
Швейцарь Улсад болсон буудлагын армийн ДАШТ-ий 25 метрийн гар бууны дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа түрүүлж, дэлхийн аварга болсон билээ.
Гэвч түүний амжилтыг харамсалтай нь хүчингүйд тооцон, алтан медалийг нь хураажээ. Учир нь тэрбээр хүзүүндээ лент нааж байгаад ДАШТ-д оролцсон нь тэмцээний дүрмийг зөрчсөн үйлдэл болсон гэв. Ингэснээр мөнгөн медаль хүртсэн БНХАУ-ын тамирчин Яо Юши түрүүлж, ХБНГУ, ОХУ-ын мэргэн буучид мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
О.Гүндэгмаагийн гэр бүлийн хүн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар энэ талаар “Халз тулаан, бөхийн спортод л шүүлтийн будлиан гардаг юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл үгүй юм байна. Буудлагын спортод ч бас тийм зүйл байдаг юм байна. Өвдсөн хүзүүндээ жижиг лент наагаад ДАШТ-д оролцтол оноог нь тэглэчихлээ. Тэмцээн дууссаны дараа гэнэт ийм шийдвэр гаргах гэж. ДАШТ-ий өмнө яагаад сануулаагүй юм бэ. Тэртээ, тэргүй шалгаж байгаад өрсөлдүүлсэн байж. Монголын буудлага, спортын холбооныхон шинэ дүрмийг тамирчдадаа цаг тухайд нь танилцуулах учиртай биз дээ. Тамирчид энэ мэтчлэн хохирсоор байх уу. Бидний цөөхөн Монголчууд хаана ч, аль ч спортод ад үзэгдэх юм даа” хэмээн бухимджээ.
Тэгвэл Монголын буудлага, спортын холбооныхноос тодруулахад “Тийм харамсалтай зүйл болсон нь үнэн. Тамирчид армийн ДАШТ-д өөрийн улсын буудлага, спортын холбооны шугмаар бус Батлан, хамгаалах яамаараа дамжуулан оролцдог. Тэгэхээр энэ тэмцээнийг Олон улсын буудлага, спортын холбооноос зохиогоогүй гэсэн үг. Манай холбооны шугмаар өрсөлдөөгүй, бид хамт яваагүй болохоор зөв, буруу гэдэг талаас нь ярихгүй. О.Гүндэгмаа, дасгалжуулагч Л.Ундралбат нарыг Монголд ирэхээр нь тодруулж, илүү бодит мэдээлэл авах нь зүйтэй болов уу. Өмнө нь манай тамирчид лентнээс болж амжилтаа хураалган, оноогоо тэглүүлж байгаагүй” гэв.
Хүзүүндээ лент нааснаас болж О.Гүндэгмаа алтан медалиа хураалгажээ | ||
Үзсэн: 5272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.