
Оросын нэрт хөгжмийн зохиолч С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын анхдугаар уралдаан Москва хотноо боллоо.
Москва хотын Засгийн газар, ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн Академийн концертын их танхимд зохион байгуулагдсан анхдугаар уралдаанд АНУ, ИБУИНВУ, Сингапур, Монгол, БНХАУ, Болгар, БНСУ зэрэг 10 гаруй улс, Оросын өнцөг бүрээс ирсэн нийт 250 гаруй залуу төгөлдөр хуурч авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлджээ.
Уралдаанд оролцогсод 10 нас хүртэлх, 11-13 нас, 14-17 нас, 18-25 насны дөрвөн ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулснаас хамгийн бага насны буюу 10 хүртэлх насны ангилалд оролцсон Монгол Улсын Хөгжим бүжгийн коллежийн нэгдүгээр ангийн сурагч З.Амин-Эрдэнэ тусгай байрын шагнал хүртсэн байна.
Тэрбээр энэ ангилалд өрсөлдсөн хамгийн залуу төгөлдөр хуурч болохыг зохион байгуулагчдын зүгээс онцлон тэмдэглэж байв. Мөн энэ насны ангилалд өрсөлдсөн Хөгжим бүжгийн коллежийн гуравдугаар ангийн сурагч О.Нандин III байрын шагнал хүртжээ.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн концертын их танхимд болж шагнал авсан хүүхдүүдийг төлөөлж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан оролцон, шагналыг гардан авчээ. Тэрбээр амжилт гаргасан монгол хүүхдүүдийн шагналыг эх оронд нь гардуулан өгнө гэсэн юм.
Энэ жилийн уралдаан нь их хөгжмийн зохиолчийн мэндэлсний 150 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлогтой юм байна.
С.В Рахманиновын нэрэмжит залуу төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан болов | ||
Үзсэн: 1442 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.