
“Бяцхан сондор” цэцэрлэгийн төгсөлтийн баяр өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо. Хүүхэд багачууд цэцэрлэгтээ сурч мэдсэнээ олон зуун хүүхдийн урлагийн наадам, уралдаан болдог өндөр тайзнаас аав, ээж, өвөө, эмээдээ сонирхуулсан юм. Тодруулбал хөвгүүд, охид “Унага”, “Ботго” шүлгийг тус тусдаа уншсан бол нийтээрээ “Монгол ухаан” шүлэг, “Хувирашгүй тоолол” дууг сонордуулав.
Зарим нь дуулж байхдаа хажуу дахь хүүхдээ татах, хуруугаараа хатгах, инээлдэх зэрэг хөгжилтэй зүйл гаргаж, үзэгчдийг инээлгээж байв. Харин тэд өөрсдөө мэдэж байгаа юм алга.
Ямартай ч хүүхдүүдээ унших, тоо бодох, дуулах, бүжиглэх гэх мэт олон зүйл сурсанд аав, ээжүүд нь уг цэцэрлэгийн хамт олондоо талархсанаа илэрхийлж байв.
“Бяцхан сондор” цэцэрлэгийн эрхлэгчээр Б.Төгсжаргал хэмээх бүсгүй ажилладаг юм билээ. Хүүхдүүдээ дуулж, бүжиглэж байхыг хараад дагаж инээж байгаа нь тэдэндээ ямар их элэгтэй байгаа нь илт.
Уг цэцэрлэгийн удирдлагууд энэ жил анх удаа Монголын хүүхдийн ордонд төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа гэнэ. Харин өмнөх дөрвөн жил зөвхөн төв салбартаа зохион байгуулдаг байжээ.
Үйл ажиллагааны төгсгөлд сертификат гардуулах ёслол болж, бэлэг гардуулсан юм. Хүүхэд бүр шилдэг хүүхэд гэсэн медаль, тууз зүүсэндээ ч урамшиж, эрдмийн их далайд “сэлүүрээ дэлгэхэд” бэлэн боллоо.
Хүн амьдралынхаа төлөвшлийн 80 хувийг 3-5 настайдаа олж авдаг учраас тус цэцэрлэгийн удирдлагууд хүүхдүүдийнхээ төгсөлтийг их сургууль төгсч байгаа мэт хүндэтгэж, баяр хүргэдэг гэв.
Ийнхүү анги удирдсан багш, зарим аав, ээжийн сэтгэгдлийг сонссон юм.
Б.Энхдэлхий: Төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа шавь нартаа аз жаргал хүсэе
Бэлтгэл бүлгийн багш.
-Манай цэцэрлэг байгуулагдаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Төв салбар маань “Жаргалан” хотхонд байрладаг бол хоёр дахь салбар Зайсан дахь “Гэрэлт” хотхонд. Манай анги нийт 29 хүүхэдтэйгээс 26 нь энэ жил төгсч байна. Энэ дашрамд манай ангийн Г.Соёл-Эрдэнэ гэдэг охин “Шинэ Монгол” сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчдийн шалгалт өгөхдөө нэгдүгээр байр эзэлсэн явдалд бид тун их баяртай байгаа. Манай цэцэрлэг нийт 150 орчим хүүхэдтэй. Үүнээс төв салбартаа 100 гаруй, хоёр дахь салбартаа 40 орчим хүүхэд хүмүүжүүлдэг. Харин багш, ажилчдын хувьд 20 гаруй. Өнөөдөр төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа бяцхан хөөрхөн үсийнхээ цаашдын сурлага хөдөлмөр, амьдралд нь улам их аз жаргал хүсэе ээ. Мөн бидэнтэй үргэлж хамтран ажилладаг эцэг эхчүүд та бүхэнд талархлаа дахин илэрхийье.
Г.Ган-Эрдэнэ: Охинд маань их зүйл сургасан “Бяцхан сондор” цэцэрлэгийн хамт олонд баярлалаа
“Шинэ Монгол” сургуулийн элсэлтийн шалгалтанд түрүүлсэн Г.Соёл-Эрдэний аав:
-“Шинэ Монгол” сургуулийн элсэлтийн шалгалтанд охиноо түрүүлсэн гэдгийг анх сонсоод маш их баярласан. Уг шалгалт сар гаруйн өмнө болсон бөгөөд явагдах болсныг нь зар мэдээнээс сонсч, охиноо бүртгүүлсэн. Дээрх шалгалтанд нийт 1300 гаруй хүүхэд орсон юм билээ. Гэхдээ манай охины шалгалт өгсөн нэгдүгээр салбарт 700 гаруй хүүхэд өрсөлдсөн гэсэн. Биднийг бүртгүүлхээр очиход “Эхний 60 хүүхдийг сургуульдаа элсүүлнэ” гэхэд нь би охиноо “60-д нь багтаасай” л гэж бодсон. Гэтэл түрүүлчихдэг байгаа.
Г.Соёл-Эрдэнэ аав, ээж, дүүгийнхээ хамт.
Шалгалтын дараа нь би хоёр дахь салбарт нь шалгалт өгч түрүүлсэн хүүхдийн оноог харахад манай охиныхоос доогуур оноотой байна билээ. “Шинэ Монгол” сургуулийнхан бидэнд яг тийм юмны талаар шалгалт авна гэж хэлээгүй. Гэхдээ миний бодлоор авьяаслаг байдал, тусч зан зэрэг энгийн арга барилаар шалгалт авсан болов уу. Охинд маань тийм их зүйл зааж, сургасан “Бяцхан сондор” цэцэрлэгийн хамт олонд баярлалаа.
Б.Баярмаа: Манай хүү гурван оронтой тоо бодож, 35 үсгээ цээжилж, сайн уншдаг болсон
“Бяцхан сондор” цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн Ч.Чинтулгын ээж
-Манай хүү дөрвөн настайгаасаа “Бяцхан сондор” цэцэрлэгт явсан. Олон сайхан зүйл сурсанд нь манай гэр бүл баяртай байдаг. Монголчууд бид
Хүн болох багаасаа
Хүлэг болох унагнаасаа ... гэж ярьдаг. Тэр жишгээр дээрх цэцэрлэг миний хүүд их зүйл сургасан. Хүү маань ирэх намар дунд сургуульд орохдоо бэлтгэлээ сайн хангасан. Зарим нэгдүгээр ангийн хүүхэдтэй багш, эцэг эх ажиллахад нэлээн хүндрэлтэй байдаг. Тэгвэл манай хүү гурван оронтой тоо бодож, 35 үсгээ цээжилсэн. Мөн сайн уншдаг болсон. Түүнчлэн хүн байх суурь хүмүүжил сайн суусан. Хүнээс юм авбал “Баярлалаа” гэж хэлж, таньдаг хүнтэйгээ тааралдвал “Сайн байна уу” гэж мэндэлдэг болсон. Өнөөдрийн арга хэмжээг үзэж суухдаа би үнэхээр их догдлолоо. Хүүхэд тус бүрт нь зориулж альбом хүртэл бэлтгэсэн байна. Цэцэрлэгт анх орсноосоо өнөөг хүртэл ангидаа ямар байдалтай байдаг, юу хийдэг зэрэг чөлөөт байдлыг нь бидэнд хэлэлгүй гэрэл зургийн хальсанд буулгаж, энэ альбомд багтаасан нь гэнэтийн бэлэг болж чадлаа. Эцэг эх бид хүүхдээ өглөө хүргэж өгч, орой авдаг л болохоос цэцэрлэгдээ чухам юу хийж өнгөрүүлдэгийг нь мэддэггүй шүү дээ. Хамгийн гоё зүйл нь ангийнх нь багш миний хүүгийн тухай тодорхойлсон захиа илгээсэн байна. Би ах, эгч хоёрыг нь цэцэрлэгт хүмүүжүүлж байхад ийм юм лав үзээгүй. Шинэлэг санаа байлаа.
Ийнхүү уншигч танаа фото сурвалжлагыг хүргэе.
“Бяцхан сондор” цэцэрлэгийн төгсөгч "Шинэ Монгол" сургуулийн шалгалтанд 1300 гаруй хүүхэдтэй өрсөлдөж, түрүүлжээ | ||
Үзсэн: 5105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.