Шууд Chart

Энэ өдөр Монголын түүхэнд...

2018-03-06 09:49:05

Гуравдугаар сарын 6-ны энэ өдрийг Монголын түүхэнд хэрхэн тэмдэглэн үлдээснийг сонирхуулъя.

-Өнөөдөр манай улсад тогтмол хэвлэл үүссэн өдөр. 1913 оны 3-р сарын 6-ны энэ өдөр Монголын анхны сонин болох “Шинэ толь хэмээх бичиг” сэтгүүлийг хэвлэжээ. Энэ өдрийг бэлгэдэн 1993 онд сэтгүүлчдийн их хурлаар “Монголын сэтгүүлчдийн өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэжээ. “Шинэ толь” хэмээх сэтгүүл нь 1913 оны 3-рсарын 6-наас 1914 оны 8-р сарын 21 хүртэл гарч байжээ.   

-1921 оны 3-р сарын 6-ны энэ өдөр Хиагтыг чөлөөлөх шийдвэр гарч, цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг боловсруулжээ. Ингэхдээ нийт дөрвөн хэсгээр дайрахаар болж, Сүхбаатарын командалсан 1, 3 дугаар хороо тус хотын баруун хойд Эрээн хамраас Төгсгөө булгийн эх хүртэл, харин 2 дугаар хороо Төгсгөө булгийн адгаас Орос Булгийн хамар хүртэл, 4 дүгээр хороо түүнээс залган тус тус Хиагтыг баруун хойд, баруун өмнө гурван талаас хагас бүслэн давших, бас хороо тус бүрээс цөөн цэрэг авч бүрдүүлсэн 90 хүнээр ардын журамт цэргийн ар талыг хамгаалуулах ёстой байв. Сүхбаатар байлдааны бэлтгэл ажлыг дуусгаад зэвсгээ хураалган бууж өгөхийг тулган шаардсан бичиг Хятадын командлагчид явуулжээ. Болзсон цагт хариу өгөөгүй учраас 1921 оны 3-р сарын 18-нд Хиагтыг чөлөөлсөн юм.

-1972 оны 3-р сарын 6-ны энэ өдөр манай улс, Нидерландын Вант Улстай дипломат харилцаа тогтоожээ. Брюссель дэх манай Элчин сайдын яам Нидерландын хэргийг хавсран хариуцдаг бол Нидерланд Улс манай улсыг Бээжингээс хавсран сууж байна.


Энэ өдөр Монголын түүхэнд...  
Үзсэн: 1547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй