Шууд Chart

Н.Төгсцогт Колумбын боксчинг илт илүүрхэж ялав

2018-05-28 09:11:58

Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд есөн тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулаад байсан билээ. Тэгвэл тэрбээр арав дахь тулаанаа тавдугаар сарын 26-ны өдөр Колумбын боксчин Оскар Эскандонтой хийж ялалт байгууллаа. Энэхүү тулаан АНУ-ын Миссиссиппи мужийн Билокси хотод болсон юм.

10 үе үргэлжлэх байсан тулааны эхнээс Н.Төгсцогт илүүрхэж гуравдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч, элэг нэгтнүүдээ баярлуулав.  

“King Tug” Н.Төгсцогтын өрсөлдөгч Оскар Эскандон сонирхогчдын боксоор 2004 оны Афины олимпод оролцож байжээ. Мөн 2008 оноос хойш мэргэжлийн рингэнд 28 тулаан хийж, 25 удаа ялалт байгуулж, гурван удаа ялагдсан байна. “Дайчин” хочит Эскандон 2014 оны арванхоёрдугаар сард WBO-ийн хагас хөнгөн жингийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан байна. 

Н.Төгсцогт энэ удаагийн тулаанд өмссөн чамин хар өмсгөлдөө Д.Банди агсны хөргийг залсан нь анхаарал татлаа.

Боксын замд хөтөлж, амжилт өөд дагуулсан дасгалжуулагч багш Д.Банди агсны хөргийг зүрхэн тус газраа хэвлэж, шорт дээрээ “R.I.P Coach D.Bandi” хэмээн бичжээ.

Хүнд өвчний улмаас өнгөрсөн нэгдүгээр сард таалал төгссөн багшийнхаа дурсгалд зориулж шавь нь ийнхүү хүндэтгэл үзүүллээ.



Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Төгсцогт Колумбын боксчинг илт илүүрхэж ялав  
Үзсэн: 1289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй