Шууд Chart

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 18 дахь дугаар уншигчдад хүрлээ

2018-06-15 10:33:12

Уран зохиолын шилдэг цоморлиг “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 2018 оны зуны дугаар уншигчдын гарт хүрлээ. Бид тус сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч СГЗ, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.

-“Улирал ба Зохиолч” сэтгүүл 5 дахь жилдээ гарч байна. Зуны энэ дугаар хэд дэх нь вэ?

-2018 оны бол хоёр дахь дугаар, харин  сэтгүүл гарч эхэлснээс тооцвол 18 дахь дугаар  нь даа. Бид 25 дахь дугаарынхаа баярыг уншигчидтайгаа тэмдэглэнэ гэж  төлөвлөсөн шүү.

-Энэ дугаарт ямар сонин сайхан уран бүтээлүүд тавигдсан бэ?

-Төрийн гурван удаагийн шагналт  эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн  абугайн  зохиолуудаа хэрхэн бичсэн тухай  сонирхолтой  яриа, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын шинэ шүлгүүд,  яруу найрагч Г. Мэнд-Ооёогийн  О. Дашбалбарын тухай хөрөг, МЗЭ-ийн шагналт зохиолч Ш.Сүрэнхорын  “Ичээний хүн” шинэ тууж,  яруу найрагч Т.Очирхүүгээс  зохиолч Н.Даваадашид бичсэн захидал, яруу найрагч, судлаач Г.Бямбажавын “Цаг улиралын гилбэлгээн доор...” гэсэн   нэртэй   шүүмж гээд  машид сонирхолтой  шинэ содон, сонин, уншууртай бүтээл туурвилууд энэ дугаарт  гарсан шүү. Сонгож, онцолж хэлж байгаа юм биш бүгдийг нэрлэх нь  цаг их орно л доо.

-Энэ дугаарт Нобелийн шагналт зохиолчийн ярилцлага орсон байж таарна даа...

-Оролгүй яах вэ. Бид чинь дугаар болгондоо хэн нэгэн нобелийн шагналтны ярилцлага оруулах гэж ихэд хичээдэг, оруулдаг ч. Энэ нь зохиолчиддоо , тэр тусмаа залуу зохиолч, яруу найрагч нартаа   дэлхийн  шилдэг зохиолчдын  уран бүтээлийн лаборторид нэвтрэх  боломж   олгож байгаа хэрэг  шүү дээ. Уран зохиолын академик боловсрол хэрэгтэй байна л даа. Дан ганц авьяасаар жигүүр хийгээд хол нисэхгүй...  Энэ дугаарт  2016 оны Нобелийн  шагналт Америкийн яуу найрагч, дуучин  Боб Диланы ярилцлага орж байгаа.  Түүнд  энэ шагналыг  “Америкийн  аугаа уламжлалт дуунд яруу найргийн шинэ илэрхийллийг буй болгон оруулж ирсний учир”  олгож байна гэж онцолсон байдаг. Тун сонирхолтой ярилцлагыг АНУ-д суугч зохиолч, яруу найрагч Л.Батбаяр манай сэтгүүлийн захиалгаар  бэлтгэж ирүүлсэн юм.

- “Сонгодог зохиолчдын бүтээл” гэсэн булан байдаг...

-Манай сэтгүүлийн байнгын булан л даа. Энэ удаа  Английн сонгодог зохиолч  Уильям Веймарийн  “Сармагчингийн сарвуу” гэсэн аймшгийн өгүүллэг нь орсон.  Уншиж байхдаа би айдаст автсан. Ер нь больдог ч юм уу гэж бодсон. Гэтэл энэ өгүүллэг чинь дэлхийд алдашсан өгүүллэг шүү дээ. Энэ   өгүүллэг нь л  түүнийг дэлхийд алдаршуулсан юм. МОЭ-тэй хамтарч бэлтгэдэг энэ булан  байнгын уншигчдын минь дуртай булангийн нэг . Тэрчлэн “Сондор” “Сүүтэй дөрөө”, “Өгүүллэг”, “Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг” , “Монгол туургатны яруу найраг”, “Аян замын тэмдэглэл”, ”Гэрэл зураг он цаг”  гэсэн булангуудад ч манай уншигчид дуртай. Тухайлбал, “Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг”  буланд Францад суугч, зохиолч  Х.Болор-Эрдэнийн орчуулгаар Францын алдарт яруу найрагч  Альфред Дө Мюссегийн  Гуниг  нэртэй шүлэг франц, монгол  хэлээр  тавигдсан бий, ер нь дугаар болгондоо  дэлхийн алдартай найрагчдын шүлгийг  эх болон монгол хэлээр зэрэгцүүлэн тавьдагийг манай залуу орчуулагчид  сайн мэднэ дээ.

-Манай сумын  соёлын төвийн номын санд  танай сэтгүүл хүрдэг болсон байна билээ, ер нь олон сумд очиж байна уу?

-Чи гоё мэдээ дуулгалаа. Баянхонгор аймгийн  бүх сумдын номын  санд  манай сэтгүүл хаврын дугаараасаа  эхлээд хүрч байгаа, Өмнөговийн бүх сумд, сургуулиудад энэ зуны дугаараасаа эхлээд хүрнэ,  мөн БСШУС-ын  яамнаас зарласан төсөлд  “Улирал ба Зохиолч” сэтгүүлээс оруулсан төсөл минь шалгарч  111 сумд бүтэн жил хүргэгдэхээр боллоо. Ингэснээр 330 сумд сэтгүүл минь хүрч  эхэллээ. Энэ бүхэн сэтгүүлийн хамт олон бидний  урам зоригийг сэргээж байна. Тийм болохоор АНУ-д суугч, оюунлаг бүсгүй , жүжигчин В.Наран-Амгалан, шинэчлэн тэмүүлэгч Ц.Цогцолмаа сайдтай БСШУСЯ-ны хамт олон, бүтээн байгуулагч Оюутолгой  компанийн хамт олонд талархах учиртай.

-Энэ дугаарын онцлох зохиолч болон онцлох номыг нэрлэнэ үү?

-Зуны дугаарын  онцлох зохиолчоор  Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор,  эрдэмтэн яруу найрагч Сэндэнжавын Дуламыг тодрууллаа. Тэрбээр Ардын  багш  цол хүртээд удаагүй байна. Онцлох номоор Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч Долгорын Цэнджавын "Цэвдэг жаран" оманыг тодруулан нэрлэв.


“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн 18 дахь дугаар уншигчдад хүрлээ   
Үзсэн: 2052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Т.Бямбадорж [66.181.185.xxx] 2018-08-25 17:23
Сайн байна

Бидэнтэй нэгдээрэй