Шууд Chart

ТТАХНЭ-ийн эмч нар өвдөгний үений дурангийн хагалгааг хийж эхэллээ

2018-02-06 17:42:08

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/ өөрийн шинэ байрандаа өвдөгний үений дурангийн хагалгааг анх удаа хийж байна. Тус эмнэлгийн үйл ажиллагаа жигдрээд сар орчим болж байгаа. Энэ хугацаанд бүх төрлийн гэмтлийн болон хэвлийн хөндийн мэс заслын эмчилгээ хийгээд эхэлсэн. Харин өнөөдөр тус эмнэлгийн эмч нар ГССҮТ-ийн эмч нартай хамтарч өвдөгний дурангийн мэс заслын шинэ тоног төхөөрөмжин дээрээ анхныхаа хагалгааг хийж байгаа юм. Хагалгаа эхэлэхээс өмнө тус эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өглөө.

ТТАХНЭ-ийн Гэмтэл согог заслын их эмч, дэд хурандаа Б.Баттөмөр ярихдаа, "Спортын гэмтлийн улмаас өвдөгний гадна жийргэвч мөгөөрс гэмтсэн 36 настай эмэгтэй хагалгаанд орох юм. Аппарат тоног төхөөрөмж шинэчлэгдсэнтэй холбоотой анх удаа хийгдэх гэж байгаа хагалгаа юм. Урд нь Цэргийн төв эмнэлэгтэй хамтарч хийгдэж байсан хагалгаа байгаа." гэв. Тэрээр, өмнөх 4 жилийн хугацаанд тус хоёр эмнэлэг өмнө нь жилд дунджаар 40-өөд хүнд тус хагалгааг хийж байсан туршлага байгааг хэлж байлаа.

Мөн ТТАХНЭ-т хэрэгжиж байгаа Австрийн 7 сая еврогийн төслийн хүрээнд нийлүүлэгдсэн тоног төхөөрөмжөө ийнхүү ашиглаж, мэс заслын эмчилгээгээ эхлүүлж байгаа нь энэ гэдгийг онцоллоо.

"Одоогоор ТТАХНЭмнэлгийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас тус хагалгаа даатгалаас хөнгөлөлт үзүүлэх өртөг өндөртэй мэс заслын тоонд багтаагүй. Цаашдаа хамруулна" гэж ТТАХНЭ-ийн захирал, АУ-ны доктор профессор, дэд хурандаа Л.Баттөр ярьсан юм.

Тэрээр, "Эмнэлэг дахин нээгдсэнээрээ тасгийн үйл ажиллагаагаа сэргээж ажиллаж байгаа гэсэн үг. Дээр нь удахгүй 24 цагийн турш тогтмол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тасаг ажиллаж эхэлнэ. 4 жилийн турш ажиллагаагүй байсан Компьютер томографикийн аппарат бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Удахгүй энэ оны төсөвт суусны дагуу МRI аппаратны зсварын ажлын энэ ондоо багтаан шийднэ. Ингээд ирэхээр гэмтлийн эмгэг болон бусад өвчнүүдийг эмчилж оношлох тоног төхөөрөмжүүд ажиллаж эхэлнэ гэсэн үг. Манай эмч мэргэжилтнүүдийн хувьд нийт 6 хагалгааны өрөөгөө бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад арай хүч дутна. Тиймээс цаашдаа ХСҮТ, ГССҮТ зэрэг бусад эмнэлэгтэйгээ хамтарч ажиллах, эмч мэргэжилтнүүдээ чадавхжуулахад анхаарч ажиллана." гэдгийг хэлж байна.

ГССҮТ-ийн өнгөрсөн оны судалгаагаар 8 зуу орчим хүн өвдөгний үений гэмтэлтэй гэж оношлуулдаг байна. Үүнээс 2 зуу гаруй нь мэс заслын эмчилгээ хийлгэсэн байдаг. Ийм гэмтлийн эмгэг ихэсч, эмчилгээнд орж байгаа иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн нь оношилгоо, эмчилгээний арга барил сайжирсантай холбоотой юм байна.

МҮОНР-ийн "Хурд" агентлагийн редактор С.Нарансолонго


ТТАХНЭ-ийн эмч нар өвдөгний үений дурангийн хагалгааг хийж эхэллээ  
Үзсэн: 2767 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй