Шууд Chart

Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар ОХУ-ыг зорих бэлтгэлээ базаасаар...

2018-05-21 13:45:45

ОХУ-д ирэх зургадугаар сард "Хөлбөмбөг нөхөрлөлийн төлөө" олон улсын фестивальд оролцох залуу сэтгүүлч Ш.Эрхэс, тоглогч Э.Даринчулуун нар Монголынхоо алдар хүндтэй хүмүүстэй уулзалт, ярилцлага хийлээ.

Эх орноо дэлхийн 210 улсын хүүхдэд танилцуулах хоёр хүү 2008 оны олимпийн наадмын аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Уугантай уулзсан юм.

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж буй Э.Бадар-Ууганаас тэд тэсвэр тэвчээр, тууштай байдлын талаар сонсохыг хүссэн тул “Бокс бол тулааны спорт. Үүгээр хичээллэхэд танаас ямар их тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг шаардсан бэ. Олимпийн аварга болтлоо тууштай байсны нууц нь юу вэ” зэрэг чухал асуулт тавьж байв.

Залуу төлөөлөгчид ярилцлагадаа зөвхөн спортын төдийгүй Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувдтай уулзахдаа урлагийн хүний амттай яриа хийлээ. Н.Сувд оролцогч нарт хандан "Дуртай зүйлээ урлагийн хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх хэрэгтэй. Пеле, Марадона зэрэг алдартай хөлбөмбөгчийн уран тансаг хууралт, бөмбөг эзэмшиж байгаа нь надад яг л урлаг шиг санагддаг" хэмээн ярьсан нь хөвгүүдийн сонирхлыг ихээхэн татав.

Үүний дараа хөвгүүд ногоон талбайдаа ирж, хөлбөмбөгийнхөө төлөөлөгчидтэй уулзалдлаа. Өнгөрсөн жил гайхалтай амжилт үзүүлэн, оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчин шагналыг хүртсэн Г.Цолмонтой уулзаж эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ирээдүйг хэрхэн дүгнэж байгаа, охид хөлбөмбөг тоглох нь хөвгүүдээс хэр өөр байдаг талаар сонирхон асуув.

Г.Цолмон “Эмэгтэй хүүхэд хөлбөмбөг тоглохын тулд маш олон зүйлийг даван туулах хэрэгтэй болдог. Эрэгтэй хүүхэд хөлбөмбөг тоглож байгаагаас өөрөөр хүлээж авдаг учраас бид илүү их хичээх хэрэгтэй болдог” гэв.

Дашрамд дуулгахад ирэх есдүгээр сард 16 хүртэлх, арваннэгдүгээр сард 19 хүртэлх насны охидын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд хүч үзэх билээ.

Манай оролцогчдыг хүлээн авч уулзсан сүүлийн хүндэт эрхэм бол МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар байлаа.

Хөвгүүд маань хэдийгээр 12 настай ч гэлээ Монголын хөлбөмбөгийн хөгжлийн бодлого, зорилгын талаар ул суурьтай, чухал асуулт тавьж, үнэтэй мэдээлэл олж авав. Мөн түүнээс зөвхөн хөлбөмбөгийн талаар төдийгүй, сайн хүн, сайн эр хүн байхад юу шаардлагатай байдаг талаар лавлаж, үлгэр дуурайлал авахыг хүссэнээ хэлж байсан юм. Ш.Эрхэс, Э.Даринчулуун нарын ярилцлага хийх хүмүүсийн сонголт, асуултууд зэрэг нь Монгол Улсыг төлөөлж явах хариуцлагаа ойлгосон, эх орноо сурталчлах, мөн бусдаас үлгэр дуурайл авч өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн урам зоригтой байдлын нотолгоо боллоо.

Хөвгүүддээ Монголынхоо охид хөвгүүдийн түүчээ нь болж олон улсын үйл ажиллагаандаа амжилт оролцохыг хүсэе.

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Эрхэс, Э.Даринчулуун нар ОХУ-ыг зорих бэлтгэлээ базаасаар...  
Үзсэн: 1477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй