
Хөгжмийн урлагийн шилдгүүдийг шалгаруулах "Грэмми 2018" шагнал гардуулах ёслол өнөөдөр Нью Йорк хотын "Мэдисон сквер гарден"-д зохион байгуулагдах юм байна. Өнгөрсөн жилийн адилаар ёслолын ажиллагааг Их Британийн жүжигчид Жеймс Корден хөтлөн явуулах аж. Грэммийн наадмыг уламжлал ёсоор Америкийн CBS телевиз шууд дамжуулан үзүүлэх юм. CBS телевиз нь 1973 оноос хойш Грэммигийн шагнал гардуулах ёслолыг шууд дамжуулан үзүүлж байгаа бөгөөд шинэчилсэн гэрээний дагуу тус телевиз нь 2026 он хүртэл албан ёсны дамжуулах эрхийг эзэмших гэнэ.
Мөн энэ жилийн наадам 2003 оноос хойш анх удаа Лос Анжелес хотоос өөр хотод болж байгаагаараа онцлог юм байна. Шагналд нэр дэвшсэн уран бүтээлчдийг өнгөрсөн оны 11 дүгээр сард зарласан байна. Нийт 8 ангилалд буюу хамгийн олон шагналд рэппер Жей Зи нэр дэвшиж байгаа аж. Харин түүний араас дуучин Бруно Марс болон рэппер Кэндрик Ламар нь 6 болон 7 ангилалд нэр дэвшиж удаалж байна. Мөн Оросын дуурийн дуучин Дмитрий Хворовстовский агсныг шилдэг сонгодог цомгийн ангилалд нэр дэвшүүлжээ.
Наадмын зохион байгуулагчид 1 сарын 7- ны өдөр болсон "Алтан бөмбөрцөг" наадамтай адил үйл ажиллагаа зохион байгуулж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийн тулд ёслолд оролцогчдыг цагаан сарнайгаар гангарахыг уриалаад байна.
Зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийн хохирогч болсон хүмүүсд хууль зүйн туслалцаа үзүүлдэг "Таймз Ап" хөдөлгөөн болон "Би ч бас" хөдөлгөөнийг дэмжих үүднээс Грэмми наадмыг зохион байгуулагчид энэхүү санааг гаргасан байна. Цагаан сарнай нь энх тайван, итгэл найдвар, тууштай байдлыг билэгддэг. Одоогийн байдлаар дуучин Келли Кларксон, Рита Ора, Синди Лопер нар цагаан сарнай зүүхээ мэдэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор Нью Йорк хотын цэцгийн дэлгүүрүүд цагаан сарнайн захиалгад дарагдаад байгаа гэнэ. Грэммийн шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар оройн 7 цаг 30 минутад, харин Монголын цагаар даваа гарагийн өглөө 8 цаг 30 минутад эхлэх юм байна.
“Грэмми”-гийн шагнал гардуулах ёслол хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэнэ | ||
Үзсэн: 1702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.