Шууд Chart

А.Чадраабал “Мяндаг” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ дэлгэжээ

2018-05-21 09:37:31

Уран бүтээлч А.Чадраабал бух, морь, буурны дүрслэл бүхий бүтээлүүдээ арав гаруй жилийн турш туурвиж, олны танил болсон. Эдгээр дүрслэлүүд түүний хувьд байгаль дэлхийтэй харьцах харьцаа, салхи, агаар, эр хүний хийморь лундаа зэргийг илэрхийлдэг байна.

Төв аймгийн Зуунмод хотод 1979 онд төрж өссөн тэрбээр хөдөө нутаг, байгаль, нүүдлийн ахуйтай ойр амьдарч, бага насандаа үзэж туулсан бүхэн нь түүний бүтээлд нөлөөлсөөр иржээ.

Чадраабалын аав Адъяабазар Монголд нэртэй зураач ба хүүгээ уран бүтээлч болоход нь ихээхэн нөлөө үзүүлсэн аж.

Багшийн дээд сургуулийн уран зургийн ангийг 2001 онд дүүргэсэн цагаас хойш уран бүтээлч Чадраабал нь бие даасан үзэсгэлэнгээ Монгол, Франц, Герман, Хятад, Солонгос, Орос, Авсрали, Арабын Эмират улсуудад 15 удаа зохион байгуулж, Монгол Япон, Румын, Сингапур, Хятад, Орос, Бангладеш, Тайланд, Тайван, Герман, Францад зохион байгуулагдсан 50 гаруй хамтарсан үзэсгэлэнд бүтээлээ дэлгэн үзүүлсэн юм.

“Мяндаг” бие даасан үзэсгэлэнгээр түүний сүүлийн нэг жилд туурвисан абстракт бүтээлүүдийг дэлгэжээ.

Чадраабалын өмнөх бүтээлүүд илүү дүрслэл дээр тулгуурласан, бэлэгдлийн чанартай байсан бол шинэ ажлуудаас нь өнгөний тоглолт, хэмнэлийг илүү мэдрэх боломжтой.

Германы уран бүтээлч Герхард Риштерийн арга техникийг нарийн судалж, бэхээр зурах монгол арга ажиллагааг хослуулан туурвисан эдгээр бүтээлээс уран бүтээлчийн өдөр тутмын амьдрал, сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг өнгө, хэмнэл бүрээс нь уншиж болно. 

А.Чадраабал уран бүтээлээ туурвихын зэрэгцээ 2001-2007 онд Монгол улсын Боловсролын их сургуульд Дүрслэх урлагийн тэнхмийн багш, 2004-2009 онд МУЭ-ийн Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэгч гишүүн, тэргүүн, 2009-2013 онд Монголын уран зургийн галерейн захирал, 2010-2013 онд МУЭ-ийн Хорооны тэргүүлэгч гишүүн, Азийн урлагийн музейн захирлуудын холбооны гишүүнээр тус тус ажилласан. Урлаг судлалын ухааны  магистр цолтой тэрээр одоо Азийн уран бүтээлчдийн холбооны монгол дахь зөвлөлийн тэргүүн, 2013 оноос Олон улсын уран бүтээлчдийн Монголын холбооны тэргүүнээр ажиллаж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

А.Чадраабал “Мяндаг” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ дэлгэжээ  
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй