
“УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, Б.Баатар нарын хамтын бүтээл “Яллагч” уран сайхны киноны нээлт нөгөөдөр “Corporate Convention Center”-т болно.
Тус бүтээл нь ОХУ-д хоёр жилийн өмнө буюу 2016 онд болсон харгис үйл явдлаас сэдэвлэгдэжээ. Тодруулбал тухайн үед 14 настай охиныг хүчирхийлсэн гаж донтон балмад эрд шүүх хөнгөн ял оноож тавхан жилийн тэнсэн харгалзах ял өгсөн. Улмаар охины эцэг Андрей Каравайкин нь хүчирхийлсэн этгээдийг хөнөөхөөр шүүхийн танхимд гар хийцийн гурван хутга гарган гэмт хэрэгтэн рүү шидэж, цагдаа нар хариу үйлдэл хийж амжаагүй байтал хоёр хутга хэрэгтний зүрхэн тус газарт онож, гурав дахь нь төвөнхт нь туссан гэдэг. Улмаар хэрэгтэн нас барж, өшөө авагч эцгийг цагдаа нар тэр дор нь баривчилсан аж.
Харин манай улсын уран бүтээлчдийн киноны үйл явдлаас товч танилцуулбал БНСУ-д 10 жил “хараар” ажилласан Галт хайртай эхнэр охиндоо яарсаар эх орондоо ирж, онгоцны буудалд буухад түүнийг сэргэлэн, цовоо охин нь биш уйлсан, цөхөрсөн эхнэр нь ганцаар угтаж буйгаар эхлэх аж. Киноны үйл явдал цааш өнөөгийн нийгмийн бүхий л муу муухай, шударга бус бүхний өмнө хүчин мөхөсдсөн эцэг хүн бүгдийг өөрийнхөөрөө шийдэж, охиныг нь хүчирхийлсэн этгээдийг шийтгэж буйгаар үргэлжлэх юм байна.
“Яллагч” киноны эсрэг дүрд УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ тогложээ. Тэрбээр гаднаа сайн хүн мэт харагдах ч үнэндээ мөнгөөр бүхнийг шийддэг баян бизнесмэн аж. Түүнийг эсрэг дүрд сонгосон талаараа найруулагч Г.Эрдэнэбилэг “Бид хоёр гар нийлдэг. Түүнтэй ойлголцоход амар байдаг юм. Тэрбээр ихэнхидээ эерэг дүрд тоглодог бол энэ удаад үзэгчид түүнтэй эсрэг дүрээр уулзана” гэв.
Харин киноны гол дүр болох Сүүнтэргэл охины дүрд УДБЭТ-ын гоцлол балтетчин Г.Маргад-Эрдэнэ, туслах дүрүүдэд жүжигчин Ц.Алдармаа, О.Оюун, Д.Мөнхзул, Ш.Доржсүрэн нар сонгогджээ.
“Яллагч” киноны нээлт нөгөөдөр болно | ||
Үзсэн: 2871 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.