Шууд Chart

ОХУ авлигатай тэмцэх хууль тогтоомжоо тогтмол шинэчилж байна

2018-03-21 12:27:00

ОХУ авлигатай тэмцэх салбарын хууль тогтоомжоо тогтмол шинэчлэн өөрчилж байна гэж тус улсын Холбооны зөвлөлийн Үндсэн хуульт ёс, төрийн байгуулалтын байнгын  хорооны гишүүн Андрей Клишас хэлсэн байна.

Куба улсын Гавана хотод зохион байгуулагдсан Эрүүгийн эрх зүйн олон улсын хурлын арга хэмжээнд Оросын парламентын төлөөлөгчдийг тэргүүлж, оролцох үеэр тэрээр “Манай улсын авлигатай тэмцэх салбарын хууль тогтоомжид сүүлийн жилүүдэд ахиц дэвшил гарсан. Бид шинэчлэн, сайжруулахын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж байна” гэж хэлжээ.

Уг арга хэмжээнд 26 улс орны 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Оросын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Ерөнхий прокурорын орлогч Николай Винниченко багтжээ.

Клишасын тайлбарласнаар Оросын хууль тогтоох байгууллага ашиг сонирхлын зөрчил, гэр бүлийн холбоо, материаллаг болон материаллаг бус ашиг зэрэг нэр томьёог оновчтойгоор тодорхойлохыг зорьж байгаа гэнэ. Түүнчлэн тэрээр энэ чиглэлээр Европын холбооны 1999 онд байгуулсан Авлигын эсрэг улс орнуудын бүлэгтэй хамтран ажиллахын үр өгөөжийг онцолжээ.

Гадаадын ижил төстэй байгууллагатай бид цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллана. Учир нь авлига өмнө нь нэг улсын асуудал байсан бол одоо үндэстэн дамнасан асуудал болсон. Тухайлбал, хууль бусаар олсон хөрөнгөө гадаад улсад, тэр дундаа оффшор бүсэд хадгалах явдал түгээмэл боллоо гэж тэрээр хэлсэн байна.


ОХУ авлигатай тэмцэх хууль тогтоомжоо тогтмол шинэчилж байна  
Үзсэн: 1523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй