
БСШУСЯ, Соёл, урлагийн газраас энэ сарын 1-6-нд улс орон даяар “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” цуврал арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Төрийн түүхийн музейд өнөөдөр ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн академич Р.Отгонбаатарын эртний үеийн судар бичиг, эд өлгийн цуглуулгаас дэлгэсэн үзэсгэлэнг ирээдүй болсон хүүхэд залуучуудад сурталчлан таниулах зорилгоор олон нийтийн хүртээл болголоо.
Энэхүү үзэсгэлэнд эртний судар ном, бичээс, тэдгээрийг хэддүгээр зуунд, хэрхэн хэрэглэж ирсэн гэх мэт сонирхолтой үүх түүхийг өгүүлэх 150 гаруй том, жижиг эд өлгийн үнэт өвийг харуулж байлаа.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр академич Р.Отгонбаатар, “Энэ үзэсгэлэнгээ би өнгөрсөн жил Франц Улсад дэлгэсэн юм. Тэр үеэр Францын нэг хүн надад “Чингис хааныг би яаж тийм том гүрнийг гагц эр, бяртай цэрэг, эрэмгий хурдан хүлгийнхээ тусламжтай эзэлсэн юм бол гэж өнөөг хүртэл гайхдаг байлаа. Энэ үзэсгэлэнг үзээд миний эргэлзээ бүр мөсөн тайлагдлаа. Ийм аугаа их бичиг үсгийн соёлтой улс тийм том их гүрнийг байгуулахгүй гээд ч яах билээ ” гэсэн хэмээн бахдангуй ярьсан юм.
Үзэсгэлэнд соёмбо, сүлд тэмдгийн бар, хэвтээ дөрвөлжин, тод болон соёмбо үсгийн цагаан толгой, үйсэн дээр бичсэн тарни мөргөлийн бичиг гээд ховор нандин дурсгал байв.
Эдгээрээс 700 орчим жилийн өмнөх дөрвөлжин үсэгтэй цаасан мөнгө нь Монголчуудын мөнгөн тэмдэгтүүдийн түүхэн дурсгалт бичээс болж, өнөө хэр хадгалагдсаар байгааг харуулна.
Мөн 1268 онд Хубилай хаан Пагва лам Лодойжалцангаар зохиолгосон Дөрвөлжин үсгийн цагаан толгой нь Монголын нэгэн зүйл үсэг бөгөөд түүний хожуу үеийн бичмэл цагаан толгойнуудыг тэнд дэлгэсэн байлаа.
Үүнээс гадна Энэтхэг, Төвдийн хувилгаадын намтар шастирыг өгүүлсэн номлолууд ч байх юм. Хамгийн сонирхол татсан нь тэртээ 19 дүгээр зууны үед Там ба Бэрдийн орны байдлыг монголчууд хэрхэн төсөөлөн зурсан байгааг таван цуврал өнгөт зургаас харж болно.
“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” үзэсгэлэн 16 хоногийн турш Төрийн Түүхийн музейд иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчлэх юм байна.
“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” үзэсгэлэн 16 хоног үргэлжилнэ | ||
Үзсэн: 981 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.