
Завхан аймгийн Засаг даргын нэрэмжит “Хаврын баяр-2018” урлаг, спортын их наадамд 2000 гаруй тамирчин, ардын авьяастан оролцлоо
Уг наадам нь 16 дахь жилдээ болсон бөгөөд эхний шатны шалгаруулалт буюу бага наадмыг 24 суманд зохион байгуулсан бол хоёрдугаар шатны шалгаруулалтад сумдаас шалгарсан баг тамирчид, ардын урлагийн авьяастнууд оролцож шилдгүүдээ тодрууллаа.
“Хаврын баяр” урлаг, спортын наадам нь үндэсний спорт, урлаг соёлын ёс уламжлалыг залуу үеийнхэнд өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Энэ жилийн наадмын спортын төрөл болох үндэсний бөх, сурын харваа, хасаа харваа, сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, даам, ширээний теннис, шагайн наадгайн тэмцээнүүдэд 1600 гаруй тамирчин оролцлоо.
Харин урлагийн таван төрөлд 400 гаруй ардын авьяастан оролцлоо. Гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнд сум бүр хоёроос илүүгүй лигонер тамирчин оролцуулж, Олон улсын хэмжээний мастер цолтой таван тамирчин, спортын мастер цолтой 50 гаруй тамирчин оролцсон нь наадмыг илүү өргөн дэлгэр, өрсөлдөөнтэй болголоо.
“Хаврын баяр” наадмын урлагийн төрөлд уртын дуу, ардын дуу, язгуур урлагийн төрлийг оролцуулснаар уламжлалт урлаг соёлоо сэргээн хөгжүүлэх үндсийг тавилаа.
Тухайлбал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зууны манлай бүжиг дэглээч Сэвжидийн “Хөдөөгийн залуус” бүжгээр 24 сум өрсөлдсөнөөр тус бүжгийг 192 бүжигчин зэрэг бүжиглэх боломжтой боллоо. Мөн “Өсвөрийн морин хуурчдын зургадугаар уралдааныг урлагийн нэг төрөл болгон зохион байгуулж, сум бүрээс шалгарсан 200 гаруй морин хуурч оролцлоо.
Үндэсний сурын спортыг хөгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар сум бүрт сургалт зохион байгуулж 1600 гаруй иргэн хамрагдсан бол 24 суманд зохион байгуулсан “Амжилтын гараа” харваанд 1111 харваач оролцсон юм.
Тэгвэл “Хаврын баяр” урлаг, спортын наадмын үндэсний сурын харваанд сум бүрээс шалгарсан шилдэг 120 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Нэгдсэн дүнгээр Тосонцэнгэл сум тэргүүлсэн бол дэд байрт Улиастай сум, гуравдугаар байрт Тэс, сум, тусгай байрт Дөрвөлжин, Идэр, Алдархаан сум шалгарлаа. Шилдэг тамирчид ирэх наймдугаар сард болох Монголын үндэсний спортын зургадугаар наадамд аймгаа төлөөлөн оролцох юм.
Завханд “Хаврын баяр-2018” урлаг, спортын их наадам боллоо | ||
Үзсэн: 863 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.