
Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Улсын Драмын Эрдмийн Театр, Соёл, урлагийн их сургууль, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз хамтран театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх, үзэгчийн соёлыг төлөвшүүлэх, соёл, урлагийн боловсрол олгох зорилгоор “Бидний театр” жүжгийн уралдааныг Нийслэлийн дүүргүүдийн дунд зохион байгууллаа.
Жүжгийн уралдаан хоёр үе шаттай явагдаж Нийслэлийн Eрөнхий боловсролын 100 гаруй сургуулийн 10 мянга гаруй сурагчдад уралдааны жүжгүүд хүрсэн. Хоёрдугаар шатны шалгаруулалт Нийслэлийн Улаанбаатар чуулгын концертын танхимд энэ сарын 8, 9-нд явагдаж театрын урлагийн мэргэжлийн шүүгчид жүжиг тус бүрт үнэлгээ өгч шүүн явуулж дүнгээ гаргав.
“Бидний театр” жүжгийн уралдааны шагнал гардуулах ёслолд Нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн нар шагналыг гардууллаа.
Уралдааны ерөнхий шүүгчээр УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин, Соёл, урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн Найруулах, жүжиглэх урлагийн тэнхимийн эрхлэгч М.Ариунжолоо, Улсын Драмын эрдмийн театрын Захиргааны албаны дарга О.Гэрэлсүх нар ажиллаж шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол болон туслах дүрүүд, шилдэг жүжгүүдийг тодруулсан.
Уралдааны шилдэг найруулагчаар Баянгол дүүргийн “Кихот ноён” жүжгийн найруулагч Б.Болдхүү тодорч шилдэг туслах дүрүүдээр Баянгол дүүргийн сурагч Н.Арилжмаа, Чингэлтэй дүүргийн сурагч Н.Эрхэмзөнч, Шилдэг гол дүрүүдээр Налайх дүүргийн сурагч Э.Болорцэцэг, Сонгинохайрхан дүүргийн сурагч Н.Баярбаясгалан нар шалгарлаа. Монгол Улсын Соёл, урлагийн их сургуульд суралцах урилгыг Баянгол дүүргийн сурагч Э.Долгион, Хан-Уул дүүргийн сурагч О.Түмэнхүслэн нар гардан авлаа.
Багийн нийлбэр оноогоор Хан-Уул дүүргийн жүжгийн баг “Парисын дарь эхийн сүм” жүжгээр нэгдүгээр байр, Баянгол дүүргийн жүжгийн баг “Кихот ноён” жүжгээр Хоёрдугаар байр, Сонгинохайрхан дүүргийн жүжгийн баг “Зуны шөнийн зүүд” жүжгээр гуравдугаар байрт тус тус шалгарсан юм. Энэ удаагийн жүжгийн уралдаан хүүхэд багачуудад дэлхийн сонгодог зохиолуудыг таниулаад зогсохгүй соён гэгээрүүлэх өндөр ач холбогдолтой уралдаан байлаа.
“Бидний театр” жүжгийн уралдааны шилдгүүд тодорлоо | ||
Үзсэн: 818 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.