн: 3814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.