Шууд Chart

“Сэцэн ханы дуулал” дууны клип тун удахгүй гарахаар болжээ

2018-06-06 09:15:50

Монголын дууны урлагт шинээр орж ирж байгаа дуучин М.Золжаргалыг сонсогч олон түмэн “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран дуулсан “Хайрын хурим” дуугаар нь андахаа байжээ.Түүний удаах бүтээл ямар байх бол, ямар сюрприз барих бол гэсэн үзэгч, сонсогч фэнүүдийн хүлээлтийг тэр ер гонсойлгохыг хүсэхгүй байгаа бололтой.

Угийн дайчин шаргуу залуу дуучин бүсгүй М.Золжаргал “Сэцэн ханы дуулал” дууны клипныхээ ажлыг удирдан зохион байгуулж, дууныхаа шүлэгт дурьдагдсан зүүн гурван аймгийн үзэсгэлэнт газруудаар Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Б.Хонгорзул, дуучин Д.Осгонбаяр нарыг дагуулан өргөн бүрэлдэхүүнтэй яваад иржээ.

Дууг дүрсжүүлэх зураг авалтын баг Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар явахад дандаа хур бороо таарч байсныг угтан авсан нутгийн найз нөхөд, уран бүтээлчид нь “Хур дагуулан ирлээ” хэмээн ихэд билигшээн хүлээн авчээ. Хур дагуулсан дууны бичлэг, зураг авалт, аян зам нар хур тэгшрэн сайхан байсанд уран бүтээлчид, дуучид маань урам зоригтой, саад бэрхшээлгүй сайхан яваад ирснээ өөр өөрсдийн нүүр хуудаснаа сэтгэгдлээ оруулсан байна.

Энэхүү дууг хамтран дуулсан Б.Хонгорзул, М.Золжаргал, Д.Осгонбаяр нар удахгүй клипнийхээ нээлтийг хийх бөгөөд албан ёсоор орон даяар түгээх саналыг нэлээн хэдэн телевиз дуучин М.Золжаргалд ирүүлээд байгаа гэнэ.

Сонирхуулахад дууны аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн "Хоовон" С.Энхбаяр, шүлгийг яруу найрагч Д.Ган-Очир бичжээ.

 



Нийтэлсэн: У.Баярсайхан

“Сэцэн ханы дуулал” дууны клип тун удахгүй гарахаар болжээ  
Үзсэн: 1176 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй