
2018 оны наймдугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулж, эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийн, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгдлээ. 8 настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай томорсон гэсэн зовууртайгаар эмнэлэгт ханджээ.
Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна.
Тухайн тохиолдолд сэжигтэн ээж аавын хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байгаа нь хэрэв өвчилсөн бол хэчнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй бөгөөд түүнээс гарах хор хохирол асар их юм.
Хуулиар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй байгаа, Нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол харууллаа. Иймд хууль хяналтын байгууллагууд ард иргэд хамтран ажиллаж аюулт өвчний эрсдэлээс сэргийлэх нь чухал юм.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрлээ | ||
Үзсэн: 1890 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.