
Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол өчигдөр тус дүүргийн Соёлын ордонд боллоо.
Уг дүүрэг нь 17000 гаруй хүн амтай бөгөөд 16 насны 1800 гаруй иргэн бий. Тэднээс төлөөлөл болж 99 сурагч “Иргэний андгай” өргөж, үнэмлэхээ ёслол төгөлдөр гардав. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын зорилго нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.
Андгай өргөх ёслолд Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын тамгын газрын дарга Б.Энхболд болон хэлтэс, албадын дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг нээж Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан “Андгай өргөсөн энэ өдрөөс эхлэн иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зорилгоо тодорхойлон, хичээнгүйлэн сурч ээж аав, эх орондоо тустай үйл хэргийг бүтээсэн зөв хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдартай, оюунлаг иргэн болоорой” хэмээн ерөөж андгай өргөсөн залуучуудад иргэний үнэмлэх “Дурсамж” гардууллаа.
Мөн андгай өргөж буй залуучуудад урилгаар Оюуны төвийн захирал, лектор Г.Мөнгөн “Нэр төрөө эрхэмлэе” сэдвээр илтгэл тавьж залуучуудыг нийгэмдээ манлайлагч байхыг уриалсан юм. Түүнчлэн залуу дуучин П.Хан-Уул 16 насны дурсамжаа хуваалцан ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.
Залуучууд
“Төрт ёс, эртний их түүх соёлтой
Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн-Би
Хүчирхэг төрийнхөө дор хуулийг чандлан сахиж
Эв нэгдэл, эрх чөлөөг дээдлэн
Эх орон, тусгаар тогтнолоо амилан хайрлаж
Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн төлөө
Эрдэм боловсролтой хүнлэг энэрэнгүй журамт иргэн байхаа
Эх орон эрэлхэг дээдсийн удам ард түмэндээ андгайлж байна хэмээн андгай уншлаа.
Хан-Уул дүүргийн 99 сурагч иргэний андгайгаа өргөж, үнэмлэхээ гардлаа | ||
Үзсэн: 1017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.