Усанд цувсан малын хөлөөр чийрдэж гарсан нарийн жим, намхан намхан ухаа толгодын хотос нахисыг бөгтрөн давсан Монголын их хээр тал зэрэглээ тунуулан цэлийгээд ажин түжин аниргүй авай. Улирсан тэртээ олон оны өмнө буюу 1850-аад оны сүүлээр, гүм анир ноёлосон тэр сэлүүн тэргэл талын сонорыг мялааж нэгэн гайхамшиг цуурайлав. Энэ бол улс Монголын уудам дэлгэр нутгийн говь хангайг хослуулсан цэлгэр сайхан газартай Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны, харгиа тунгалаг Онги голын хөвөөн дэх Гүндүүжамбаалин хийдийн хүрээ горломоос дөрвөн настай балчир хүү буддын шашин соёлын гол төв болсон Цаст Төвдийн орныг зорин, оргож боссон тухай домог мэт яриа байлаа. Нутаг нугын хүн зоны амнаас ам дамжин, сонороос сонорт хүрч байгаа мөнөөхөн домог мэт яриа нь “нөгөө жаахан хүүг мөрдөөд явтал хад зэрэглэн түлж цай чаначихаад явчихсан байж гэнэ”, “хүн барих гээд хойноос нь хөөтөл нөгөө жаахан хүү чинь нисээд баригдахгүй байж гэнэ”, “оргож яваа хүүг замд нь саатуулж гэрт хориод цоожилсон чинь цоожны хависыг ганцхан тарнидаж онгойлгоод явчиж гэнэ” гэсэн үнэн худал нь үл мэдэгдэх ч гэлээ дандаа шид увдисын гайхамшигт сэдэв рүү хандсан байлаа. Хошуу хотол төдийгүй аймаг даяарыг хамран шагшигдсан тэр бяцхан хүү бол XIV жарны төмөр мичин жилийн найман сарын шиндээр Говь түшээ гүний хошууны “Сангийндалай хийд”-ээс Бари ламын удаах дүрийн хувилгааны тодрон хутагтын арслантай ширээнээ хүндэтгэлтэйгээр залагдсан Агваанчойнболжалцан байлаа.
VII Богд Жэвзүндамбаас Бари ламын хойд дүрийн хувилгаанаартодруулсан Агваанчойнболжалцанг ийн өгүүлэн үүтгэхийн гол шалтгаан бол түүний урьд дүр Брагри ёнзон Дамцагдорж юм. Эрдэнэ Шанзодвын Яам, хүрээний эрх баригчдын айлтгал заллагын дагууИх хүрээнд ирж V Богд Жэвзүндамбын чилээрхүү байсан биеийг номын шид увдисаар илаар болгон улмаар дээрхийн гэгээн 5-р богдын ёнзон багшид өргөмжлөгдсөн Дамцагдорж болбоос Монгол Төвдийн орноо эрдэм ном, шид бүтээлээрээ нэр алдар ихэд түгэж олноо “Брагри” буюу “Хадтай уулын багш” гэж өргөмжлөгдсөн гэгээнтэн билээ. Лагшин, зарлиг, тааллын эрдмээр хувилгаан биеийн гайхамшигт зохионгуйг үзүүлсэн Брагри ёнзон Дамцагдорж цагаагчин үхэр жилийн өвлийн эхэн сарын шинийн долоонд буюу 1781 онд их Монгол орны халх нутгийн хүйс, Өндөр гэгээн Занабазар, Ламын гэгээний дээд гурван дүр мэндэлсэн газраас нэг их холгүй Хангайн нурууны салбар уулын өвөр бэлээр алгуур урсах Онги голын Улаан хошуу хэмээх газарт Чингис хааны удам угсаатай язгууртан тайж эцэг Цэвээндаш, эх Содномжид нарын гэрт мэндэлсэн байна.
Долоон насныхаа гал хонин жил Онгийн голын ноён хутагт Ишдонилхүндэвээс гэнэн санваар хүртсэн Дамцагдорж арван дөрвөн насандаа Хүрээнд ирж гүн ухааны сургалттай Дашчойнбол дацанд суралцсан юм. Балчир ахуй тэр насандаа буддын гүн ухааны үндэс язгуур болсон Замба дүйрааны нэгэн аймгийг ганцхан шөнийн дотор цээжлэн амжилтай шалгуулан сайшаагдаж байсан Дамцагдорж нь Ноён хутагтын дээд дүр Ишдонилхүндэв, IVБогд Жэвзүндамбын Ёнзин багш Даглүнба Агваанпэрэнлэй, Гүнтан гэгээн Гончигдамбийдонмэ, Халх лхаарамба Лувсанжамба, Хардо ринбүчи зэрэг Монгол Төвдийн номын мэргэдийн сор болсон олон арван хутагт хувилгаадыг номын багшид шүтэн Дээдийн номын гүн дэлгэрэнгүйд шимтэж хичээл шамдлыг өөрийн зорилго болгосон байна.
Брагри ёнзин Дамцигдорж цаст Төвдийн оронд нийтдээ арван зургаан жил ном эрдэм мөр хөөж яваад гучин насандаа Монгол орноо эргэж ирсэн байна. Нутагтаа ирээд өөрийн төрөлх нутаг Онгийн голын хөвөөнөө орших эгц ёрвон ёрвон хадтай багашаархан уулын энгэрт уулсын орон босон Цаст Төвдийн уран барилгын хэлбэр загвараар нэгэн шинэ орон хүрээ, хийд дацанг байгуулсан нь сүсэгтэн олноо Онгийн гол дах “бари ламын хийд” хэмээн алдаршжээ. Тэр өөрийн үүсгэн байгуулсан Гүндүүжамбаалин хийдээсээ гадна Говь түшээ гүний хошууны гол хийд болох Хошуу хурлын хийд, өөрийн номын багш Говийн ноён хутагтын дээд дүр Ишдонилхүндэвийн үүсгэн байгуулсан Хутагт ламын хийд зэрэг цаглашгүй ачлалт ариун бурхадын орон, ном эрдмийн дагшин газрын хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрийг оруулж сүм дуган бариулах, хурал номын дэг жаягийг нь зохиох зэрэг ажилд сэтгэл хандуулан хэмжэшгүй их буяныг зохиожээ. Нутаг нугын олондоо Бари лам хэмээн хүндлэгдсэн Дамцагдорж бээр бурханы шашны тус эрдэм хийгээд буян номын үйлийг наран мэт цацруулах ялдраа өглөгийн эзэн болсон Амбан сайн ноён хан Цэдэндорж, Түшээ гүн ноён Содномваанчиг нарын заллагаар олон дахин нааш цааш морилж номын хураар сүсэгтэн олныг цэнгүүлж байв. Үл тасалдан түрхэрэх далайн тэрлэг мэт хойно хойноосоо ундран оргилох дээдийн номын манлайд хүрсэн Дамцагдорж нь шашин дэлгэрэхийн гэгээн ерөөлтэй монгол орноо ямархан их гүн хүндэтгэлийг хүлээсэн хүн байсныг нь 5-р Богд Лувсанчүлтэмжигмэддамбийжанцангийн зарлиг тааллын дагуу 1841 онд Их хүрээний Ламрим дацанг удирдан байгуулж байснаас харж болох юм.
Брагри ёнзин Дамцигдорж нь гэлэгвийн ёсны судар тарнийн гүн ухаантан байсан билээ. Тэрээр дан ганц гэлэгвааг бүрэн судлаад зогсолгүй Төвдэд дэлгэрсэн бурханы шашны урсгал чиглэл болох нямава, гажүдва, сажава, гаадамба, жононба зэрэг олон ёсны эрдэмтэн мэргэдээс увдис номлолуудыг хүртэхийн тухайд амь биеэ хайрлалгүйгээр яван байж замбативын гэгээнтэн мэргэдийн оройн чимэг болсон юм. Түүний бурханы шашин номын ёсонд оруулсан томоохон хувь нэмэр бол биеийн чилүүр, оюуны зүдрэлийг умартан байж бүтээсэн судар дандрын хорин гурван бодь зохиол юм. Шид бүтээлийн гайхамшгийг цацруулсан тэрхүү олон боть зохиол дотроос “Янсан чойгор”, “Янсангийнлайжан дамцигшадбын даян” хэмээх хоёр зохиол нь Төвд, Монголын эрдэмтэн мэргэдийн дунд тархаж сулдлан үзэх ширээний ном нь болжээ.
Монгол Төвдийн орондтухайнүедээ эрх ямба, хэргэм зэрэг, эрдэм боловсорлоороо тэргүүлж байсан Банчин богд Чоглайнамжил,түүний ёнзон багш Лувсанданзан,Монголын V, VI Богд Жэвзундамбууд, Ламын гэгээн Цэвээнжавчиг, Говийн 5-р догшин ноён хутагт Данзанравжаа, Арвай хээрийн тарган Бандида Цэвэлванчигдорж, Элдэн бээлийн цорж лам Агваандамба нарын зэрэг хутагт хувилгаад Бари ламыг багшид шүтэн ном эрдэмд хөтүүлж байсан нь түүний эрдэм чадлаараа ханцишгүйгээр цолгорон гийсний илрэл билээ. Энэ бүгдээс үзэх юм бол судар тарнийн гүн ухаантан Брагри ёнзин Дамцигдорж нь дээдийн номыг сонссон, сэтгэлдээ бодсон, бясалгасан болон, шашны гурван үйл гэж алдаршсан унших, санж бясалгахын хүрд, самбага даяаны хүрд, шашны үйл ажилын хүрд гурвыг гүйцээсэн бурханы шашны нэрт зүтгэлтэн соён гийгүүлэгч байсан байна.
Брагри ёнзин Дамцигдорж бээр далан таван насандаа бие чилээрхэв.Хэдийгээр бие чилээрхүү байсан ч сүсэгтэн хийгээд шавь олондоо өөрийн биеийн зүдүүрийг үл мэдэгдэн харин ч "Би бүтээлийн аймаг үүнийг байгуулснаас гуч хэргэм жил болсон нь гурван эрдэнийн хүч билээ миний нас далан тав хүрлээ одоо бүтээх хэргээ хийж гүйцсэн" хэмээн айлдаад хуран үймээнтэй ч энх амрын хэлтэрхийтэй, зовлонгийн үнэнтэй ч зовлонгоос гарахын мөр жаргалантай, хорвоо түүний үзэмж өнгөнд өчүүхэн ч хоргодолгүйгээр бурхадын зохионгуйг дагаж мөнх бусын багш болон оджээ. Хол ойр, гадаад дотоодын түмэн олноо “Бари лам” хэмээн хүндлэгдсэн Дамцагдорж хүмүүний ертөнцийн жам дагуу бие лагшин таалал болсон хэдий ч сүсэгтэн түмнийхээ залбирал бүтээлийг хүндлэн дахин дахин хувилаж төрөхийн шүтэн барилдлагааг зохиосон байна. Иймийн учир тэр хотол Монголын олонтойгоо төрөл тутамдаа хамт байж арван цагаан буяны үрийг одоо ч гэсэн дэлгэрүүлсээр байгаа билээ.
Тэгш дүүрэн амьдралын өндөр их заяатай
Тэнүүн цэнхэр нутаг уудам Монгол оронд минь
Нүгэл хилэнцийг тонилгох шид увдисаар баялаг
Номын хутагт хувилгаад төрсөөр байх болтугай
Сарва манга лам
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.