Шууд Chart

Баян-Өндөр уулын овоог тахиж, хонгор халзан морь сэтэрлэнэ

2018-05-17 17:15:52

Баян-Өндөр хайрханыг өнгөрсөн жил орон нутгийн тусгай хамгаалалтад шинэчлэн авсан. Түүнээс улбаалан төрийн оролцоотой тахиж эхэлсэн бөгөөд энэ сарын 20-нд тахих арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Монгол хүн байгалийнхаа хишгийг зүй зохистойгоор хүртэхийн зэрэгцээ түүнийгээ хайрлан хамгаалж, тахин шүтэж ирсэн уламжлалтай. Энэ нь шашны гэхээсээ илүүтэйгээр байгаль орчноо хайрлан хамгаалах томоохон арга хэмжээ юм. Энэ 19-ний 21:00 цагаас долоон бурхан одыг тахих ёслол, маргааш нь дээрх уулын тахилгын ёслол 08:00 цагаас эхлэх аж. Иргэд энэхүү ёслол оролцохоор ирэхдээ сүүнийхээ дээшийг өргөж, арвай будаагаар даллага авахуулж болох юм байна.

Баян-Өндөр хайрханыг төрийн оролцоотой тахих ёслолын аргаа хэмжээнд 10 гаруй ажлын дэд хэсэг 100 гаруй ажилчин албан хаагчид бэлэн байдлыг ханган ажиллахаас гадна, овоог сэргээх, тухайн зан үйлд бэлтгэх ажлыг бүрэн хангасан гэнэ. Энэ өдөр Монгол Улсын болон орон нутгийн төрийн тугийг залахаас гадна төрийн долоон эрдэнийг мөн тахиж, хонгор халзан зүсийн морь сэтэрлэх зан үйлийг гүйцэтгэх гэнэ.

Баян-Өндөр уулыг эрт дээр үеэс нутгийн ард олон тахин шүтэж ирсэн уламжлалтай. Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотын хүн ам ихээр нэмэгдэж, гэр хороолол улам бүр өргөжин тэлж, хүний зохисгүй үйлдлийн нөлөөлгөөр Баян-Өндөр хайрханы ойн нөөц багасч, зарим төрөл зүйлийн амьтан ургамал ч ховорджээ. 

1998 онд хийсэн судалгаагаар Баян-Өндөр ууланд шувууны 24 зүйл, хөхтөн амьтны 21 зүйл, шавьжийн 132 зүйл амьдарч байжээ. 2014 онд дахин судалгаа хийхэд хөхтөн амьтад болоод шавьжийн зүйлийн тоо буурсан үзүүлэлттэй гарсан байна.  Өнөөдрийн байдлаар тухайн ууланд 46 овгийн 78 төрөлд хамаарах 147 зүйлийн ургамал ургадаг гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Баян-Өндөр уулын овоог тахиж, хонгор халзан морь сэтэрлэнэ   
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй