
Германы найруулагч Катя Бенратын найруулсан “Watu wote” буюу "Бидний нэг" гэх кино Оскарын шагналд богино хэмжээт киноны төрөлд нэр дэвшжээ. Энэ тухай Найроби хотод хийх киноны нээлтийн өмнө зарлалаа. Тус кино нь Оскард нэр дэвшихээсээ өмнө аль хэдийнэ олон шагналын эзэн болжээ. Тухайлбал, Бруклиний кино наадмын нэг дүгээр байр, Оюутнуудын Оскар болон Германы кино урлагийн шинэ бүтээлд олгодог шагнал зэргийг хүртэж, мэргэжлийн хүмүүсээс сайн үнэлгээ авсан бүтээл юм.
Киног 2015 оны 12 сард Кенид болсон исламын хэт даврагч Аль Шабаб бүлгийн хот хоорондын зорчигчдод үйлдсэн халдлагын бодит явдлаас сэдэвлэн бүтээжээ. Тус халдлагын үеэр алан хядагчид исламын шашинтай иргэдээс христийн шашинтай иргэдийг ялгах шаардлага тавьж, хоёр хүний амийг хороосон байна. Киноны найруулагч Катя Бенрат хэвлэлд өгсөн ярилцлагадаа уг киногоороо дамжуулан хүн хүнээ хайрлах болон хүнлэг байдал нь ямар их чухлыг харуулахыг хүссэн гэж ярьжээ.
Мөн Оскарын шагналыг тойрсон өөр нэг мэдээлэл бол шилдэг бүтээлд нэр дэвшиж буй “Усны хэлбэр” киног хүний оюуны өмчид халдсан хэмээн буруутгаад байна. Тодруулбал, киноны уран бүтээлчдийг Пулитцерийн нэрэмжит драматург, жүжгийн найруулагч Пол Зинделийн бүтээлийн үйл явдлыг хуулбарласан хэмээн буруутгаад байгаа.
Тус кино нь нийт 24 шагналын ангиллаас хамгийн олон ангилалд буюу 13 ангилалд нэр дэвшээд байгаа юм. Жүжгийн зохиолчийн гэр бүл киноны титэмд Пол Зинделийн нэрийг дурдаагүй, мөн оюуны өмчийн эрхийн талаар тэдэнд хандаагүйд ихэд гомдолтой байна гэж Гардиан сониноос мэдээлсэн.
"Усны хэлбэр" киног найруулагч Гильермо Дель Торо бичиж найруулсан байна. Кино нь 2018 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар АНУ болон Канадын зах зээлээс 31,5 сая ам.доллар, гадаадын зах зээлээс 4,7 сая сая ам.долларын орлого олж, нийт орлого нь 41,2 сая долларт хүрчээ.
“Watu wote” уран сайхны кино Оскарын шагналд нэр дэвшлээ | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.