Шууд Chart

“Дөрвөн зүгийн аяс” усан будгийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

2018-05-05 14:11:27

Монголын уран зургийн хөгжилд хувь нэмрээ оруулж, өөрийн гэсэн өнгө аясаар бүтээн туурвисаар ирсэн залуу уран бүтээлч зураач Дашзэвэгийн Амараагийн “Дөрвөн зүгийн аяс” усан будгийн зургийн үзэсгэлэнгийн нээлт "Best art" галерейд боллоо. Тэрээр эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аялж байгалийн дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг усан будгийн төрлөөр туурвин бүтээснээсээ 30 гаруйг нь дээжлэн энэхүү үзэсгэлэндээ дэлгэн тавьжээ.

Зураач Д.Амраа нь Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн бөгөөд уран зургаас гадна мэргэжлийн гэрэл зураг, уран баримал зэрэг олон төрлөөр бүтээл туурвидаг авьяаслаг уран бүтээлч юм. Үзэсгэлэнд түүний "Цамбагарав", "Жижиглэнгийн даваа", "Хатгал боомт", "Хотын төрх" гэсэн 30 гаруй усан будгийн судалбар зургийн бүтээл дэлгэгджээ.

Усан будаг нь усанд уусангаа өнгөний тунгалаг хольцыг бүрдүүлээд зогсохгүй өнгөний нарийн шилжилтийг бий болгохын зэрэгцээ зурагт ер бусын хөнгөн, агаарлаг шинж чанарыг ямар ч төрлийн будагнаас илүүтэй бий болгодог онцгой материал бөгөөд зураачаас маш их мэдрэмж, ур чадвар шаарддаг төрөл гэгддэг. Тэрээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд Дэмчогийн хийд, Зүүн тайг, Шилийн богд, Баян-өлгий зэрэг эх орны зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл хэдэн мянган км замыг туулан аялангаа судалгаа хийж байгалийн дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнт агшинг газар дээрээс нь бодит мэдрэмж дээр тулгуурлан зурсан байдаг.

Сүүлийн жилүүдэд манай уран бүтээлчид усан будгийн төрлөөр сонирхон туурвих болсноор энэ төрөл амжилттай  хөгжиж байгааг “Дөрвөн зүгийн аяс” усан будгийн үзэсгэлэн тод жишээ болгон харуулж байна. Түүний байгалийн сайхныг усан будгаар илэрхийлсэн бүтээлүүд нь Монголын усан будгийн салбарт өөрийн гэсэн өнгө аястай нэгэн шинэ хуудсыг нээж байгаа юм. Монголын Урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураач Амраагийн уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд түүний гэр бүл хамаатан садан, анд найз багш шавь тэргүүтэй эрхмүүд хүрэлцэн ирж баяр хүргэн, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүслээ. 

Тус үзэсгэлэн тавдугаар сарын 10-ыг хүртэл үзэгчдийн хүртээл болно.


“Дөрвөн зүгийн аяс” усан будгийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 1647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй