
Азийн наадмын чөлөөт бөхийн 57 кг-ийн жинд барилдсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Бэхбаяр алтан медалийн төлөө БНАСАУ-ын бөх Кан Кум Сонг-той барилдаж, онооны илт давуугаар ялалт байгууллаа.
Тэрээр энэ удаад тойрогтоо Тажикстан, Өмнөд Солонгос, Узбекистаны бөхчүүдийг оноогоор илүүрхэн ялж, хагас финалд Ираны бөхтэй учраа таарч 2:8-аар ялалт байгуулан, алтан медалийн төлөө барилдахаар болсон юм. Тэрээр ийнхүү тус наадамд жиндээ аваргалж, Азийн спортын 18-р их наадамд оролцож байгаа манай баг тамирчдын медалийн салхийг хагаллаа.
Азийн спортын их наадмын чөлөөт бөхийн 97 кг-ын жинд барилдсан спортын мастер, Үндэсний шигшээ багийн тамирчин Ө.Батзул эхний тойрогт Узбекистаны бөх Алментай Бакдаулетыг ялсан ч, дараагийн тойрогт БНСУ-ын бөхөд ялагдаж, энэ удаагийн тэмцээнээ өндөрлөв.
Мөн тус наадмын чөлөөт бөхийн 65 кг-ын жинд өрсөлдсөн Азийн АШТ-ний хошой хүрэл медальт тамирчин Б.Батмагнай эхний тойрогтоо Непалын бөх Ядов Сарожийг 10:0, дараагийн тойрогт Умард Солонгосын бөх Ким Кук Гванг-ийг 4:3-аар тус тус ялсан ч, хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй учраа тааран ялагдал хүлээлээ. Тус жинд Энэтхэгийн бөх Бажранг Бажранг алтан медаль хүртсэн байна.
Чөлөөт бөхийн 74 кг-ын жинд зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, 2010 оны Азийн наадмын аварга Г.Мандахнаран тойрогтоо БНХАУ-ын бөх Ву Вэй-г 4:8-аар ялж, дараагийн тойрогт Японы бөхтэй учраа таарч, ялагдал хүлээснээр энэ удаагийн тэмцээнээ өндөрлөв.
Чөлөөт бөхийн 86 кг-ын жинд барилдсан Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, цэргийн дэлхийн аварга "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ О.Үйтүмэн таван барилдаан хийж хүрэл медаль хүртлээ.
Тэрээр БНХАУ-ын Би Шенфенг, 1/8 шигшээд Туркменистаны Азат Гажиев нарыг тус бүр цэвэр, шөвгийн наймд “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга Узбекистаны Рашид Курбановыг 6:2-оор ялсан ч хагас шигшээд олимп, дэлхийн аварга Ираны Хассан Язданид оноогоор (2:12) цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Энэтхэгийн Паван Кумарыг 8:1-ээр ялсан юм.
Э.Бэхбаяр Азийн спортын наадмын аварга боллоо | ||
Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.